7 Цагийн өмнө.
Аавын тухай өгүүлэх баримтат киноны аялал Монголоос эхэлжээ
Аавын тухай өгүүлэх баримтат киноны аялал Монголоос эхэлжээ

Аавын тухай өгүүлэх баримтат киноны аялал Монголоос эхэлжээ

“Аавын яруу алдар” баримтат кино бүтээх багийн аялал Монгол Улсаас эхэлжээ. Энэхүү төсөл нь бусад улс орныг дамжин үргэлжлэх олон улсын чанартай цуврал уран бүтээлийн ажил бөгөөд энэ сарын 6-нд манай улсаас албан ёсоор зураг авалтаа эхлүүлсэн байна. Төслийн монгол талын зөвлөхөөр доктор Г.Энх-Амар ажиллаж байгаа ажээ. “Аавын яруу алдар” цуврал баримтат кинонд монгол аавуудын амьдрал, үзэл бодол, гэр бүлдээ зориулсан хайр, үр хүүхдэдээ үлдээсэн сургаал, амьдралын үнэ цэнийг өгүүлнэ гэж уран бүтээлчид хэлж байгаа юм.

aav_kino3 Төслийн монгол талын зөвлөхөөр доктор Г.Энх-Амар ажиллаж байна.

Төслийн дэлхийн аяллаа Монгол Улсаас эхлүүлсэн бөгөөд цаашид дэлхийн улс орон, үндэстнүүдийн гэр бүлийн үнэ цэн, эцгийн хайр, хүмүүжлийн уламжлалыг баримтат хэлбэрээр дэлгэцнээ мөнхлөхөөр төлөвлөжээ.

Энэхүү төслийн удирдагчаар БНХАУ-ын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин, найруулагч Номинхуар ажиллаж буй аж. Тэрбээр “Энэ удаа эцгийн хайр, гэр бүлийн үнэ цэн, үеэс үед уламжлагдах хүмүүжлийн ухааныг өгүүлэх олон улсын шинэ төслөө Монгол Улсаас эхлүүлж байна. Монголын өргөн уудам тал нутгаас эхэлж буй энэхүү аялал цаашид дэлхийн олон оронд хүрч, олон мянган аавын бодит түүх, гэр бүлийн дурсамжийг баримтат бүтээлээр хадгалан үлдээх зорилготой. Төслийн хүрээнд залуу уран бүтээлч Танахуар олон улсын харилцааны асуудлыг хариуцан ажиллана” гэж ярьжээ.

Номинхуар хятадын Ардын чөлөөлөх армийн урлагийн академийг төгссөн, БНХАУ-ын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин бөгөөд хятадын Кино урлагийн холбооны гишүүн, Монгол судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Өвөрмонголын кино урлагийн холбооны тэргүүлэгчдийн дэд даргын албыг хашдаг байна. Мөн жүжигчин, найруулагчийн хувиар дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналууд хүртэж байжээ. Тухайлбал, Сан-Диегогийн олон улсын кино наадмын “Шилдэг шинэ найруулагч”, “Алтан Ирвэс” олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” зэрэг шагналын эзэн болжээ.

aav_kino2 Жүжигчин, найруулагч Номинхуар Сан-Диегогийн олон улсын кино наадмын “Шилдэг шинэ найруулагч”, “Алтан Ирвэс” олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” зэрэг шагналын эзэн болж байжээ. 

Түүний өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Хаяа” (Horizon) кино олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авч, холливудын олон улсын кино наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино”, Лос-Анжелесийн олон улсын гэр бүлийн кино наадмын “Шилдэг уран сайхны кино”, Францын олон улсын кино шүүмжлэгчдийн FIPRESCI  зэрэг олон шагналыг хүртсэн байна. Мөн уг бүтээл Хятадын 21 дэх “Алтан азарган тахиа”, Зуун цэцэг” кино наадмын үндэстний киноны хэсгийн нээлтийн киногоор сонгогдож байжээ. Харин түүний “Залбирал” (Prayer) бүтээл нь “Алтан Ирвэс” олон улсын кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин”, Дакагийн олон улсын кино наадмын “Шилдэг уран сайхны кино” шагналыг хүртсэн байна.