Г.Гансайхан: Монгол банхар төгс нохойн шинжийг агуулсан, хүүхдэд ээлтэй амьтан  
Г.Гансайхан: Монгол банхар төгс нохойн шинжийг агуулсан, хүүхдэд ээлтэй амьтан  

Говийн эзэн төсөл, Өмнөговь аймаг Булган сум Баянзаг, Уугуул цуут, Уугуул тайж нэрт банхруудын хамт

Герман улсын эрдэмтдийн хэлснээр “Тестийн хариу ихэвчлэн догшин, тайван, ширүүн гэж гардаг. Гэтэл монгол банхрын зан төлөв хосолмол гарсан. Энэ бол төгс нохойн шинж” гэсэн. Монгол банхар нь хүнд эелдэг дөлгөөн ханддаг. Ялангуяа хүүхдэд ээлтэй амьтан.

Монгол хэмээх үндэстнийг илтгэх олон соёл уламжлал, ахуйг бид дэлхийд таниулсаар буй. Эрс тэрс байгаль цаг уурын нөхцөлд нүүдэллэн амьдрах, мал маллах ухаан нь  одоог хүртэл гаднынхны дунд сонирхолтой сэдэв хэвээр. Гэвч олон зуун жилийн туршид өвлөгдөж ирсэн соёлоос зарим нь гээгдэж, мартагдаж цөөрсөөр байна. Тухайлбал, монгол банхрын тоо толгой 1990 оны эхээр Улаан номд орох хэмжээнд байсан ч өдгөө дэлхийн дансанд бүртгэлтэй болох цаг хаяанд иржээ. Учир нь энэ оны дөрөвдүгээр сард Хорват улсад болох “World Dog Show”-д монгол банхар үүлдрийг дэлхийд анх удаа харуулах боломж гарчээ. Иймд “Монгол банхар судлал холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Гансайхантай монгол банхрын үүсэл хөгжил, ач тусын талаар ярилцсанаа хүргэе.

- Монголчууд хэзээнээс банхрыг гаршуулж, тэжээж эхэлсэн юм бэ? 

- Монголын нууц товчооны 78 дугаар зүйлд “Өэлүн эх Бэхтэрийг харваж алсан Тэмүжин, Хасар хоёр хүүгийнхээ царайг хармагц учрыг мэдээд тэднийг буруушаан зэмлэсэн үгэнд: “Балмад довтлох баруг нохой мэт” хэмээн дурдсан байдаг. Баруг нохой гэдэг нь саглагар үстэй нохой буюу банхар нохойн нэршлийг хэлж байгаа юм. Тус хэллэгийг анх эрдэмтэд тайлахдаа баруг-ийг барс гэж тайлдаг байсан нь алдаатай бөгөөд энэ нь нохойн нэр гэдэг нь тодорхой болсон. 

Мөн Чингис хаан, Атилла хааны байлдан дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Хималайн бүс нутгуудаар өргөн тархсан гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зурагт монгол банхрыг маш тодоор дүрсэлсэн байдаг. Можоогийн хадны зураг нь шинэ чулуун зэвсгийн үед хамаардаг. Тэгэхээр 12 мянган жилийн өмнө монгол банхрыг бидний өвөг дээдэс гаршуулан тэжээж байсан гэж үздэг.

- Монгол банхар дасан зохицох чадвар сайтай амьтан уу? 

- Монгол орон бол өргөн уудам. Тэр хэрээрээ аймгуудын байгаль, цаг уур ялгаатайгаас шалтгаалаад нохой хүртэл тухайн нутагтаа дасан зохицсон байдаг болов уу. Гаднах дүр төрх арай өөр байдаг шүү. Жишээ нь,  хангай нутгийн нохой өтгөн үстэй, үслэг бол говьд амьдардаг банхар тачир үстэй байдаг. Зарим нохойноос үнэртдэг эвгүй үнэр  монгол банхарт байдаггүй.

- Олон улсад бие даасан үүлдэр болгон бүртгүүлэхэд ямар шалгуурыг хангах ёстой юм бэ?

- 11 групп бий. Одоогоор 10  групп нь “Дэлхий нохой судлалын холбоо”-д бүртгэлтэй байдаг. Групп гэдэг нь хоньч, анч гэх мэтээр үүлдрээр нь ангилахыг хэлж байгаа юм. Тэгвэл монгол банхрыг тус холбоонд бүртгүүлэхийн тулд бусад үүлдрээс ямар шинж чанараар ялгаатай, давуу гэдгээ тэдэнд тайлбарлах шаардлагатай болж байгаа юм. 

