Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын аймгийн алдарт уяач Д.Бямбадорж
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын аймгийн алдарт уяач Д.Бямбадорж Онгийн голын Улааннуурын хөвөөнд төрж, өссөн. Аав нь багийн дарга, тоо бүртгэгч, агент ажилтай, ээж нь нягтлан хийдэг малчин гаралтай сэхээтэн хүмүүс ч гэлээ түүний хувьд эмээ дээрээ хөдөө өссөн болохоор зургаадугаар ангиа төгсөөд мал дээр гарчээ. Энэ цагаас хойш тэмээ маллаж, уяж, уралдуулж, аймагтаа таван удаа айрагдаж, бүсийн наадмуудад нэг түрүү, арав гаруй айраг хүртсэн амжилтаар 2019 онд аймгийн алдарт уяач цол хүртсэн байна. Мөн тэмээ уяж, уралдуулахын зэрэгцээ өөрийн сонирхлоор морь уяж, сумын алдарт уяач болсон шударга, хөдөлмөрч малчдын төлөөлөл юм. Гэхдээ Д.Бямбадорж 2011 оноос хойш морь, тэмээ аль алиныг нь уяхаа больж, тэмээний баяр наадамд оролцож, шагай шүүрэх, буухиа болон тэмээ туйлуулах тэмцээнд оролцох зэргээр сумын залуусдаа үлгэр дуурайлал үзүүлж яваа нэгэн. Түүнийг энэ жилийн “Түмэн тэмээний баяр-2024”-т оролцож явахад нь уулзаж ярилцсанаа хүргэе.
- Тэмээ, морь зэрэгцүүлж уяхад их хөдөлмөр, зүтгэл шаарддаг байх даа?
- Их хөдөлмөр орно. Тэмээг намар есдүгээр сараас эхлээд барьж, уяж сойгоод эхэлнэ. Тэгээд өвөл нь уралдана. Хавар болохоор морь руугаа орно шүү дээ. Би тэжээлээр уяхыг мэдэхгүй. Тэжээлээр морь, тэмээ уяж, уралдуулж байгаагүй. Ногоон өвсөөрөө л уядаг байсан. Жилдээ ганц, хоёр ихдээ хоёр, гурав л уралдана шүү дээ. Одоо тэжээлийн болоод ирэхээр жилдээ олон уралддаг болсон байна.
- Та 2011 оноос хойш морь, тэмээ аль алиныг нь уяагүй юм байна. Тэр үеийг одоо цагтай харьцуулбал ямар өөрчлөлт гарч байна вэ?
- Эрлийз тэмээ л жаахан түрээд байна даа одоо. Монгол тэмээгээ өсгөж үржүүлье гэж зорьж байвал монгол тэмээгээ уралдуулах талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Хэдхэн хүн дан эрлийзээр дагнаж уралдаад тэрийг нь монгол тэмээ гүйцэхгүй байна. Тэгээд монгол тэмээ уядаг хүн гэж байхаа болилоо. Ингэхээр монгол тэмээгээ эдэлдэг хүн гэж байхаа болино. Уг нь хамгийн тэсвэр тэвчээртэй мал чинь монгол тэмээ шүү дээ. Зуд зурхан болоход эрлийзүүд чинь л түрүүлээд үхнэ. Адуу ч ялгаа байхгүй. Ноос муутай, тийм хэврэг амьтан байхгүй юу.
- Тэмээг эрлийзжүүлдэг тухай огт сонсож байгаагүй юм байна. Хаанаас, яаж эрлийзжүүлдэг гэсэн үг вэ?
- Тэмээ чинь энэ хавтгайнаас эрлийзчихэж байгаа юм. Хавтгайн буур монгол ингэнд ороод эрлийз тэмээ гараад ирнэ. Адуугаар хэлбэл 50 хувьтай гэх юм уу даа. Тэгээд эрлийзээсээ дахиад төл гараад ирэхээр хурлийз болоод явчихна. 25 хувьтай гэсэн үг.
- Албаар эрлийзжүүлж байна гэсэн үг үү?
