Тэр бол банк, санхүүгийн байгууллагад мэргэжилтнээс нь эхлээд гүйцэтгэх захирал хүртэл бүх шатанд нь ажилласан мэргэжлийн эдийн засагч хүн. Харин улс төрчийн замнал нь тийм ч шулуун, дардан биш. УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжоо гурван удаа хойшлуулсны эцэст дөрөв дэх удаад нь өнгөрсөн 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Иймээс Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Батсайхантай Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан үеэс нь эхлээд өнгөрсөн дөрвөн жилийн нам жим амьдрал болон удахгүй болох УИХ-ын сонгуулийн талаар ярилцсанаа хүргэе.
- Та 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнээс хойш улс төрөөс хол, нам гүм байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж амжуулав гэдгээс ярилцлагаа эхэлье?
- Би 1994 онд их сургуулиа төгссөн 22 настай залуу Завханд очиж байлаа. Түүнээс хойш 2020 оныг дуустал дандаа л хариуцлагатай алба хашиж, бусдын төлөө л ажилласан. Зуныхаа амралтаар олигтой, бүтэн ч амарч чадалгүй олон жил явсан байна даа. Харин сүүлийн дөрвөн жил өөртөө, гэр бүлдээ жаахан цаг гаргалаа.
- Өмнө нь та ажил, амьдралын завгүй хэмнэлтэй байсан болов уу. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөртөө, гэр бүлдээ цаг зарцуулж аливааг хөндлөнгөөс харахад ямар мэдрэмж төрж байна вэ?
- Энэ дөрвөн жилд тийм завтай ч байсангүй. Бас л завгүй байлаа. Гэхдээ өмнө нь хариуцаж байгаа ажилтайгаа холбоотой зүйлд цагаа их зарж байсан бол энэ дөрвөн жилд өөртөө болон гэр бүлдээ цаг заваа илүү зориулсан. 1994 онд анх МУИС-ийн Завхан сургуульд багш, судалгаа арга зүйн төвийн эрхлэгчээр ажилласан. Дараа нь Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга, Завхан аймгийн Хас банкны захирал, Хаан банкны захирал, Улаанбаатарт Хаан банкны зээлийн газрын захирал, дэд захирал, орлогч захирал, гүйцэтгэх захирлын орлогч, 2013 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирал, 2016 оноос Завхан аймгийн Засаг дарга гээд дандаа ийм хариуцлагатай алба хашиж, ажилласан байдаг юм. Энэ 30-аад жилд хариуцлага давхар ирж байсан учраас ар гэрийнхээ амьдралыг орхисон цаг хугацаа байлаа. Их хариуцлагатай ажлууд хийж байсан хүн ар гэртээ анхаараад гурав, дөрвөн жил болохоор их сайхан сэргэдэг юм байна. Өнгөрсөн явдлаа шүүн тунгааж, ирээдүйг төлөвлөх боломжит хугацаа байлаа.
-Та сүүлд Завхан аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Улс орон даяар МАН засагласан үед ажиллах амаргүй байсан уу?
