Бидний хайртай Норд
Бидний хайртай Норд

Норд. Гэрэл зургийг Л.Номингэрэл. /Хувийн архиваас ашиглав./

Энгэр ээвэр нь борлосон ч уулсын ар, моддын сүүдэр цагаанаараа, гүн жалга, судгийн цас захаасаа хайлмагтсан хангайн хавар. Соотон чихээрээ чимээ анирдаж, гил нүдээ үл анивчин, ул мөр бүхнийг шиншиж модод сүлжин зогсолтгүй шогших дорнод-европ овчарка. Үнэрээ үлдээсэн мөрийг мөшгөж явсаар айлын өвөлжөө рүү шуудхан очиж өвс дунд нуусан дээл, эмээлийг оллоо. Замдаа олсон даавууны өөдөс хүртэл дээлийн уранхайтай тохирч байв. Унаж явсан морио суллаж гүйлгээд, айлын өвөлжөөнд эмээл, дээлээ нуучхаад гэрт нь бүгж суусан хил зөрчигчдийг илрүүллээ. Өмссөн дээлийн уранхайгаа үлдээснийг, татсан тамхины ишээ хаясныг, цасан дунд хөнгөн “мөр харсныг” илрүүлээд, өөрсдийг нь олоод ирэх хилчин нохойн тухай бодол хулгайн гэмт хэрэг үйлдээд зугтаж, нуугдаж яваа хил зөрчигчдийн бодолд багтаагүй байлаа. Бага үдийн 11:00 цагаас хойш оройн 18:00 цаг хүртэл зогсолгүй мөшгөж Монгол Улсын хил зөрчсөн этгээдүүдийг барив, Норд.

nord6 Хилийн хүндрэлтэй хэсэгт хилийн манаа, хилийн эрэл хайгуулын бүлэгт нохойтой үүрэг гүйцэтгэж буй нь. Ахлах ахлагч Н.Сэлэнгэ, Норд.  /Хувийн архиваас ашиглав./

2012 онд дөнгөж нэг нас зургаан сартай бяцхан амьтан нохой сургагчийн сургуулиа төгссөн шинэхэн эзэндээ хөтлүүлээд ОХУ-ын Смоленск хотоос Монгол Улсын хилд зүтгэхээр ирж байжээ. Үнэрлэх мэдрэмж, сонсох чадвар, зан байдлаараа тэнцэж хилчин нохой болсон Норд тэр цагаас хойш 12 хавар хилдээ үүрэг гүйцэтгэхдээ 18 удаа хилийн зөрчил илрүүлэн Монгол Улсын “онц хилчин” болж байсан юм. Үндсэн үүргээсээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж хулгайн гэмт хэргүүдийг илрүүлсэн, гадна дотоод, гадаадын зочид төлөөлөгчдөд анги, албаа сурталчлан үзүүлбэрийн гол дүрд үүрэг гүйцэтгэсэн, Төвийн бүсийн марш тактикийн тэмцээнд гутгаар байр эзэлсэн, “Босго тотго” кинонд “тоглож” байсан гээд түүний алдар гавьяа олон.

nord3 ОХУ-ын Смоленск хотод хилийн албаны нохой бэлтгэх сургалтад хамрагдаж буй монгол хилчид. /Хувийн архиваас ашиглав./

Түүний сургагч эзэн, итгэлт нөхөр, үйлс нэгт хилчин, гар утасныхаа цомгийг зургаар нь дүүргэдэг үнэнч дэмжигч, гэр бүлийн гишүүн шигээ санаж хайрладаг нэгэн бол Хилийн цэргийн 0243 дугаар ангийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Н.Сэлэнгэ. Тэдний танилцсан түүх муудалцаж танилцсан бол сайн найзууд болдог гэдэг ам дамжсан хэлц шиг шахуу юм. 2002 оноос ангидаа хөгжимчнөөр ажиллаж байсан түүнийг Смоленск хотод хилийн нохой сургагчийн зургаан сарын хугацаатай сургуульд явуулахаар ангийн удирдлагаас томилжээ. Энэ томилолт эхэндээ түүнд амаргүй байж. Норд тэр хоёр дасах гэж багагүй адал явдал туулсан бөгөөд нохойдоо хазуулаад хуруундаа оёдол тавиулж хүртэл үзжээ. Ингээд багш нарынхаа нохойгоо өөртөө дасга гэсэн үүрэг, зөвлөгөөний дагуу өөрөө хоолыг нь хийж өгөөд л эхэлсэн.