Манай холбооны гишүүн н.Энхтүвшин Польш улсад нохой сургагч, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. Бид түүнтэй хамтарч монгол банхраас зан төлөвийн тест авч, ХБНГУ руу илгээсэн. Герман улсын эрдэмтдийн хэлснээр “Тестийн хариу ихэвчлэн догшин, тайван, ширүүн гэж гардаг. Гэтэл монгол банхрын зан төлөв хосолмол гарсан. Ийм төрлийн хариу гарах нь хачирхалтай. Энэ бол төгс нохойн шинж” гэсэн. Монгол банхар нь хүнд эелдэг дөлгөөн ханддаг. Ялангуяа хүүхдэд ээлтэй амьтан. Хөлд орж буй хүүхэд монгол банхрыг түшихэд огт хөдөлдөггүй тайван байж байдаг. Харин араатан амьтан эсвэл нохойтой арсалдахад галзуу юм шиг хүчирхэг догшин авирыг гаргадаг.

428018786_1148295269682555_1571328192280367149_n Нохдынхоо тэсвэр тэвчээрийг шалгахаар Хагийн хар нуур хүрсэн 150 км морин аяллын үеэр, 2018 он

- Дэлхийн бусад үүлдрийн нохдоос ялгарах онцлог?

- Бид олон улсад бүртгүүлэхийн тулд манай улсад ирж байгаагүй шүүгч нарыг аль болох урихыг хичээдэг. Тэд монгол банхрын биеийн хэмжээ, үүлдрийг үнэхээр биширдэг. Мастиф буюу хүнд үүлдрийн нохой хэр нь хөдөлгөөн нь уян мөн шүд нь эрүүл, тайван зан чанартай гэж тодорхойлсон. Энэхүү чанарууд нь дэлхийн бусад үүлдрийн нохдоос ялгарах онцлог нь болж байгаа юм. 

- Дотооддоо  улс аймаг, бүсийн чанартай тэмцээн хэр зохиогддог вэ? 

- Тогтмол зохиогддог. Монголын нохой судлалын холбоо жилдээ 4-8 тэмцээнийг зохиодог. Манай холбооноос “Ирээдүйн аварга”, “Клубийн аварга” гэх хоёр тэмцээнийг тогтмол явуулдаг. 

- Тоо толгой нь 1960 оны эхээр эрс буурч байсан шалтгаан нь юу юм бол?

- Судлаачдын тогтоосноор 1920-иод оны үед монголын малчин айл болгон нохойтой байсан учир хоточ банхрын тоо 200 - 300 мянгад хүрч байжээ. Тэр үеэр монголд ирсэн жуулчдыг гайхшируулж байсан нэг зүйл бол хаа сайгүй хархиралдах хүрээний олон нохой гэж бичсэн байдаг. Хүний урьд төрөл гэж үздэг учраас монголчууд эртнээс нохойг алахыг цээрлэдэг. 

Харин 1960-аад онд Оросын эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр хүн, малын өвчин тараагч гэж үзэн олноор нь алж устгаснаас монгол нохойн тоо эрс цөөрсөн гэдэг юм билээ. 1990 оны эхээр тус амьтны тоо толгойг өсгөх зорилгоор тэжээж, үржүүлж эхэлсэн. Гэвч цэвэр үүлдэр гаргах, үржилд ашиглах монгол банхар маш ховор байсан гэж олон жил тэжээж буй хүмүүс ярьдаг.

- Тэгвэл одоо монгол банхрын тархац хэр байгаа вэ? 

- Нэг үеийг бодвол харьцангуй сайн болсон. Монгол нохой судлалын холбоонд албан ёсны бүртгэлтэй 170 гаруй монгол банхрын үржлийн газар байдаг. Жилдээ  1000 гаруй төрөлт бүртгэгддэг. Эдгээр гөлөгний ихэнх нь хөдөө орон нутагт бий. Тэгэхээр хөдөө орон нутагт монгол банхрын тархац тогтвортой байгаа. Бид 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-тай хамтарч “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд ирвэс-малчид хоорондын зөрчлийг бууруулах зорилгоор Говь-Алтай аймгийн Дарви сумын Дарвийн нуруунд 4-5 сартай 16 гөлгийг сонгон авч  эзэн айлуудад нь дасгаж хүлээлгэн өгөх болон бусад  үйлчилгээг үзүүлсэн.

ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-н үеэр "Говийн эзэн" Монгол банхарын үзүүлбэр тэмцээн болcон билээ ярилцлагын дэлгэрэнгүйг үзнэ үү?

https://www.facebook.com/100068437868064/videos/908621207691303

- Ирвэс-малчид хоорондын зөрчлийг бууруулахад тус нохойн үүргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? 

- Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас ирвэсийн тоо толгой яагаад цөөрч буй талаар судалгаа хийхэд өмнө нь малчин айл бүр монгол банхрыг гаршуулан тэжээж байсан учир ирвэс айлын мал руу дайрдаггүй байсан аж. Учир нь монгол банхрын дууны цар хүрээ энгийн нохойноос өөр. Хэдэн уулын цаана сонсогддог бөгөөд зэрлэг ан амьтдад өөрийгөө хүчирхэг амьтан гэдгээ ойлгуулдаг. Ингэсээр айлын хот руу ирвэс  дайрдаггүй байж. Харин сүүлийн үед монгол банхрыг мал аж ахуйдаа ашиглах нь эрс буурсан учир ирвэс айлын хот руу дайрах нь элбэгшсэн байна. Ингэснээр хүн ирвэсийн хооронд зөрчилдөөн үүсэж, тоо толгой буурч байгаа учир ахин нохойжуулах хэрэгтэй болж байгаа юм.

