Эх хэл, бичгийнхээ төлөө амиа алдсан бенгал залуусын дурсгалд зориулсан хөшөө, Дака хот.
ЮНЕСКО-гоос хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн 1999 онд тунхагласан билээ.
Учир нь 1952 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр эх хэлээрээ ярьж, эх бичгээрээ бичихийн төлөө тэмцсэний эцэст амь насаа алдсан үндэсний үзэлтэй, эрэлхэг зоригтой бенгал залуусын дурсгалыг хүндэтгэн эл өдрийг сонгосон байдаг.
Тухайн цагт Пакистанаас хамаарал бүхий байсан Зүүн Бенгал буюу одоогийн Бангладешийн Дакагийн их сургууулийн багш, оюутнууд албан ёсны хэлээр урду хэлийг сонгосон эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийжээ. Тэд албан ёсны бичиг баримтуудыг бенгал хэлээр бичих, бенгал хүн эх хэлээрээ мэдээлэл авах, эх хэлээрээ харилцдаг байх тухай шаардлагыг эрх баригчдад тавьсан байна.
Пакистаны цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараахдаа галт зэвсэг хэрэглэж Рафик Ахмэд, Абдус Салам зэрэг оюутан залуус эх хэл, бичгээ хамгаалж тэмцсэнийхээ төлөө амь насаа алдсан харамсалтай боловч баатарлаг түүх бий.
Монгол хүн бүр эх хэл, эх бичгээ хайрлан хамгаалж, өв тэгш суралцахыг уриалж байна.