Хотын зурвас: Хойд нас гэж байдаг бол энх тайвныг олж төрөөрэй
Хотын зурвас: Хойд нас гэж байдаг бол энх тайвныг олж төрөөрэй

Байгаль нуур. 2025 оны долоодугаар сар.

Эртний, гүн нуур. Бидний дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 хувийг агуулсан, хорвоогийн хүн төрөлхтний амин цэнхэр нүдэн. Эргийнх нь элсэн дээр усанд элэгдсэн мөлгөр чулуугаар тоглоом өрж, тунгалаг давлагаа ширтэн тархиа амрааж, элдэв түмэн бодлоо эвхэж, хурааж сууна. Хүмүүс бүхээгтэй, бүхээггүй завиар зугаалж, хөгжилдөж, усанд умбаж зугаатай хугацааг үднэ. Энх амгалан монголоос минь Эг, Идэр, Чулуут, Дэлгэр мөрөн, Хануй, Орхон голоо нийлүүлэн зуу зуун бээрийг туулан урссаар Сэлэнгэ мөрөн энд ирсэн гэж бодохоор дотнохон.

Дөрөв хоногийн өмнө бороо шивэрсэн бүрхэг өдөр энэ том нуурын нэгэн эх, дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэх хэмжээний ариун уст Хөвсгөл нуурын эрэгт зогсон үзэсгэлэн гоо, үзэмж сайхныг нь биширч байв. Тэнд хүмүүс аз жаргалтай, юунаас ч айж эмээхгүй, юунд ч тэгтлээ санаа зовохгүйгээр цалгисан баяр хөөр дунд дуулж, бүжиглэж байсан.

Их усны дэргэд бодол уужирч, сэтгэл тогтдог боловч хойд уулын энгэрт үзэгдэх шинэхэн улаан туузуудыг харах гунигтай бас айдастай. Гэрэлт цамхгаас бууж ирээд ус уух зуур учир мэдэх хүн замын цаад тал руу заан тэр хэсэгхэн газрыг харж байна уу гээд тайлбарлаж өгсөн юм. 

Ногоон моддын дунд орших тэрхэн хэсэг бол оршуулгын газар. Оршуулах ёслолын улаан туузууд шинээрээ харагдаж буйгийн учир нь саяхан болсныг гэрчилж байгаа ажээ. Өчигдөр сонссон долоо хоногт нэг удаа оршуулга болж буй гэж.

Хэнд ч гэм хийгээгүй, хувь заяагаа дагаад амьдарч явсан сайхан залуус хорин нэгдүгээр зууны эрх чөлөөт ертөнцөд дайнд үрэгдэнэ гэдэг гашуудаад баршгүй.

Орос-Украйны дайн эхлээд гурван жил өнгөрчээ. Дэлхий ертөнцийг цочирдуулсан энэ үйл явдал одоо өдөр тутмын мэдээний сэдэв болсон. Дайны хар сүүдэр эдгээр улс орнуудыг бүрхэн зэмгүй залуусын амийг үрж, гэмгүй хүмүүсийн нулимсыг барж, гүн шаналанд унагасаар. Дэлхийн эдийн засаг, улс орнуудын найрамдалт харилцаанд ч далд сүүдрээ тусгасаар нөхцөл байдал улам муудаж байна.

Хорвоо дэлхий хавтгайрсан мэт ийм энгийн цагт хайртай хүүгээ, эр нөхрөө, ах дүүгээ дайнд алдана гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Хүн төрөлхтний хүсэл шунал, эрх мэдлийн төлөөх хүйтэн дайнуудын хор уршиг, хар нөлөө хэчнээн жилийг туулаад ч ул мөр нь арилсангүй. Энэ цаг мөчид Элеанор Рузвельтын хэлсэн “Өнгөрсөн дайнд хэн ч ялаагүй, дараагийн дайнд ч хэн нэгэн ялахгүй” гэдэг үг л дотоодод тогтохгүй эргэлдэж байна. Гэлээ гээд хэндээ ч хэлэх вэ дээ.

Нар шингэх дөхөж бид хөдөллөө. Өндөр моддын сиймхийгээр шаргалтан үзэгдэх Байгаль нуурын долгис жаргах нарны туяанд шаргалтан тэнгэрийн хаяаг цэлмээсээр үдэв. Энх цагийн мөрөөдөл хүсэлтэйгээ улаан туузад шингэсэн эргийн бяцхан суурины эрэлхэг залуус минь хойд нас гэж байдаг бол энх тайвны орныг олж төрөөрэй.