Хэлтгийн цагаан нуурыг сэргээж байна
Хэлтгийн цагаан нуурыг сэргээж байна

Хэлтгийн цагаан нуурыг сэргээж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт оршдог Хэлтгийн цагаан нуурыг сэргээх ажил үргэлжилж байна. Эл нуур Орхон голоос эх авдаг байсан бөгөөд эрт үед усны сүлжээний чухал хэсэг байжээ.

Нуурыг сэргээх ажлын хүрээнд 1956 онд байгуулсан Хархорины усалгааны системийн үлдэгдэл 17 километр шуудууг цэвэрлэн сэргээн засварлаж, Хөгшин Орхон голоос 5.4 километр урт шороон суваг татсанаар олон жилийн турш усгүй байсан нуурын 80 га талбайд ус хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хархорум хотын Захирагчийн ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК хамтран “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд нуурын экосистемийг сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох, гадаргын усны нөөцийг хуримтлуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2026.10.08/ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ  Хэлтгийн цагаан нуурыг сэргээх төслийн явцтай танилцжээ.  

Ч.Юмчирдулам