- 2016-2020 он бол монгол даяараа МАН ялалт байгуулчихсан үе. 21 аймгаас 20 аймагт нь Ардын нам засагласан ч ганцхан Завхан аймагт ардчилал ялж, цэнхэр туг мандаж, дөрвөн жил өнгөрсөн. Ганцаараа байхад зовлон ч бий, жаргал ч бий. Улс төрийн үйл ажиллагаа сонгуулийн үед л байж, сонгуулийн бус цагт улс төрөөс илүү улс орны хөгжлийн асуудал нэн тэргүүнд байх ёстой. Хэдийгээр ганцаараа байсан ч гэсэн МАН-ын тухайн үеийн удирдлагууд, Засгийн газар, Улсын Их хурлын гишүүдтэй нутаг орны хөгжлийн төлөө ойлголцож, ажиллахыг хичээсэн. Тэр дөрвөн жил макро эдийн засгийн хувьд таагүй, улсын хэмжээний эдийн засгийн үзүүлэлт уналттай байсан ч Завхан аймагт 627 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний 200-аад тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, үлдсэн 400 тэрбум төгрөг нь гаднын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээр хийсэн бүтээн байгуулалтууд байгаа юм. Энэ хөрөнгө оруулалт нь 2017 онд анх Хар нуурын эрэг дээр зохион байгуулсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-аас улбаатай. Наадмын үеэр гадна, дотнын олон донор байгууллага, элчин сайдын яамдуудын төлөөллийг урьж, гурван өдөр Завхан нутгийн тухай мэдээлэл өгч, тодорхой саналуудыг гаргаж, танилцуулсны үр дүнд маш олон төсөл Завхан аймаг руу орж ирсэн. Ганцхан жишээ л гэхэд НҮБ-ийн төрөлжсөн таван байгууллага тавуулаа нийлж ганц аймаг дээр төсөл хэрэгжүүлсэн анхны тохиолдол болсон. Энэ бол нүүдэлчдийн соёлын наадмын үеэр зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын уулзалтын үр дүн байсан. . Одоо Засгийн газрын “Нүүдэлчин” фестиваль болон өргөжиж, олон улсын наадам болсонд бахархаж явдаг. Мөн зам харилцаа, дэд бүтцийн хувьд нэлээд өөрчлөлт гарсан. Завхан аймаг 100 гаруй км хатуу хучилттай замтай байсан бол дөрвөн жилийн хугацаанд 530-аад км зам баригдсан. Энэ замын үр шимийг маш олон хүн хүртэж байна. Ялангуяа аймгийн төв Улиастайг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоос гадна Загастайн давааг л гэхэд хатуу хучилттай болсон.
- Таны хамгийн анхны ажил байсан гэдэг бил үү?
- Тэгэлгүй яахав. Намайг ажил аваад очиход энэ даваагаар явахад хүнд байсан. Ажил хүлээж аваад гараад ирэхэд сэтгүүлчид надаас хамгийн түрүүнд “Ажлаа хаанаас эхлэх гэж байна вэ?” гэж асуусан. Тэр үед би алтан шар замаасаа эхэлнэ ээ гэж хэлээд долоо хоногийн дараа Загастайн давааны замыг засах хандивын аяныг эхлүүлж байлаа. Тэгэхэд орон нутгийн замын сан 1634 төгрөгтэй л байсан. Маш олон хүн хандив өргөж, дэмжлэг үзүүлсний үр дүнд Загастайн давааныхаа замыг бүрэн засаж, 20 км/цагийн хурдтай л явдаг байсныг 80, 90 км/цагийн хурдтай явдаг болгож өөрчилсөн. Энэ бол эхний алхам. Түүний дараа хатуу хучилттай 500 гаруй км зам барих ажлаа эхлүүлсэн. Мөн сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг шинэчиллээ. . Яагаад соёлын төвүүдийг чухалчилсан бэ гэхээр улс орны хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил сэтгэлгээний хөгжлөөс эхэлдэг. Тэр сэтгэлгээний хөгжлийг бий болгож байдаг зүйл нь соёлын байгууллага учраас соёлын төвүүдийн орчныг сайжруулахад онцгой анхаарсан. Дөрвөн жилийн хугацаанд нийт сургууль цэцэрлэгүүдийн 40 хувь нь шинэ барилгатай болсон. Тамгын газрын барилгууд бас шинэчлэгдсэн. Сумдад ийм хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийсэн байдаг.
-Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлуудаа одоо хөндлөнгөөс ажиглаж, анзаарч байна уу?
-Өнгөрсөн дөрвөн жилд хөндлөнгөөс нь харж байхад бидний эхлүүлсэн ажлууд үргэлжлээд явж байгаа нь сайхан байна. Дутуу, дуусаагүй үлдсэн барилгууд бүгд ашиглалтад орж байх шиг байна. Хамгийн сүүлийнх нь ирэх хавар ашиглалтад орох аймгийн театрын барилга. Би Засаг дарга байхдаа сайн багш, сайн эмч, сайн оюутан, сайн малчин, сайн бизнесмэн гээд “Таван сайн” хөтөлбөрийг эхлүүлж байсан. Дараагийн засаг дарга нар чадварлаг багш, чадварлаг эмч гээд нэрийг нь сольсон ч зарчим нь ижил үргэлжлээд явж байгаа нь сайн хэрэг гэж бодож байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Я.Санжмятав, З.Нарантуяа, хурлын төлөөлөгчид, 24 сумын засаг дарга нар, хурлын дарга нар гээд маш олон хүн гар, сэтгэл нийлж ажилласны үр дүнд ахиц дэвшил гарсан.
