Гэрэл зурагчин Тэйлор Вэйдман болон vecteezy.com-н график дизайнерын бүтээлийг татаж ашиглав.
Зудтай зэрэгцсэн сонгуулийн сурталчилгаа
Зуд болоход нохой таргалдаг
Зовлон болоход лам таргалдаг
/Монгол ардын зүйр цэцэн үг/
Энэ зүйр цэцэн үгийн утга нь ард олны гачигдал бэрхшээлийг далимдуулан ашиг хонжоо олох гэсэн санаа гэж Монгол хэлний их тайлбар толийн цахим хувилбарт тайлбарлажээ.
Монгол орны ихэнх нутгаар хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдалтай байна. Монгол Улсын Засгийн газар хуралдаж, улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд яг 10 өдөр болж байна. Эдгээр өдөр өрнөж буй улс төрийн шинж чанартай акцууд, улс төрчдийн хийж буй үйлдэл нь аргагүй л сонгууль дөхсөнийг илтгэх бөгөөд эл зүйр цэцэн үгийн утга эрхгүй бодогдох ажээ.
Хурандаа цолонд хүрсэн төрийн тусгай байгууллагын алба хаагч л өмсөх эрхтэй болдог саарал өнгийн аржгар үстэй арьсан малгай тавьсан, тэмдэглэлийн дэвтэр, бал зэхэж малчин айлын явган ширээ тохойлдон бичиж, тэмдэглэсэн, цэргийн байгууллагын алба хаагчдын өвлийн дүрэмт хувцас, шинэхэн дээлээр гангарсан эрэгтэй голдуу дарга, сайд, гишүүд, унаж яваа машин нь хөр хунгарт суулаа гэхэд ганц хүрз цас шидэж чадах эсэх нь эргэлзээтэй эмэгтэй гишүүн ч бас хурган дотортой торгон дээл өмсчихсөн зудтай аймаг, суманд ажиллаж явна гэж зурагтайгаа мэдээлснийг харах хоржоонтой юм аа.
Улсын Онцгой комиссоос өчигдөр өгсөн мэдээллээр нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүлтэй. Зургаан аймгийн 23 сум төмөр буюу шилэн зудтай, 90 сум цагаан зудтай, 84 сум зудархуу төлөв байдалтай байна. Нийт 23.6 мянган малчин өрхөд ямар нэг байдлаар хүндрэл тулгарсан гэв. Энэ бол монголын нийт малчин өрхийн 12 хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхөрч амин зуулгаасаа их, бага хэмжээгээр салж байна гэсэн үг. Тэр хүмүүсийн ирээдүй яах вэ, цаашид хэрхэн аж төрж, амьдрах вэ гэдгийн тухай ноцтой асуудал.
Монгол Улсын нийт 941,547 өрхийн 20 хувь нь буюу 189,280 нь малчин буюу жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шимээрээ амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлдэг. Харамсалтай нь нэг литр дизель түлш худалдаж авч чадахгүй үнээр өлөнтэй нэхийгээ арилждаг, ганц уут боорцог авахгүй мөнгөөр малын махаа жинлэж зардаг, цагаан идээгээ ахиухан үнээр худалдвал шүүмжлүүлдэг эвийлэлтэй хүмүүс.
Сонгуулийн насанд хүрсэн иргэдийн багагүй хувийг эзэлдэг тэдний гэнэн найдамтгай зан онцын гавьяа байгуулахгүй байж зуд турхан дундуур яаран давхилдах өнөөгийн улс төрчдийн төрхийг бий болоход нөлөөлөөгүй гэж хэлбэл хилсдэнэ.
Тиймдээ ч манай улс төрчид аймгийн аварга, сайн малчин, Алтан төлийн эзэн зэрэг малчдын шагналын одон тэмдэг, өргөмжлөл, тууж зүүж малийтал инээсэн зураг татуулж, орон гэрт нь зочлон дайлуулж цайлуулахын сацуу өөрийгөө рекламдахын дон туссан.
Гэвч зудад нэрвэгдсэн орон нутагт ажиллана гэдэг түүнээс эсрэг тэсрэг зүйл гэдгийг зөвлөх, туслахууд нь учирлаж ойлгуулах хэрэгтэй болжээ. Хөр цасан дунд, хол замд туулах чадвар сайтай машин унаж, улсын нөөцөөс гаргасан өвс, тэжээл тарааж, зурагтаар ярьж, зургаа постолж яваагийн ард аанай л ард түмний татварын мөнгө яваа шүү дээ.
Монголд энэ жил ганцхан зуд болоогүй. Энэ жил л малын гаралтай түүхий эдийн үнэ шалдаа буусан юм биш. Үүнийг малчдаас дутуугүй мэддэг хүмүүс бол тэдний саналыг авч УИХ-д сонгогддог гишүүд.
Тэгвэл уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хамгаалах, малчдын амьдралыг сайжруулахын тулд судалгаа хийсэн, ололт, эрсдэлийг тооцоолсон, хөдөө аж ахуй тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн цогц бодлого санаачилсан УИХ-ын гишүүн хэд вэ? Хэн бэ?
Бэлчээрийн мал аж ахуйн сэдэв ярихаар эрчимжсэн болгож хувийн сонирхол, хэтийн ашигтаа нийцүүлэн ярьдаг нь олон. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр дотооддоо барьж байгуулах, малчдын амьдралыг бодит утгаар нь дэмжих тухай үнэн сэтгэлээсээ үг хэлсэн УИХ-ын гишүүн хэр олон бэ? Үндэсний үйлдвэртэй байхаас үхтэлээ айдаг нь олон гэдгийг улс орны өнөөгийн эдийн засгийн байдал нотолно.
Урин цаг ирж цас хайлна, улс төрчид дараагийн ажилдаа орно, зун ирнэ, сонгууль болно. Амь зуулгаа алдаж, сэтгэлийн шаналан, биеийн ядаргаанд дарагдсан хэдэн мянган малчин зургаадугаар сард төлөх банкны зээлээ, цаашид амь зуух аргаа бодно. Тэр цагт шуурга сөрж, уруудаж давхисан дарга, сайд, гишүүд хаана байх бол?!
Үнэндээ, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловч албан тушаалтнууд албаны ажлаа хийж шаардлагатай удирдлага зохион байгуулалтаар хангахад л аймаг, сумдын захиргаа, салбар онцгой комиссууд, сайн дураар тусалж буй иргэд, дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчид төвөггүй гүйцэтгэнэ. Угаасаа тэд л бодитоор ажиллаж буй. Үнэхээр хийхийн арга хайж, үргүй зардлаас зайлсхийсэн бол 300 гаруй сумтай, тэр бүр нь засаг захиргааны нэгжтэйн давуу талаа, үндэстнээрээ цахимжиж байгаа байдлаа ч ашиглаж болохоор байлаа даа.
Үнэн хэрэгтээ, нэг удаагийн байгалийн гамшиг хүнд хэцүү ч зудтай зэрэгцсэн сонгуулийн сурталчилгаа буюу улс төрийн “зуд” арилахгүй нь. Харин хөдөлмөрийнхөө үр шимээр лаа, шүдэнз авч, нэмнээ оёж, чармайж авдаг цалингаа цуглуулж, юу ч бодолгүйгээр малчдадаа тусалж, зудыг сөрж байгаа иргэдийн сэтгэл л хариу нэхэхгүй чин халуун байна.