Ногоон тойм: Баавгай яагаад? Эрдэмтэд ингэж хариулжээ
Ногоон тойм: Баавгай яагаад? Эрдэмтэд ингэж хариулжээ

Ногоон тойм: Баавгай яагаад? Эрдэмтэд ингэж хариулжээ

Энэ намар хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирэх, айлуудын орон гэр, мал ахуйг сүйтгэх зэрэг тохиолдол олноор гарч байна. Гэтэл уржигдар /2026.10.07/ нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь насанд хүрсэн ноцтой явдал боллоо. Манай оронд үүссэн энэхүү асуудалтай холбоотойгоор төр засгийн зүгээс тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн боловч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн юм. Мөн манай эрдэмтэн, судлаачдын зүгээс ч шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хангалттай хүргэж чадахгүй байна.

Бид “Ногоон тойм”-ынхоо энэ удаагийн дугаарыг хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, хүн рүү дайрах зэрэг үйлдлийг олон улсын эрдэмтэд хэрхэн судалж, ямар учир дүгнэлт гаргасан байдгаас тоймлон, 10 баримтын хүрээнд бэлтгэлээ.

Баримт 1

Энэ төрлийн судалгааны хамгийн том нь 2019 онд “Scientific reports” сэтгүүлд хэвлэгдсэн, олон улсын 60 гаруй судлаач хамтран хийсэн “Хүрэн баавгай хүн рүү дайрах явдал: дэлхий нийтийн төлөв” сэдэвт судалгааны ажил юм. Судалгаанд 2000-2015 онд хүрэн баавгай хүн рүү дайрсан 664 удаагийн үйлдлийг Хойд Америк, Европ, Зүүн Азийн хэмжээнд нэгтгэн шинжилсэн байдаг. Судалгаанаас хүрэн баавгай хүн рүү дайрах тохиолдол хугацаа өнгөрөх тусам өссөн, нийт тохиолдлын 50 хувьд хүмүүс амралт, зугаалга, аялал зэргээр явж байх үедээ баавгайн дайралтад өртсөн, голчлон бамбарууштай эм баавгай дайрсан, баавгай олонтой хүний хөдөлгөөн, нягтрал багатай газарт дайралтын олонх нь гарсан гэдэг гол үр дүнгүүд илэрчээ. Баавгай дайрсан тохиолдлын тоог тивүүдээр харьцуулан үзэхэд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй байна.

Баримт 2

Уур амьсгалын өөрчлөлт нөөцийн хүртээмжийг өөрчилж хүн болон зэрлэг ан амьтдын оршихуй, харилцан хамааралд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. 2024 онд “Biological Conservation” сэтгүүлд хэвлэгдсэн “Уур амьсгалын хувьсал, өөрчлөлт хар болон хүрэн баавгайн экологи ба хүмүүсийн харилцан нөлөөллийн тухай системчилсэн тойм судалгаа”-нд энэ сэдвийн хүрээний 120 өгүүллийг нэгтгэн дүгнэжээ. Судалгааны дүнгээр уур амьсгалын өөрчлөлт нь баавгайн амьдрах орчин, идэш тэжээлийн хүртээмж, хооллолт, биеийн жин, хөдөлгөөний хэв маяг, ичээнд орох хугацаа, зан үйлийг хүртэл өөрчилнө гэж гарсан байна. Улмаар хүн ба баавгайн харилцан хамаарлыг эрсдэлтэй болгож байна гэжээ. Уур амьсгалын хувьслын улмаас байгалийн хоол хүнсний хүртээмж, амьдрах орчин өөрчлөгдөж баавгайнууд улам бүр бэрхшээлтэй тулгарч магадгүй. Тиймээс эл нөлөөллийг харгалзах, стратегийн түвшинд авч үзэж хүмүүс ба баавгайн аюулгүй зэрэгцэн оршихуйг дэмжих шаардлага үүссэн.

Баримт 3

Баавгай намар ичээнд орохын өмнө маш их эрчим хуримтлуулах шаардлага үүсдэг ажээ. Тиймээс түүний идэш хоол буюу самар, жимс, царс, зэрлэг жимс, жимсгэнэ зэрэг ургамлын ургац, бусад амьтны тоо толгой зэрэг хангалттай түвшинд байх хэрэгтэй. Эдгээр нь ховордсон тохиолдолд баавгай хол явж идэш тэжээл хайх шаардлагатай болдог байна. Ингэж явсаар хүний суурьшлын орчинд орж ирээд хүнсний хог хаягдал, мал, амьтны сэг зэм, жимсний мод, тариалан, малын тэжээл, гэрийн тэжээвэр амьтдын хоол гэх мэт илчлэг өндөртэй хүнс олж идэх боломжтой. Энэ нь байгальд хоол хайж явсан баавгайд хүн рүү ойртох тусам идэш тэжээл олддог гэсэн зан үйлийн холбоо тогтоож болдог байна.

