Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг “Жинст Мөрөн” компани үйлдвэрлэлийн нэр төрлөө өргөжүүлж, эрчмийн хар ямааны ноолуурыг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани 50 гаруй нэр төрлийн 2,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд хүргэж байна.
Эрчмийн хар ямааны ноолуурын түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд 2025 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Жаргалант сумын малчдад сургалт зохион байгуулжээ. Сургалтаар ноолуурыг стандартын дагуу ангилан ялгах, чанарыг алдагдуулахгүйгээр бэлтгэн нийлүүлэх арга технологийн талаар практик мэдлэг олгосон байна. Үүний үр дүнд малчид ноолуурыг чанарын шаардлагад нийцүүлэн бэлтгэн нийлүүлдэг болсон юм.
“Жинст Мөрөн” компани 2026 оны хавар Хөвсгөл аймгийн малчдаас эрчмийн хар ямааны ноолуурыг нэг килограммыг нь 210-214 мянган төгрөгөөр худалдан авчээ.
“Жинст Мөрөн” компанийн захирал Г.Амарболдоос Эрчмийн хар ямааны ноолуурын онцлог болон бүтээгдэхүүний талаар тодруулав.
Тэрбээр “Бид ноолууран бүтээгдэхүүнээ Хөвсгөлийн эрчмийн хар ямааны сонгомол түүхий эдээр, орчин үеийн сүлжмэлийн технологи болон нарийн ажиллагааг хослуулан үйлдвэрлэж байна. Цамц, кардиган, хантааз, ороолт, малгай зэрэг бүтээгдэхүүнийг өдөр тутмын болон ажил хэрэгч хэв маягт нийцүүлэн урладаг. Манай компанийн зорилго бол зөвхөн тансаг харагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус, байгалийн түүхий эдийн чанар, биед эвтэйхэн, тав тухтай байдлыг хэрэглэгчдэд мэдрүүлэх юм” хэмээн онцоллоо.
“Жинст Мөрөн” компани нь Эрчмийн хар ямааны ноолуураар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европ болон Хойд Америкийн зах зээлд экспортлон нийлүүлж байна. Цаашид нутгийн онцлог түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын хэмжээг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