Ганцхан тоо хэлэхэд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 2016 онд 21-т байсан аймаг дөрвөн жилийн дотор 15-руу очсон. Намайг ажлаа өгснөөс хойш хоёр жилийн дараа буцаад 20-руу очсон. Олон улсын аргачлалаар гаргадаг энэ хөндлөнгийн үнэлгээ дөрвөн жилийн ажлыг хоёр, гуравхан тоогоор л харуулаад өгчихөж байгаа юм.
- Хэрэглэгч биш үйлдвэрлэгч болъё гээд жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжүүлсэн. Энэ төслүүд нь үргэлжилж байгаа юу?
- Нэлээд хэсэг нь зогсчихсон. Ер нь хөгжье гэвэл үйлдвэрлэх ёстой юм. Энэ бол эдийн засгийн онолдоо ч байдаг, хөгжсөн орнуудын туршлагаас ч харагддаг зүйл. Тийм учраас хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжинэ гэсэн зорилт дэвшүүлээд гурван шатны ажил зохион байгуулсан. Хамгийн түрүүнд сум бүрт нэг нэг жижиг үйлдвэр, цехийг байгуулж өгье өө гэж зориод Z24 гэж төсөл хэрэгжүүлж, 24 суманд жижиг цехүүдийг байгуулж өгсөн. Үүнийг аймгийн Засаг дарга нөөц хөрөнгө болон Хятадын засгийн газрын нэг сая юанийн тусламжаар хэрэгжүүлсэн. Тэдний 15, 16 нь ажиллаж байна. Дээр нь НҮБ, Адра олон улсын байгууллагатай хамтраад сум бүрд жижиг үйлдвэр, цехүүд байгуулж өгсөн нь өнөөдөр Завханы брэнд бүтээгдэхүүн болоод явж байна. Ялангуяа тэр оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгалийн гаралтай жимс жимсгэнийн үйлдвэрлэл хөгжөөд явж байгаа. Гурав дахь нь арай том хэмжээний төслүүдийг хөдөлгөе гэж зорьсон. Тэгээд ЖДҮ-г дэмжих сан, болон олон улсын бусад байгууллагууд руу хандсан. Эхний төслүүд нь амжилттай хэрэгжиж, Завхан аймагт хиамны үйлдвэр, хүнсний чиглэлийн хоёр ч үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр байгуулагдсан гээд үргэлжилнэ. Үүнийг дэмжээд явахад аймаг, орон нутгийн удирдлагууд чухал нөлөөтэй. Монгол улс ч гэсэн үйлдвэрлэдэг улс болох ёстой. 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого 47.2 их наяд байгаа юм. Түүний 78 хувь буюу 36.6 их наяд төгрөг нь зөвхөн уул уурхайн түүхий эдийн борлуулалт. Энэ тооноос харвал бид түүхий эдээ зүгээр л зардаг болохоос эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэдэггүй. Тийм учраас дэлхийн зах зээлийн жижигхэн савлагаанд өртчихөж байгаа юм. Ер нь цаашид Монгол Улс бие дааж, хараат бус эдийн засагтай болъё гэвэл үйлдвэрлэгч болохоос өөр арга байхгүй.
- Та банк санхүүгийн салбарын бүх шатанд ажилласан туршлагатай хүн. Их нарийн тооцож, төлөвлөдөг салбар. Тэгвэл орон нутгийн үйлдвэрлэлийг бизнесийн загвар, ашигтай ажиллах гэдэг талаас нь тооцож, харвал хөгжих боломжтой юу?