Нэг дадлагын багш “Нохойгоо сайн мэдэр. Чи нохойгоо мэдэрвэл нохой чинь чамайг мэдэрнэ. Та хоёр зэрэгцэж, толгой нь яг чиний урд байх ёстой. Нохой чинь хэт урагш явбал чи нохойгоо ажиглахгүй. Харин хойно байвал нохой чинь чамайг ажиглахгүй байна гэсэн үг” гэж зөвлөсний буянаар сургалтын явцдаа дасгаж чадсан гэж ахлах ахлагч Н.Сэлэнгэ ярьсан.

nord2 Зураг 1. Ахлах ахлагч Н.Сэлэнгэ, Норд хоёр ОХУ-д сургалтад хамрагдаж байх үеэр. Зураг 2. Тэд Монгол Улсын хилийн манаанд. /Хувийн архиваас ашиглав./

Тэд хүний хэлээр ярьж байгаа юм шиг төвөггүй харилцдаг, магадгүй хэлээд ч ухдаггүй хүнээс илүү ойлголцдог байжээ. Буруу зүйл хийчихвэл эзнийхээ нүд рүү харж чаддаггүй гэмшдэг. Эзнийхээ “барь” командгүй бол хэнд ч хүрдэггүй, хүрэхдээ гэмтээхгүйгээр зөөлөн хаздаг хүний сайн нөхөр, хилчний итгэлт анд болжээ. Сонин, содон юм үзүүлэх зорилгоор хил зөрчигчийг үзэгч олон нийтийн дундуур гүйлгэж Нордоор бариулдаг үзүүлбэрийг дэглэхдээ “ямар нэгэн асуудал үүсвэл чи хариуцлагаа хүлээгээрэй” гэдэг анхааруулгатай орж байж. Нохой нь ч сургагчийнхаа тушаалын дагуу цэх шулуун гүйсээр иргэдийн дундуур зүсэн орж хил зөрчигчийн дүрд хувирсан алба хаагчийн гарын хамгаалалтаас зууж аваад үзүүлбэр амжилттай өндөрлөсөн байна. Орчин цагийн хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойгоор Н.Сэлэнгэ, Норд хоёр морин дээрээс хил зөрчигчийг барих үзүүлбэрээр Төв цэнгэлдэхэд цугларсан хүмүүсийг бахдуулж, үүргээ гүйцэтгэсэн нохой нь зууснаа тавихгүй улайрч сургагчаа сонсохгүй хэсэгхэн ноцолдож хөгжөөсөн. Энэ тухай гар гэмтэлтэй ч өвчин намдаах хийлгээд үзүүлбэрээ үзүүлсэн. Морь, нохой хоёрыг дасгах, нохойгоо морины нуруун дээр гаргахын тулд бүтэн сар бэлдсэн. Хяналтгүй болсон нохойгоо дийлэхгүй байсан маань ичмээр л явдал болсон гэж Н.Сэлэнгэ ахлагч дурссан.

nord7 Морин дээрээс хил зөрчигчийг барих үзүүлэх тоглолтын үеэр. /Хувийн архиваас ашиглав./

Нохойнхоо зан байдлыг мэддэг болохоор ямар ч үед Норддоо итгэдэг байсан. Миний нохой бусад шиг чимээгүй дайрдаггүй, командгүйгээр хүн рүү хүрэхгүй, хүүхдүүд яаж ч ноолсон хэдэрлэж үзээгүй ухаантай амьтан. Нийслэлд болдог уралдаан тэмцээн, алба сурталчлах өдөрлөгт оролцохоор тэр хоёр олон ч удаа Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусны хоёр суудлын тасалбар захиалж, зорчиж байжээ. Эзэн нь суудалдаа сууж, нохой нь шалан дээр тухлаад замын уртыг туулж зорьсон хэргээ бүтээдэг. Эхэндээ хүмүүс сэрэмжилж, санаа зовсон харцаар тэднийг сонждог бол аяллын төгсгөлд Нордтой найз болоод буудаг байсан гэнэ.

