Хотын угсармал сууцны дулаан шинэчлэлийн санхүүжилтийг татсан GGGI-тай санамж бичиг байгуулжээ
Хотын угсармал сууцны дулаан шинэчлэлийн санхүүжилтийг татсан GGGI-тай санамж бичиг байгуулжээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Бага хурлын тав дахь өдөр буюу наймдугаар сарын 21-нд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Энэхүү баримт бичиг нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, тогтвортой ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам болж буйг талууд онцолж байлаа. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын бодлого, цэвэр эрчим хүч, тогтвортой хот байгуулалтын чиглэлд бодит үр дүнг бий болгожээ.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Mitigation Action Facility (MAF)-аас 32.5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт татан төвлөрүүлж, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байгаа ажээ. Эл төсөл нь орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, оршин суугчдын амьдрах тав тухтай орчныг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Мөн 2018 онд Улаанбаатар хотын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийг боловсруулах, түүнчлэн хотын уур амьсгалын Өөрчлөлтийн Төлөвлөгөөний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний хэсгийг боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлжээ.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлж байна. Түүнчлэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дайчлах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Улаанбаатар хотын Уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал алхам болно гэж онцоллоо.

Цаашид талууд дулаан хангамжийн шинэ технологийн шилжилтийг дэмжих, ногоон бондын санхүүжилтийг хөгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төслүүдийг хамтран боловсруулах зэрэг стратегийн чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр санаачилга нь агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг татах, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм байна.

Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг нь Улаанбаатар хот болон ДДНХИ-ийн урт хугацааны, үр дүнд чиглэсэн түншлэлийг дахин бататгаж, өнөөгийн болон ирээдүйн иргэдэд зориулсан илүү ногоон, илүү тэсвэртэй, илүү тогтвортой нийслэлийг цогцлоох хамтын зорилгыг илэрхийлж байна.