Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний ассамблейн даргад бараалхжээ
Элчин сайд Г.Хулан Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын халуун дотно мэндчилгээг Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д уламжилж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын Тамгын газар болон Монгол, Вьетнамын Парламент дахь Найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын засаглалын чиглэлээр туршлага солилцох, харилцан айлчлалыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна.
Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх бодит боломж, нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Элчин сайд Г.Хулан удахгүй тохиох БНСВУ тунхагласны түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Ассамблейн дарга болон гишүүдээр уламжлан Вьетнамын найрсаг ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа тэмдэглэв.
БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь Вьетнамын ард түмний төрийн эрх мэдлийн дээд төлөөллийн байгууллага бөгөөд тус улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг нэг танхимтай парламент юм. Ассамблей нь нийт 500 гишүүнтэй, үүнээс 30 хувийг эмэгтэй гишүүд эзэлж буй нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чухал үзүүлэлт болдог гэнэ. Харин Чан Тань Ман нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргаар хоёр дахь удаагаа улиран сонгогдсон төр, нийгмийн томоохон зүтгэлтэн ажээ.