- Манай ихэнх эдийн засагчид орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхэд хэцүү гэж хэлдэг. Яагаад хэцүү вэ гэхээр зах зээл нь өөрөө жижигхэн шүү дээ. Жижиг зах зээл дээр юм хийгээд том бизнес болгоход хүнд гэдэг. Суурь талаас нь харвал үнэн. Гэхдээ зах зээлийн эдийн засгийн стратеги бол модель загварчлал. Модель загварчлал гэж юуг хэлж байгаа вэ гэхээр зах зээл нь жижиг байх нь хамаагүй, эхлэх нь чухал. Харин эхэлснийхээ дараа зах зээлээ олно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, том зах зээл бий болохыг хүлээх биш том зах зээл рүү яаж нэвтрэх вэ гэдэг нь чухал юм.
- Завханд үйлдвэрлээд Улаанбаатарт борлуулна гэсэн үг үү?
- Тийм. Тэнд үйлдвэрлээд наашаа нэвтэрч болж байна. Тэнд үйлдвэрлээд урагшаагаа, хойшоогоо нэвтэрч болно. Хятадууд үйлдвэрээ хөгжүүлж, Америкийн зах зээл дээр гарч байна. Гүрэн хооронд ингэж болоод байхад яагаад Монгол дотор болохгүй гэж. Өөрөөр хэлбэл бид зах зээлээ нээх л ёстой юм. Тийм учраас нэг өдөр том төсөл хэрэгжүүлээд үйлдвэр бий болчихдоггүй. Жижиг цех, салбар нэгжээс өгсүүлээд тэр нь томорч явсаар байгаад томоохон үйлдвэр болж хөгждөг. Хүүхдийн жишээгээр яривал эхээс төрсөн хүүхэд шууд гүйгээд явчихдаггүй л байхгүй юу. Эхлээд толгойгоо даана, дараа нь мөлхөж үзнэ, сууж үзнэ, зогсож сурна. Тэгээд тэнтэр тунтар алхана. Түүний дараа гүйнэ шүү дээ. Бид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье гэхээр шууд гүйлгэчих гээд байдаг нэг алдаа байгаа юм. Ийм үйлдвэрийн суурийг тавья гэвэл багаас нь эхлээд төрийн оролцоо хэрэгтэй. Төрийн оролцоо бол гаргасан шийдвэрээ тулган шаардаж биелүүлэхийг хүсдэг ийм зүйл байх ёсгүй. Хүмүүст боломжийг нь нээж өгч байх ёстой. Хаалгыг нээж өгөх үүрэг нь төрийн ажил. Нээсэн хаалгаар орох эсэх нь тэр бизнесийн, хувийн хэвшлийн ажил байхгүй юу.
- Таныг ажиллаж байх үед Завханд үйлдвэрлээд бусад зах зээл рүү нэвтэрсэн жишээ байна уу? “Завхан баялаг” ХХК Эрдэнэт үйлдвэр рүү бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон гэж сонссон юм байна.
- Байгаа байгаа. Орхон аймагтай бид хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Тэгээд сошиал дээр мэдээ гаргасан чинь баахан шүүмжлэл болсон. Энэ Орхон аймаг Завханыг дагаар орчихоод байгаа юм уу, Завхан аймаг Орхоныг дагаар орчихоод байгаа юм уу гэж баахан шүүмжилсэн. Гэхдээ бид хоёр л асуудал шийдсэн. Нэгдүгээрт, Эрдэнэт хотын 100 гаруй мянган хүнд завханчууд бүтээгдэхүүнээ аваачиж борлуулах үүд хаалгыг нээсэн. Жилдээ нэг удаа үзэсгэлэн худалдаа хийдэг болсон юм. Хоёрдугаарт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Завхан аймаг бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон. Ийм л хоёр юм хийсэн. “Завхан баялаг” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа байгалийн гаралтай цэвэр жимс жимсгэнийн ундаа, жүүс Эрдэнэт үйлдвэрийн гүнийн уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн хэрэглээ болж очсон. Зөвхөн тэр зах зээлийг хангахын тулд “Завхан баялаг” ХХК бүхэл бүтэн нэг үйлдвэрийн шугам шинээр нэмэх шаардлагатай болж, борлуулалт нь 2-3 дахин өсчихөж байгаа юм. Завханд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн аймгийнхаа 20 мянган хүнд зарах уу, Эрдэнэтийн 100 мянган хүнд худалдах уу гэдэг сонголттой болсон. Өрхийн үйлдвэрлэгч нэг иргэний орлого нь тав дахин өссөн шүү дээ. Төр ийм л хаалга үүдийг нээж өгөх ёстой. Тэр хаалгаар ороод чөлөөтэй өрсөлдөх нь бизнес эрхлэгчийн асуудал байхгүй юу. Улаанбаатарт бас “Завханд үйлдвэрлэв” гэсэн дэлгүүрийг нээж эхэлсний үр дүнд Завханы үйлдвэрлэгчид бүгд энд бүтээгдэхүүнээ борлуулдаг болчихоод байна.
