Залуус үндэсний хувцсаа орчин үеийн хэв маягтай хослуулан өмсөх нь нэмэгдэж, үндэсний өв соёл, ёс уламжлалаа улам бүр баяжуулж байна. Тэд өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлахдаа нэг хэвэнд баригдалгүйгээр өөрсдийн сонирхолд нийцүүлэн хэрэглэж, хөгжүүлж буй нь бахархалтай. Иймээс бид энэ долоо хоногт наадам, цагаан сар, сонгууль зэрэг тэмдэглэлт, чухал өдрүүдэд үндэсний хувцсаараа гоёдог залуусын төлөөллийг уншигч та бүхэнтэй уулзуулах болно. Цувралын зочин хүний их эмч А.Ганзориг.
- Та үндэсний хувцсаа өмсөх дуртай юу. Яагаад?
- Тэгэлгүй яах вэ. Монгол хүн бүр л үндэсний хувцсаа өмсөх дуртай гэж боддог шүү. Хүүхэд байхаасаа л дээлээ өмссөн, дээлтэйгээ л өссөн. Манай дээл хүн бүрд сайхан зохидог. Ямар ч хүнийг маш сайхан цэгцтэй харагдуулдаг. Аль ч улиралд, ямар ч үед өмсөхөд биед эвтэйхэн, тухтай сайхан байдаг.
- Монгол үндэсний хувцсын давуу тал онцлог нь таны бодлоор юу вэ. Та хэр их өмсдөг вэ?
- Олон зууныг, тэр их хугацааны цагийн аясыг давж, дамжиж бидэнд ирсэн баялаг түүхтэй хувцас шүү дээ. Дэлхийн найман тэрбум хүнээс энэ бол монгол хүн гэж ялгадаг, ялгаруулдаг үндэсний өв соёлын нэг. Соёл уламжлал, ёс заншил, бэлгэдэл гээд асар олон зүйл бидний үндэсний хувцаст агуулагдаж байдаг. Монгол хүн малгай, дээл, бүс, гутлаа эрхэмлэдэг шүү дээ.
- Ер нь ямар үед өмсдөг вэ. Томоохон баяр наадам, тэмдэглэлт өдрөөр өмсдөг үү. Үндэсний хувцсаа өмсөхийн ач холбогдол нь таныхаар юу вэ?
- Үндэсний баяр, тэмдэглэлт өдрүүдээр өмсөнө. Ер нь өдөр тутамдаа өмсөхийг хичээдэг. Төрийн албанд ажилладаг байхдаа заримдаа сургалт, семинарт дээлээ өмсөөд очдог байсан. Их сургуулийн төгсөлтийн баяраараа монгол цамц хийлгэж гангарч байсан шүү.
- Бидний бахархах үнэт зүйл мөн үү. Тухайлбал, монголчууд сонгууль өгөхдөө үндэсний хувцсаа өмсөж очдог. Үүнийг юу гэж боддог вэ?
- Бидний бахархал, үнэт зүйл аль аль нь мөн. Ер нь сонгуульд саналаа өгөх буюу сонгуульд оролцоно гэдэг маш чухал зүйл. Дөрвөн жилд ганц удаа өөрсдийн төлөөллөө өөрийн биеэр сонгож төрд илгээж байгаа хариуцлагатай бөгөөд чухал үйл явдал.
Сонгуульд оролцож байгаа хүмүүсийн 50-60 орчим хувь нь үндэсний хувцсаа өмсөж ирсэн харагддаг. Сайхан харагдахаас гадна цаана нь хэлж буй агуулга санаа, хүндлэл нь чухал юм. Бидний үеийнхэн, шинэ үеийн сонгогчид буюу дүү нар маань энэ уламжлалыг хадгалж яваасай гэж боддог.
- Таны хувьд сонгууль өгч үзсэн үү. Сонгууль өгөхдөө үндэсний хувцсаа өмсдөг үү? Хэрэв үзээгүй бол энэ жил үндэсний хувцастайгаа очиж, сонголтоо хийх үү?
- Өгөлгүй яах вэ. Сонгуульд маш идэвхтэй оролцдог хүмүүсийн нэг. Анх 18 настайдаа сонгуульд санал өгч байлаа. Энэ жил дөрөв дэх удаагаа Монгол Улсын иргэний сонгох эрхээ эдлэх гэж байна. Уламжлал ёсоор үндэсний хувцсаа өмсөж очно. Эхнэртээ захиалга өгчихсөн л байгаа, сайхан дээл хийж өгөх байх аа.
- Үндэсний хувцсаа өмсөж, өв соёлоо өвлөн уламжлах тал дээр үеийн залуустаа юу гэж уриалах вэ?
- Бүх л улс орон тухайн улсыг, ард түмнийг, соёл уламжлалыг нь илэрхийлэх, тодотгох, бахархах зүйлтэй байдаг. Түүний адилаар монголчууд бид, ялангуяа энэ цагийн залуус үндэсний гэх бүх сайхан өв уламжлалаа хадгалж, дээдэлж, үр хүүхдэдээ өвлүүлж, өөрийн чадахын хэрээр бусдад түгээн дэлгэрүүлж явах хэрэгтэй гэж боддог доо.