Баримт 4

Швед болон Словени улсад хийсэн нэгэн судалгаа байгалийн хоол тэжээл хомсодсон учраас баавгай суурьшлын бүсэд орж ирдэг гэдэг дүгнэлтийг үгүйсгэдэг. “Европт асуудал дагуулдаг хүрэн баавгайн гарч ирдэг шалтгаан ноёрхогч авир уу эсвэл хоол хайх үйлдэл үү?” сэдэвт судалгааг зарим бүс нутагт нь хүрэн баавгайд нэмэлт тэжээл өгдөг Словени, ийм үйлдлийг хориглодог Швед хоёрыг харьцуулан хийжээ. Судалгаагаар хоолны хүртээмж, амьтдын дундах ноёрхол, дарамтын харилцаа хоёрын аль нь хүрэн баавгайг хүний орчинд ойртуулдаг болохыг тодорхойлохыг зорьсон байна. Ингэхдээ 1999-2010 онд хүний гараар устгагдсан 2096 хүрэн баавгайн мэдээллийг авч үзсэн бөгөөд 149 нь хүний суурьшил, аж ахуйд асуудал учруулсан учир зохих газрын шийдвэрээр устгасан, 51-ийг нь хүн өөрийгөө хамгаалахын тулд агнасан, 1896 нь хүнд ямар нэгэн хор хохирол учруулаагүй агнуурын үеэр агнасан байжээ. Улмаар хүрэн баавгайн нас, биеийн индекс, тухайн газрын баавгайн тоо толгой, хүний амын нягтаршлыг харьцуулан үзсэн байна. Судалгаагаар залуу, том давамгай баавгайгаас шахагдсан буюу ноёрхолд өртсөн, хүний орчин, бүсэд зорчих, явах туршлагагүй хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирэх хандлагатай байжээ. Тэгэхээр зөвхөн хоол тэжээл хайсан бус нас, туршлага, амьдрах орчны дарамт зэрэг нь хүрэн баавгайг суурьшлын бүс рүү нэвтрэх, хүний орчин руу ойртоход нөлөөлдгийг тогтоосон байна.

Баримт 5

2020 онд хэвлэгдсэн “Хүмүүстэй зэрэгцэн амьдардаг аварга махчин амьтад: хүний өөрчилсөн ландшафт дахь хүрэн баавгайнууд” сэдэвт судалгаанд хүний үйл ажиллагаа нь том махчин амьтдын амьдрах орчин, тархац нутаг дэвсгэрт нөлөөлж хүн ба зэрлэг ан амьтдын зөрчилдөөн гарах магадлалыг нэмэгдүүлдэг гэжээ. Ирээдүйд махчин амьтдын амьд үлдэх, сэргэх нь хүний ​​өөрчилсөн ландшафтад дасан зохицох чадвар болон зохих ёсоор хэрэгжүүлэх хамгааллын стратегиас хамаарна. Хүний суурьшил, үйл ажиллагааны дадал зуршил, хүртээмж, зам, төмөр замын нягтрал, хөдөлгөөний ачаалал, амралт зугаалгын болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь баавгайн популяцад учирч буй гол аюул. Хүмүүс баавгайн амьдрах орчин руу орж буй эдгээр үйлдлээс гадна баавгай ч хүний өөрчилсөн орчинд дасан зохицож хоёр талын хөдөлгөөн зэрэг явж буй нь ажиглагдаж байна. Тиймээс энэ орчинд хүн ба баавгай зэрэгцэн аюулгүй оршихуйг бий болгохын тулд шинэ дэд бүтцийг үнэлэхийн тулд шинжлэх ухааны мэдээллийг ашиглах, замын нөлөөлөл ялангуяа моторт тээврийн хэрэгслийн замыг хязгаарлах, баавгайн популяцын байдлыг орон нутгийн нөөцөд нийлүүлэх, хүн, баавгайтай таарах эрсдэлийг багасгах, шинжлэх ухааны үр дүн, үйл ажиллагааны удирдамжаар хүмүүсийг хангах, баавгайн зан үйлийн хариу урвалын талаар судалгаа хийх зэргийг зөвлөжээ.  