- Өнгөрсөн дөрвөн жилийнхээ алдаа оноог эргэн харж, ирээдүйгээ төлөвлөх боломж гарсан гэж та ярилцлагын эхэнд хэлсэн. Алдсан эсвэл дутуу орхисон гэж санагддаг ажил байдаг уу?
- Байлгүй яахав. Хэдийгээр хурдтай ажилласан ч зарим нэг зүйлээ дутуу орхисон, цаг хугацаандаа багтаагүй зүйлс бий. Жишээ нь, Завханд Польшийн хөрөнгө оруулалттай цэвэрлэх байгууламж, Солонгосын хөрөнгө оруулалттай дулааны станц барих ажил 2017 онд эхэлсэн. Төслийн бичиг цаасны ажил, тендер шалгаруулалт зэргээр үйл явц нь үргэлжилсээр байгаад 2022 онд газар шорооны ажил нь эхэлсэн. Тэгэхээр дөрвөн жил бага хугацаа байгаа биз. Босоо тэнхлэгийн төмөр зам, авто зам мөн 2016, 2017 оноос эхэлж яригдсан зүйл. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрт аймгийн Засаг даргын хувьд оролцож, эдийн засгийн хамгийн богино зайн коридорыг ярьж, Арцсуурь, Цагаантолгойн боомтыг өргөтгөх замаар Улиастайгаар дамжуулаад, Говь-Алтайгаар урагшаа нэвт гарсан төмөр зам, авто зам барья гэсэн саналыг тавьж байсан. 2019 оны Засгийн газар хоорондын протоколд тусгагдаж эхэлсэн. Говь-Алтай-Улиастай чиглэлийн авто зам одоо л эхлэх гэж байна. Энэ мэтчилэн цаг хугацаандаа багтаагүй зүйл маш олон. Цаг хугацаандаа багтаагүй ч дөрвөн жилийн дараа бичиг цаасны ажил нь дуусаад газар шорооны ажил нь эхлэх гэж байгааг харахад сайхан л байна.
- Улс төрийн хувьд та 2008 оноос эхлээд УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжоо гурван удаа хойш нь тавьж, бусдадаа боломж олгосон гэж Б.Ганчимэг сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа хэлсэн. Гэтэл өнгөрсөн 2020 онд нэр дэвшээд ялагдсан. Хувь хүний хувьд ямар дүгнэлт хийсэн бол?
- Би юу?, бид үү? гэдэг л асуудал байгаа юм. Ихэнх хүн би гэдэг өнцгөөсөө хараад байдаг. Би гэдэг өнцгөөс харвал чиний хэлдэг үнэн. Ялагдчихсан байгаа юм. Бид гэж өнцгөөс харвал ялчихсан гэж би хэлнэ.
- Яагаад?