- Тийм, албаар л гэсэн үг шүү дээ. Анхандаа эрлийз тэмээ хээрээр хавтгайн бууртай нийлээд эрлийзчихэж байгаа юм л даа. Тэрийг нь унаж, уралдуулж үзээд хурдан болохоор нь албаар эрлийзжүүлж уралдуулж байна.
- Хурдан байх нь ээ?
- Хурдан нь бол аргагүй л хурдан. Гэхдээ тэр тэмээний чанар нь муудаад явчихаж байгаа юм. Ноосгүй, зуд зурханд хэврэг болчихож байгаа юм. Адуу ямар байдаг билээ дээ! Эрлийз цустай адуу л гэхэд цасаа цавчаад өвсөө гаргаад идчихэж чаддаггүй амьтан шүү дээ. Түүнтэй ялгаа байхгүй гэсэн үг. Ер нь хэврэг болчихож байна. Хэчнээн зуун, мянган жилээрээ шалгараад ирсэн монгол тэмээгээ эрлийзжүүлээд байхын шаардлага байхгүй. Монгол тэмээгээ л уралдуулж зонхилох нь гол юм байна гэж бодож явдаг.
Тэмээ гэдэг амьтан хүйтэн байх тусмаа гангардаг. Дулаахан байх тусам нозоороод хөдөлгөөн муутай болоод, сэргэлэн зан нь алга болдог. Өвөл цастайд их гоё, сүрлэг болдог амьтан. Өлчир болчихно. Морь шиг шөнөд нь заавал идүүлнэ гэхгүй. Арав хоног унаад явахад ус таарвал ууна, хоолгүй л явна. Хоолгүй мөртлөө өдрөөс өдөрт улам л гангараад байна. Тийм л амьтан.
- Монгол өв уламжлалаа хадгалж, хамгаалах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Түмэн тэмээний баяр” хийж байна. Гэтэл уралдаанд нь түрүүлэхийн тулд тэмээгээ эрлийзжүүлж буй нь харамсалтай юм даа?
- Морь ч гэсэн тийм болчихлоо шүү дээ. Бизнес чиглэл рүүгээ явчихсан. Мөнгө төгрөгтэй улсууд нь уралддаг болсон. Жирийн мань мэт нь эрлийз адууны үнэ ч дийлэхгүй, өвс тэжээл нь ч дийлдэхгүй байна. Ер нь монгол морь, тэмээг аль алиныг нь уяхаа больж байна. Энэ дээр л анхаарах ёстой юм. Эрлийзийг нь яахав тусад нь уралдуулдаг л юм байгаа биз. Монгол морь, тэмээг голлож уралдуулахад анхаарч ажиллавал тэмээний баярын гол юм чинь тэр шүү дээ.
- Эгэл малчин хүн тэмээгээ уяж, уралдах боломжгүй болж байна шүү дээ. Тэгэхээр баяр наадам гэхэд хэцүү юм даа?
- Ямар юмных нь баяр наадам болох вэ дээ. Хэдхэн улсуудын л наадам болсон. Хааяагүй тийм болчихоод байна. Монгол адуу, тэмээ хоёр руугаа чиглүүлж, уралдаан тэмцээнээ зохион байгуулж байх ёстой юм. Тэгвэл алсдаа өв соёлоо авч үлдэхэд их дөхөм болж ирнэ дээ.
-Та малчдад, тэмээний баяр зохион байгуулагчдад хандаж юу гэж уриалах вэ?
- Уралдах зэрэгтэй болохоор цөөхөн тэмээг цусыг нь холиод эрлийзжүүлээд тусад нь уралддаг л юм байгаа биз. Бусдаар цөм сүрэгтэй хавтгайн буурыг оруулаад бүгдийг нь цустай болгоод байвал онцгүй болно. Монгол тэмээ гэдэг утга нь алдагдаад гөрөөс маягийн юм болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уяачдадаа аль болох монгол тэмээгээ цэврээр нь авч үлдэхийг хичээ гэж л хэлж захина. Зохион байгуулагчдад хандаж монгол тэмээндээ анхаарвал хэт нь хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна даа.
- Ярилцсанд баярлалаа.