МУБИС-ийн нэгдүгээр байр
Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанаас хаваржилт хүндэрсэн орон нутгийн оюутнуудад чөлөө олгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдалд буй орон нутгийн суралцагчид ар гэртээ туслах зайлшгүй шаардлага үүссэн бол бүрэлдэхүүн сургуулийнхаа хөтөлбөрийн албанд мэдэгдэж ирэх гуравдугаар сарын 22-ыг дуустал хугацаанд хичээлээс чөлөө авах боломжтойг тус сургуулийн захиргаанаас мэдэгдэв.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон нутагт зудын нөхцөл байдал үүсэж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед томоохон их, дээд сургуулиуд малчин өрхийн суралцагчдыг хичээлээс түр чөлөөлж, гэр бүлдээ туслах боломжоор хангаж байна. Тухайбал, өчигдөр ШУТИС-ийн захиргаанаас мөн адил шийдвэрийг гаргасан билээ.