- Өөрөөр хэлбэл, хувь хүн Батсайхан талаасаа УИХ-ын гишүүн болъё оо гэдэг нэг зорилго нь туйлын болоод л, тэгэхгүй л бол болохоо больчихоод байгаа юм шиг бодлоор хандсан бол 2008, 2012, 2016 онд ч ялчих боломж байсан л байхгүй юу. Гэтэл ганцхан Батсайхан ялаад яах юм. Бид багаараа ялж байж, үр дүнд хүрнэ шүү дээ. Тийм учраас 2016 онд бид ярилцаад Я.Санжмятав, З.Нарантуяа хоёрыгоо УИХ-д илгээгээд би өөрөө аймагтаа анхаарна гээд гар бариад л орсон. Түүний үр дүнд хоёр гишүүн маань хоёулаа ялсан. УИХ-д цөөнх байсан ч гэсэн Завхан аймаг хоёр гишүүнтэй л байсан. Улс орны хэмжээнд ганцаараа байсан ч гэсэн Завхан аймгийн 23 суманд Ардчилсан нам ялчихсан байсан. Энэ л бид буюу багаар ажилласны үр дүн юм. Тэгж бид багаараа ялсны үр дүнд 500 км зам баригдсан байхгүй юу. Түүний үр дүнд 627 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бий болсон. Ганцхан Батсайхан ялчихсан бол тийм хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй. Энэ утгаараа Завхан гэдэг аймаг бүхэлдээ ялсан гэж би хардаг. Яахав 2020 оны сонгуульд хувь хүн Батсайхан ялагдсан тухай асуудал бол нэг их том асуудал биш ээ л гэж боддог. Батсайхан тэр дөрвөн жил эрч хүчтэй ажилласан учраас Завханыг Монгол даяараа анхаарлынхаа төвд авсан. Энэ л өөрөө ялалт байхгүй юу.
- Мэргэжлийн хүмүүс таныг үнэлж, анзаардаг юм болов уу гэж боддог. Гэтэл олон нийт сайн мэдэхгүй байж болох юм. Магадгүй та хийсэн ажлуудаа сайн таниулж чадаагүй байсан юм болов уу? Таныг сүүлийн үед цахим орчинд идэвхтэй байгаа болохоор хүмүүст өөрийгөө таниулах талаасаа анхаарч байгаа юм болов уу гэж бодлоо. Зөв үү?
- Анхаараад байгаадаа ч биш. Хүмүүс бас л ингээд өнгөцхөн харчихсан. Сонгууль дөхөөд ирэхээр дэвшихийн тулд л ингэж байна гэж хараад байгаа юм. Жаахан гүн харвал эдийн засагч хүний хувьд, монгол төр намайг үнэлээд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хэргэм хүртээсний хувьд би зүгээр сууж боломгүй байна. Эгэл жирийн эдийн засагч Батсайхан бол саналаа хэлээд явчихаж болно. Монгол төр, Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цол өгчихсөн учраас эдийн засаг болон малчдын асуудлаар санал онолоо бичээд тавиад байгаа юм. Түрүүний хэлсэн би гэдэг өнцгөөс биш, бид гэдэг өнцгөөсөө л явуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, нийт ард иргэд маань эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй байна.
Монгол Улсын эдийн засаг буруу зам руу яваад байгаа учраас түүнийг бас ойлгуулж, ярьж, хэлж байх хэрэгтэй байна. Нэг нь сонсдоггүй юм аа гэхэд ядаж нөгөөх нь сонсог. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш бас зөв болог гэдэг үүднээс санал бодлоо илэрхийлээд явж байна.
Чиний хэлдэг бас үнэн. Би зөвхөн сонгуульд зориулж ажилласан бол тэр дөрвөн жилд сайхан бөөцийлөөд гараад ирж болох байсан байх. Үгүйдээ л би ард иргэдээ сонсдог, төрийн албан хаагчдыг ард иргэдээр үнэлүүлдэг зүйл хийхгүй байж болох л байсан байх. Таалагдахын тулд ажиллах юм уу, уг суурь өөрчлөлтийг хийх юм уу гэдэг хоёр сонголт л бидний өмнө байгаа байхгүй юу. Суурь өөрчлөлтийг хийхийн төлөө ажилласан нь сонгуульд ялагдах үндэслэл болсон байж магадгүй. Цаг үе нь өөрөө тийм учраас. Уг нь суурийг нь зөв хийж чадвал хөгжил аяндаа ирэх байхгүй юу. Хөгжлийн тухай асуудал бол ердөө л дэд бүтцийн асуудал байдаг. Дэд бүтцээ хийсэн газар хүссэн хүсээгүй хөгжинө. Би гэдэг өнцгөөсөө харвал дэд бүтэц тал руу анхаарсан явдал нь миний хувьд жаахан алдаа байсан юм болов уу гэж бодож байгаа юм.
