1 Цагийн өмнө.
Зүүнхараа политехник коллежид “Мал зүйн техникч” мэргэжлийн анги нээгдлээ
Зүүнхараа политехник коллежид “Мал зүйн техникч” мэргэжлийн анги нээгдлээ

Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Зүүнхараа политехник коллеж Мал зүйн техникч мэргэжлийн ангиа нээлээ. Тус ангийг Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах STREAM+ төслийн дэмжлэгтэйгээр нээснээр хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжуулан мал аж ахуйн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байна.

DSC07526 

Мал зүйн техникчийн ангийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Л.Чой-Иш, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн STREAM+ төслийн багийн төлөөлөл, мэргэжлийн зөвлөл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон Зүүнхараа политехник коллежийн удирдлага, багш нар, Мал зүйн техникчийн ангийн оюутнууд оролцлоо.

Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+) төсөл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улсын баримталж буй ногоон, дижитал шилжилтийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-аас хамтран санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран хэрэгжүүлж байна.

(STREAM+) төсөл нь Монгол Улсын ногоон болон дижитал шилжилтийг дэмжихийн зэрэгцээ хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарын техникийн ур чадвар, мэргэжлийн чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэх, салбарын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.

DSC07499 

Мал зүйн техникчийн шинэ анги нээгдсэнээр мал аж ахуйн салбарт шаардлагатай мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг орон нутагт бэлтгэх, малын ашиг шим, үржил селекц, маллагаа, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн зохистой менежментийн талаарх практик мэдлэг, ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх боломж нэмэгдэж байна. STREAM+ төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэлийн тогтолцоог төлөвшүүлэх, мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

DSC07356 

Ийнхүү Зүүнхараа политехник коллежид 2026-2027 оны хичээлийн жилд Мал зүйн техникчийн анги нээгдсэнээр Сэлэнгэ аймаг төдийгүй бүс нутгийн мал аж ахуйн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх шинэ боломж бүрдэж байна.