Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэхдээ биеэр очно
Цахилгаан эрчим хүчийг найдвартай, чанартайгаар хангах, хэрэглэсэн эрчим хүчний тооцоо, төлбөр хийх зэрэг харилцааг зохицуулах зорилгоор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу дөрвөн жил тутамд талууд харилцан тохиролцож шинэчлэн байгуулдаг байна.
Өвөрхангай аймгийн иргэн, хэрэглэгчид гэрээгээ ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарт очиж шинэчлэн байгуулах шаардлагатай. Иргэн гэрээ байгуулахаар ирэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч ирэх бөгөөд өмчлөгч өөрөө ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлтэй төлөөлөгчтэй гэрээ байгуулах боломжтой. Харин албан байгууллага бол хууль ёсоор төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эсхүл эрх бүхий төлөөлөгчтэй гэрээг нь байгуулна. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг нотлох баримт бичгийг бүрдүүлж ирнэ. Байгууллагын өмнөөс төлөөлөгч гэрээ байгуулах бол түүний эрхийг нотлох баримт болон итгэмжлэлийг мөн үндэслэнэ гэдэг мэдээллийг тус салбарын гэрээний мэргэжилтэн өглөө.
Гэрээг хангагч байгууллагыг төлөөлж ЭБЦТС ТӨХК-ийн гэрээний мэргэжилтэн гарын үсэг зурж, байгууллагын тамгаар баталгаажуулж байна. Иргэн, хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ тогтоосон хугацаанд шинэчлэн байгуулж, гэрээнд тусгасан нөхцөл, өөрийн эрх, үүрэгтэй сайтар танилцахын зэрэгцээ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хугацаандаа хийх нь цахилгаан эрчим хүчийг найдвартай, хэвийн хэрэглэхэд чухал ач холбогдолтойг мэргэжилтэн онцлов.
Ч.Юмчирдулам