428210529_1793947854415549_102980654897051215_n БНСУ-ын EBC телевизтэй хамтарсан "Монгол банхар" баримтат киноны зураг авалтын үеэр

- Хорват улсад зохиогдох тэмцээнд хэдэн монгол банхар оролцох вэ? 

- 2024 оны дөрөвдүгээр сарын 24-28 өдрүүдэд Хорват улсын Загреб хотод зохион байгуулагдах "World Dog Show"-д монгол банхар үүлдрээ дэлхийд анх удаа харуулах боломж гарсан. Энэ  нь 2025 онд монгол банхар үүлдрийг FCI-д бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Нийт 220 албан ёсны шүүгч оролцоно. Энэхүү тэмцээнд дөрвөн монгол банхраа оролцуулахаар шийдвэрлээд АНУ руу цусны шинжилгээг нь явуулсан. 

- Оролцох нохдыг хэрхэн шалгаруулсан бэ? 

- Анх өнгөрсөн оны есдүгээр сард зохиогдсон улсын аваргад түрүүлсэн хоёр монгол банхрыг оролцуулна гэж шийдвэрлэсэн. Гэвч тэмцээний явцад  тэднийг гэмтэж, өвдөх вий гэж сэрэмжлэн,  тусгай байр эзэлсэн хоёр банхрыг нөөц нохойгоор авч явах зүйтэй юм байна гэж сонгосон. 

- Тэмцээн хэрхэн явагдах вэ? 

- Зоотехникийн үзэсгэлэн тэмцээн гэж явагддаг. Нэг үгээр бол бодибилдинг, фитнесийн олимп гэгддэг “Mr.Olympia” тэмцээнтэй ижилхэн гэсэн үг. Тухайлбал,  монгол банхрын стандартад нүд нь бор болон хар байх тусмаа сайн, сүүл эргэлдсэн буюу хонхорцог дээр байрласан байна гэх мэт бүх зүс, хэмжээг стандартчилсан байдаг. Тус стандартын дагуу тэмцээн явагддаг.

- Саяхан Өмнөд Солонгосын “Boys Over Flowers” олон ангит киноны жүжигчин Ким Хён Жун Монголд ирж, тоглолтоо хийсэн. Тэрбээр Монголд чоно барьдаг том нохой бий боломж байвал тухайн нохойг харах хүсэлтэйгээ байгаагаа мэдэгдсэн. Та бүхэн түүнтэй хэрхэн уулзсан бэ? 

- Тухайн дуучин  монголд гурван хоног байх төлөвлөгөөтэй ирсэн юм байна лээ. Мэдээж тоглолт, уулзалт гэх мэт маш шахуу хуваарьтай байсан.

Манай холбоонд шоу, энтертайнмент чиглэлээр ажилладаг залуу байдаг юм. Тэр бидэнд  Ким Хён Жун дуучныг монгол банхартай танилцах хүсэлтэй байгааг  мэдэгдсэн. Түүнд таван зүсмийн монгол банхрыг танилцуулсан. Маш өндөр сэтгэгдэлтэй байсан.

 Бид өнгөрсөн онд Солонгос улсын “EBS” телевизтэй хамтарч монгол банхрын талаар 2023 оны зургаадугаар сараас 2024 оны нэг сар хүртэл баримтат кино хийж, сая хоёр сард Солонгосын телевизүүдээр цацагдсан. Тус кинонд чоно барьж буй хэсэг гардаг юм. Магадгүй тэр киног үзсэн байх.

Уншигч та эх сурвалжийн дурдсан баримтат киног эндээс үзэх боломжтой. 

- Монгол банхрыг хууль бусаар үржүүлэх, гар дамжуулан худалдаалах нь их байдаг шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ? 

- Үржлийг бүртгэлжүүлэх хэрэгтэй гэдгийг 2016 оноос хойш ярьж байна. Бид тус нохойн үүлдрийг сайжруулах зорилгоор үржүүлдэг. Удмын бичиггүй нохойг зарна гэдэг нь тус нохойн үүлдэрт аюул учруулж байна гэсэн үг. Яагаад гэвэл нэг эхээс төрсөн хоёр гөлөг, өөр өөр хүнд үрчлүүлээд, дараа нь үржилд орох насандаа хоорондоо үржилд орох эрсдэлтэй. Үүнээс үүдэж тагнайгүй, зан авир тогтворгүй  гэх мэт цус ойртолтын гажигтай ноход гарч ирнэ. Удмын бичиг бол нохой болон эздийн бүх мэдээллийг багтаасан баримт  юм.

Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.