2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийт 7000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэсэн бол энэ жилийн оюутан цэргийн бүртгэл ирэх сарын нэгнээс 11-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулийн оюутнуудыг тус хөтөлбөрт хамруулж байсан. Энэ жилээс орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон аж. Оюутан цэрэг хөтөлбөрт түрүү жил 1500 оюутныг хамруулсан. Харин энэ жил нийслэл Улаанбаатар хот болон 18 аймагт суралцаж байгаа 1000 гаруй оюутан хамрагдах боломжтой аж. Сургалтыг ҮБХИС, Зэвсэгт хүчний 119 болон хөдөөгийн цэргийн ангиудын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Оюутан цэргүүд нийт 98 цагийн буюу 4 кредит хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээлүүдийг судална. Хичээл бүрийн шүүлгэнд 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар 6 дугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарах боломж бүрдэх юм.
Тавигдах шаардлагын тухайд сурлагын голч дүн 2.8-аас дээш, 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан байх ёстой аж.