Баримт 6

Япон улсад сүүлийн жилүүдэд энэ асуудал хурцадмал болжээ. Тухайлбал, 2025 онд 13 хүн баавгайн дайралтад өртөн нас барж, 200 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон, 2026 оны зургаадугаар сард нэг баавгай дөрвөн хүний гэмтээсэн гэж тус улсын Байгаль орчны яамны мэдээлэлд дурджээ. Тэгвэл 2025 онд “Communications Earth Environment” сэтгүүлд гарсан “Япон улсад хуурай газрын том хөхтөн амьтдын тархац хүний суурьшлын нутаг руу тэлжээ” сэдэвт судалгаанд тухайн орны том хөхтөн амьтад буюу сика буга, зэрлэг гахай, японы серов, макак, азийн хар баавгай, хүрэн баавгайн 40 жилийн тархац өөрчлөлтийг судалсан. Судалгааны дүнд хөдөө аж ахуйн зориулалттай газрууд орхигдсон, цасны хэмжээ буурсан нь том хөхтөн амьтад уулнаас хүний суурьшилд ойрхон газар руу тархахад нөлөөлсөн гэжээ. Улмаар эдгээр зургаан зүйлийн тархац уулархаг газраас хүний ​​​​суурьшлын ойролцоох газар нутаг руу тэлж хүмүүсийн өмч хөрөнгө, аюулгүй байдалд заналхийлж зөрчилдөөнийг нэмэгдүүлсэн. Энэ бүс нутагт хүн амын тоо цөөрч, уур амьсгалын өөрчлөлт хурдассан нь эдгээр зүйлийн тархацыг цаашид өргөжүүлж болзошгүй гэж таамаглаж буй. Тиймээс зөрчилдөөнийг бууруулах, тэдэнтэй зэрэгцэн оршин тогтнох арга хэмжээ авахыг уриалж байна гэж судлаачид бичжээ. 

Баримт 7

Эрдэмтэд “Орост 1932-2017 оны хооронд хүрэн баавгайн дайралтын улмаас хүн гэмтэж, амь насаа алдсан тохиолдлууд” сэдэвт судалгааны ажил хийжээ. Дэлхийн хүрэн баавгайн популяцын тал орчим хувь нь нутагладаг тус улсад хүн гэмтсэн, амь насаа алдсан 338 тохиолдлыг нэгтгэн дүгнэж, судалсан байна. Зөвлөлтийн үед буюу 1932–1990 онд анчид болон байгальд ажилладаг хүмүүс баавгайн дайралтад өртөх явдал их буюу нийт тохиолдлын 28 болон 19 хувийг тус эзэлжээ. Харин 1991 оноос хойш зэрлэг жимс, мөөг зэрэг байгалийн нөөц түүгчид, явган аялагчид болон суурин газрын оршин суугчид их өртөх болж. Мэдээлэл илүү хүртээмжтэй болсон 1991–2017 онд баавгайн аюулын улмаас хүн гэмтэж, амь насаа алдсан явдал 264 бүртгэгдсэний 44 нь Европтой хиллэдэг хэсэгт, Номхон далайн эрэг орчим 111 тохиолдол, Сибирьт 109 тохиолдол бүртгэгджээ. Амиа алдсан тохиолдлыг бүс нутгуудад харьцуулахад мэдэгдэхүйц ялгаа гараагүй аж. Хүн баавгайн дайралтад өртөх явдал голчлон өдрийн цагаар, ялангуяа зун, намрын улиралд тохиолджээ. Эдгээрээс шалтгаан нь тодорхой болсон 182 тохиолдлын 38 хувь нь баавгайг цочоосон, 21 нь хүнтэй гэнэт тулгарсан, 18 хувь нь баавгайн ангуучлах зан үйлтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймээс тохиолдол бүрийг баавгай хүн идэхээр дайрсан гэж тайлбарлах боломжгүй бөгөөд гэнэт хүнтэй тулгарах, бамбаруушаа, хоол хүнсээ хамгаалсан, айж цочсон зэрэг өөр өөр зан үйлийн онцлогтой байжээ.

