Энэ сарын эхний 15 хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Баяр ёслол, амралтын өдрүүдэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил ингэж өсдөг. Мөн ирэх сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдрүүд болох тул цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
1.Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хариуцлагагүй, болчимгүй үйлдэл нь иргэн, гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгодогт анхаарч, хор уршгаас урьдчилан сэргийлэх,
2.Гэр бүлийн жижиг маргаан, санал зөрөлдсөн асуудал, бухимдалыг дэвэргэхгүй, эвтэй аргаар шийдвэрлэж сурах, хэрэгтэй гэж үзсэн үедээ мэргэжлийн сэтгэл зүйчид /мэргэжлийн байгууллагад/ хандаж зөвлөгөө, тусламж авч байх,
3.Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх болон анхаарал, халамжаар дутагдуулахгүй байхад онцгой анхаарах,
4.Ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Иргэд Танд зөвлөж байна.
Хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд 24 цаг нээлттэй, үнэ төлбөргүй.
/107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас/
Цагдаагийн байгууллага familycenter.mn, www.e-khutuch.mn, цахим хуудасны чатпот-оор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой юм байна.