Өвөлжилт, хаваржилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тусламжийн цуваа өнөөдөр орон нутаг руу хөдөлж байна. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай зургаан бүлэг орон нутгийг зорьсон тухай ОБЕГ-аас мэдээлэв.
Хаваржилт хүндэрч байгаа бүс нутгуудад отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр болсон юм.