Баримт 8

ОХУ-д 2001-2018 оны хооронд хүрэн баавгай 178 хүн гэмтээсэн, 132 хүний аминд хүрсэн мэдээллийг нэгтгэн судалжээ. Хохирлын 82 хувь нь Сибирь болон Алс Дорнодод гарсан байна. Хохирогчдын 16 хувь нь суурьшлын бүсэд байжээ. Судалгаанаас нэг сонирхолтой үр дүн ажиглагдсан нь Сибирьт зам нэмэгдэхийн хэрээр хүн ба баавгайн хөдөлгөөн огтлолцол олшроод зогсохгүй баавгай хүнтэй, хөдөлгөөнтэй орчинд дасах байдал ажиглагджээ. Иймд ОХУ болон бусад улс оронд эрсдэлийг багасгахын тулд судлаачид болон зэрлэг амьтны менежмент хариуцсан мэргэжилтнүүд том биетэй махчин амьтдын биологи, зан үйлийн талаарх сургалтын хөтөлбөр боловсруулах, баавгай нутагладаг бүс нутаг дахь хүний ​​үйл ажиллагааг илүү оновчтой зохицуулахыг судлаачид уриалжээ.  

Баримт 9

Хүрэн баавгайтай холбоотой шинэхэн судалгаа энэ оны тавдугаар сард “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгджээ. “Хүрэн баавгай хүний суурьшил руу нэвтэрч буй хэв шинж нь хүн ба зэрлэг амьтдын зэрэгцэн оршихуйн ойлголтыг нэмдэг” судалгаанд хүн болон том биет махчин амьтдын хоорондох сөрөг харилцан үйлчлэл нь нийгмийн зөрчил үүсгэж болзошгүй учраас тэдгээр зүйлийн амьтныг хамгаалах үйлсэд сорилт болдог. Хүрэн баавгайн хүний ​​суурин руу нэвтрэх явдал үүнд багтдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдол нэмэгдэж, ихэвчлэн зөрчилт нөхцөл байдал үүсгэх болсон. Энэхүү судалгаагаар 2009-2021 оны хооронд Испанийн Кантабрийн бүс нутаг дахь баавгайн популяцын хүний ​​суурин руу нэвтэрсэн 73 тохиолдлын мэдээллийг цуглуулж шинжилсэн. Эдгээр тохиолдол нь голчлон нас залуу баавгайнаас үүдэлтэй байсан бөгөөд ихэвчлэн шөнийн цагаар, зуны улиралд тохиолдож байсан. Энэ үед баавгайнууд суурингийн жимсний моддод татагдан ирдэг байсан бөгөөд амьдрах орчны чанар сайтай, үржлийн гол бүсүүд болон ойн зурваст ойр, бартаатай сууринд болжээ. Эл судалгаа нь хүн болон том биет махчин амьтан хоорондын харилцан үйлчлэлийн хэв шинж, шалтгааныг ойлгох үндэс суурийг бүрдүүлж, ийм тохиолдлоос урьдчилан сэргийлэх, холбогдох зөрчлийг бууруулах, улмаар амжилттай зэрэгцэн оршихуйг дэмжихэд чиглэсэн менежментийн стратегийг шинэчлэх, сайжруулахад үнэтэй мэдээллээр хангахыг зорьсон гэж судлаачид тэмдэглэсэн байна. Мөн суурьшлын бүсийн хүнсний эх үүсвэр буюу баавгайд тэжээл болохуйц зүйлст хянамгай хандаж хоол хүнснээс үүдэн баавгайг дасгах үйл явцаас урьдчилан сэргийлэхийг онцолсон юм. Учир нь баавгай суурьшлын бүсээс хоол олсон бол дахин ирэх, хүний орчинд дасах магадлал нэмэгддэг байна.

Баримт 10

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2026 оны 10 дугаар сарын 8-ны байдлаар суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай 754 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс Архангайд долоо, Баян-Өлгийд хоёр, Булганд 18, Дархан-Уулд 110, Завханд 30, Хөвсгөлд 65, Увсад 10, Дорнод аймагт 13, Хэнтийд 209, Төвд 20, Сэлэнгэд 86 удаа бүртгэгджээ. Мөн нийслэлд 24 удаа дуудлага мэдээлэл ирсэн бол бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутагт гарсан. Нийт тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгайг байсан гэж мэдээлэв. Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний аминд хүрсэн байж болзошгүй хүрэн баавгайг урд шөнө /2026.10.08, 22:15 цаг/ олж, агнан аюулгүй болгосон. Зургаан настай эр баавгай болохыг эхний байдлаар тогтоосон бөгөөд хүний аминд хүрсэн эсэхийг цагдаа, шүүх шинжилгээний байгууллага эцэслэнэ гэв.