Экологийн цагдаагийн албаны бэлгэ тэмдэг
Экологийн цагдаагийн албанаас “Улаанбаатар хотод тодорхойгүй хурц үнэр үнэртэж байна” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрөгч оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгажээ. Улмаар Улаанбаатар хотод тодорхойгүй хурц үнэр үнэртэж, зарим байгууллага, цэцэрлэг, сургууль үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон байна. Иймээс эл үнэрийн учрыг тодруулах зорилгоор цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтарсан шалгалт явуулж, тухайн нутаг дэвсгэрийн бохирын шугам хоолойд үзлэг шалгалт хийгдэж байжээ.
Уг асуудалд Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Э” нэрт ХХК нь үйлдвэрийн явцад түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зориулалтын бус газар буюу Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх хэргийг үүсгэн шалгажээ.
Тус этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг: Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях
1. Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.