Тэдний хамтдаа бүтээсэн сайхан дурсамжуудын хамгийн содон нь “Босго тотго” түүхэн баримтат уран сайхны кинонд хамтдаа “тоглосон” явдал ажээ. Хаднаас унасан цэргийг хайж олж буй хэсэгт тэд оролцсон юм. Албаны нохой сургагч болох гэж буй монгол хилчин залуу Норд дуудлагатай эр гөлгийг сонгон авч эрэлч нохой бэлтгэхээр суралцах болсноор тэдний түүх эхэлж, үүнээс хойш цугтаа эргэж ирэх эсэх нь тодорхойгүй хүндхэн үүргүүдийг итгэлт нөхрийн ёсоор гүйцэтгэж, давааны өндөр, замын саадыг үнэнч андын мэдрэмжээр туулж 12 жилийн турш Монгол Улсын хил хамгаалах албанд зүтгэжээ. Албаны үүрэг амаргүй учир ачаа үүрч, ачаалал дааж яваа бүхэн ядарна, зүдэрнэ, заримдаа туйлдана.

Ус долоож, хоол үмхэх ч завгүй хил зөрчигчийг мөшгөж гүйх, цаггүй албаны үүрэг биелүүлэх өдрүүд хилчин нохойд олон байсан нь тодорхой.

Дөнгөж харьчхаад халуун хоолноосоо ганцхан халбагадаад л шуурхай дуудлагаар буцаад яардаг алба хаагчтай зүйрлэн хүншүүлэн бодвол түүний хөдөлмөрийг илүү ойлгох болно.         

nord4 Гэрэл зурагт: Арын эгнээний зүүн гар талаас ХЦ-ийн 0243 дугаар ангийн ТТБ-ын дарга, ахмад Н.Ганбат,  холбоочин Э.Батаа, мэргэн буудагч Г.Дашдорж. Өмнө эгнээнд албаны нохой сургагч ахлах ахлагч Н.Сэлэнгэ, эрэлч нохой Норд. Улсын хилд үүрэг гүйцэтгэх үеэр. 2016 он. 

Зан төлөвийн шинж нь холерик, сэргэлэн, цовоо, хөдөлгөөнтэй, жаахан ширүүн ааштай, багахан дураараа боловч аливааг амархан сурч, сайн гүйцэтгэдэг, тусгай бэлтгэлд ч ямагт шилдэг нь байсан Норд. Хүний хайрыг татаж, хилчдийн зүрхэнд мөнхөрсөн түүний ой дурсамжийг нээж харж чаддаг байсан сан бол ямар олон зүйлийг хүүрнэх байсан бол гэж эрхгүй бодогдоно. 

Далд ухамсар, орон зайн ой санамждаа хилчин хүний нуршгүй итгэлт нөхөр, харьшгүй хамгаалагч байхыг мартагдашгүйгээр хадгалсан байсан байх даа. Гар утасныхаа цомгийг Нордын зургаар дүүргэчхээд эхнэртээ “хүний утсанд гэр бүлийнх зургууд байдаг бол чинийхэд нохой, та хоёрын зураг л байх юм” гэж зэмлүүлж явсан эзнийхээ тухай хамгийн олон дурсамж тээж явсан байх даа.

nord5 Өвлийн үүрэг. Гэрэл зургийг Л.Номингэрэл. /Хувийн архиваас ашиглав./

Нялх өхөөрдөм амьтан ирээд 13 нас хүртлээ эрэлхэг зориг, баатарлаг үйлсээр хил хамгаалах албанд үл мартагдах түүх бүтээсэн, эх орны хил тайвны учир амар амгалан суугаа бидний төлөө хүчин зүтгэсэн, тангараг өргөсөн хилчин хүний итгэлт нөхөр, үүрэг хүлээж улсын хил манасан хилчин нохой Норд “Номтын застав”-ынхаа хойхно уулын энгэрт нойрсож буй. Хөшөө байдаг уу гэж асуугаад байхгүй гэдэг хариулт авлаа. 

Зүгээр л орхиж эсвэл мартаж болохгүй юм гэж байдаг. Норд дуудлагат хилчин нохойн байгуулсан гавьяа, түүнийг хөтөлсөн хөдөлмөр хоёр бол үүнд хамаарна. Түүний хүнд өгсөн хайр, хүмүүсийн төлөө хийсэн үйлдлийг үүрд мартамгүй.

nord8 Ахлах ахлагч Н.Сэлэнгэ, Норд хоёр. Гэрэл зургийг Л.Номингэрэл /Хувийн архиваас ашиглав./