- Удахгүй болох сонгуулиар иргэдийг ямар сонголт хийгээсэй гэж та хүсэж байна вэ?
- Бид бүгд ойрын зайн уралдааны гүйгчид болчихоод байна л даа. Дунд зайн, болж өгвөл алсын зайн уралдааны гүйгчид болох хэрэгтэй л байгаа юм. Тэгэхийн тулд суурь үзүүлэлтүүд, суурь ойлголтуудаа их зөв авч явах ёстой юм болов уу гэж бодож байна. Монгол Улс аль юм болгонд нүүрсээ зарж амьдрах вэ? Монгол Улсыг айл юм гэж бодвол аав ээжээс өвлөгдөж ирсэн авдарт байгаа үнэт эдлэлүүдээ нэг нэгээр нь зараад амьдарч байгаа л айл боллоо шүү дээ. Тэр үнэт эдлэл чинь нэг өдөр дуусна аа даа. Тэр үед тэр айл ядуурлынхаа туйлд очно. Тэгэхээр тэр үнэт эдлэлээ зардаг биш, үнэт эдлэлээ эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулдаг тийм л орон болох хэрэгтэй. Тэгэхийн тулд 2024 оны сонгуульд аль ч нам байсан жаахан тийм суурь дэд бүтцүүддээ анхаарсан, хэрэглэдэг биш үйлдвэрлэдэг юм руугаа илүү хандсан ийм зорилтуудыг дэвшүүлээсэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нийт олдог орлогынхоо нь 78 хувь нь нүүрс, алт, зэсээ түүхийгээр нь зарж бүрдүүлдэг биш ядаж 50 хувь нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулаад олдог эдийн засгийн зөв суурьтай болчихвол Монгол Улс хөгжинө. Сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн циклтэй, зөвхөн амь аргацаасан бусдад таалагдахийн төлөө ажилладаг явдлаас татгалзаасай гэж бодож байна. Энэ цаг хугацааны эрхэнд алга болно л доо. Гэхдээ бид цаг хожиж арай өмнө нь үүнийг алга болгох хэрэгтэй. Тэгвэл хөгжил наашилна гэж ойлгож байна.
- Таны хувьд?
- Сонгуулийн хуулиар хамаагүй юм ярьж болохгүй. Хуульдаа захирагдаж явахаас өөр арга байхгүй. Намаас, ард түмний зүгээс шийдэл гаргаад сонгуульд оролц гэвэл хувь хүнийхээ хувьд бэлэн байна. Оролцоод явбал зөвхөн хөндлөнгөөс санал хэлээд суудаг биш түүнийг шийдвэр гаргах түвшинд ажил хэрэг болгоод явдаг байх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хийж чадвал бидний үр хүүхдүүд, хойч үед, Монгол Улсад л хэрэгтэй. Тэгэхээр улс орныхоо ирээдүйг харсан ийм шийдлүүдийг гаргах хэрэгтэй байна. Үүний төлөө би зүтгэхэд бэлэн байгаа. Хүн бүхэн үүний төлөө зүтгээсэй гэж хүсэж байгаа. Сонгууль бол зөвхөн нэр дэвшиж байгаа хэдэн хүний асуудал биш санал өгөх гэж байгаа хүмүүсийн асуудал байхгүй юу. Өнөөдөр саналаа таван цаасаар худалдах юм уу, тэгээд ирэх дөрвөн жилдээ өөрсдөө ядуурах юм уу, эсвэл өнөөдөр саналаа ирээдүйг харсан байдлаар өгөөд дараа нь үр дүнгээ хүртэх юм уу гэдэг ийм л сонголтын өмнө бид ирчихсэн.
- Ярилцсанд баярлалаа.