02 сарын 16, 2024
Б.Билгүүн: Нөхөрлөлийн үнэ цэн, үнэнч байдлыг тайзнаа тоглоно
Б.Билгүүн: Нөхөрлөлийн үнэ цэн, үнэнч байдлыг тайзнаа тоглоно

Францын зохиолч А.Дюмагийн  “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драмын жүжгийг  “Pro” театрын уран бүтээлчид дэглэж ирэх сарын  нэгний өдрөөс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч О.Итгэл ажиллажээ. Тэрбээр   ОХУ-ын Санкт Петербург хотноо  мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлч. 2010 онд  түүнтэй хамт зургаан монгол оюутан суралцсан бөгөөд  тэд XVIII зууны үеийн  туялзуур сэлмээр тулалдах урлагийн хичээлдээ маш сонирхолтой байжээ. Энэ нь ч Шадар гурван цэрэг романыг монгол үзэгчдэд анх удаа физикл драмын төрлөөр толилуулах нэгэн шалтгаан болсон гэнэ.

b-bilgn_pro_theatr 

 “Pro” театрын жүжигчин, СТА Б.Билгүүн:

“Энэхүү романыг нөхөрлөлийн үнэ цэн, үнэнч байдал, эр хүний зориг тэвчээрийн тухай зохиол хэмээн бодож байна. Өнөөдрийн нийгмээс алга болж буй нэгэн зүйл бол эр хүний үнэнч нөхөрлөл шүү дээ. Мөн оюутан насны мөрөөдлөө биелүүлэх нэгэн боломж гэж харж байна. Учир нь Санкт Петербург хотод жүжигчний мэргэжлээр суралцсан нөхөд маань Pro театрыг үүсгэн байгуулсан. Бид хүүхдэд зориулсан, тэдний нас, сэтгэхүйн онцлогт зориулсан уран бүтээл хийдэг  ч энэ удаа  томчуудад зориулж хаврын нээлтийн тоглолтоо Шадар гурван цэрэг физикл драмын жүжгээр нээж байна. Физикл драм гэдгийг энгийнээр тайлбарлавал аливаа утга санааг, хөдөлгөөнөөр илэрхийлэх юм. Мэдээж харилцан яриа бий ч зохиол ерөнхийдөө адал явдалт, тулаант учир энэхүү төрөл илүү нийцэж байгаа юм” гэж ярилаа.

А.Дюмаг дэлхийн уншигчдад таниулсан зохиол бүтээлд “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн хойно”, “Бражелон бээл” гэсэн гурамсан роман нь зүй ёсоор ордог. Зохиолч   гол баатруудынхаа дүрээр XVII зууны Францын түүхийг сэтгэлд хоногштол, үнэмшилтэй гаргасныг судлаачид тэмдэглэсэн байдаг.  Зориг төгөлдөр Дартаньян Парис хотноо  ирж  Атос, Арамис, Портос нарын шадар гурван цэрэгтэй танилцан нөхөрлөснөөр тэдний адал явдал үргэлжилдэг  билээ.