Өвөрхангай аймгийн газар нутгийн 6.1 хувь нь нэн хүчтэй цөлжсөн гэжээ
Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 43.8 хувь нь сул, 24.4 хувь нь дунд, 7.0 хувь нь хүчтэй, 6.1 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн гэж Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сангийн Цөлжилтийн мэдээллийн санд бүртгэжээ. Энэхүү нэгдсэн санг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн хариуцан ажиллуулдаг юм.
Өвөрхангай аймаг нийт 63.5 мянган км.кв газар нутагтай бөгөөд үүний 90.7 хувь буюу 5.7 сая га орчим нь бэлчээрийн талбай эзэлдэг байна. Бэлчээрийн нийт талбайн 40 хувийг өвөл, хаврын улиралд, 50 хувийг зун, намрын улиралд ашигладаг бол үлдсэн 10 орчим хувийг усны хомсдолтой, алслагдсан, даваа, бартаа ихтэй зэрэг шалтгаанаар бүрэн ашиглах боломжгүй байдаг гэж мэдээлжээ.
Бэлчээрийн ашиглалтын нөхцөлд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний үйл ажиллагааны сөрөг нөлөө нэмэгдэж, цөлжилт, газрын доройтол эрчимжихэд нөлөөлдөг. Ялангуяа бэлчээрийн даац хэтрэх, малын тоо толгой нэмэгдэх, хөрсний бүтцийг эвдэх механик үйл ажиллагаа зэрэг нь газрын доройтлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна гэж судлаач онцолсон байна.
Цөлжилтийг сааруулахын тулд хамгаалалтын ойн зурвас байгуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, бэлчээрийн даацад нийцүүлэн малын тоо толгойг зохицуулах, хөрсний бүтцийг эвддэг механик үйл ажиллагааг багасгах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай ажээ.
Ч.Юмчирдулам