Сент-Китс ба Невис улсын докторын хүсэлт буюу жижиг арлын орнуудын усны гачлан
Сент-Китс ба Невис улсын докторын хүсэлт буюу жижиг арлын орнуудын усны гачлан

Сент-Китс ба Невис улсын Байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагаа болон тойргийн чадавхыг бэхжүүлэх яамны Ойн аж ахуйн албаны дарга, доктор Эрик Браун

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 хоёр дахь өдрөө /2026.08.18/ үргэлжилж байна.

Бага хурлын эхний өдөр болсон конвенцын Бүх талуудын нэгдүгээр хуралдааны үеэр Сент-Китс ба Невис улсын төлөөлөгчийн үг олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл тус улсыг төлөөлөн СОР17 бага хуралд оролцож буй Байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагаа болон тойргийн чадавхыг бэхжүүлэх яамны Ойн аж ахуйн албаны дарга, доктор Эрик Брауны хэлсэн үгийг орчуулан хүргэе.

Юуны өмнө, эрхэм хурал даргалагч болон энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар, ард түмэн болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Жижиг арлын хөгжиж буй орнуудад бороо хур хэлбэлзэж, хуурайшилт удаан хугацаагаар үргэлжлэх болсон нь усны хүртээмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн тогтвортой байдалд улам бүр ноцтой заналхийлэл учруулж байна. Ган, хуурайшилтын нөлөө жижиг арлын хөгжиж буй орнуудад илүү хүндээр тусдаг. Учир нь эдгээр улс орон газар нутгийн хэмжээ бага, цэвэр усны нөөц хязгаарлагдмал, хур тунадаснаас хамааралтай газар тариалан эрхэлдэг, уур амьсгалын хэлбэлзэлд өндөр өртөмтгий, эмзэг экосистемтэйгээс гадна техник, технологи болон санхүүгийн боломж хязгаарлагдмал байдаг. Арлын олон оронд ган, хуурайшилт газрын доройтол, хөрсний чийгийн алдагдал, давсжилт, ойн болон хээрийн түймрийн тоо нэмэгдэж байна. Эдгээрийн улмаас ургацын хэмжээ буурч, хязгаарлагдмал усны нөөцийн хэрэгцээ маш их болж байна. Карибын тэнгис, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай болон Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн жижиг арлын хөгжиж буй орнууд ижил төстэй сорилттой тулгарч буй. Үүний зэрэгцээ эдгээр улс орон ган, хуурайшилтыг хянах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, бэлэн байдлыг хангах, усны нөөцийн засаглалыг сайжруулах, газрыг тогтвортой ашиглах, санхүүжилтийн шинэ боломж бүрдүүлэх, орон нутгийн иргэдийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шинэлэг арга барил нэвтрүүлж байна. Иймээс ган, хуурайшилтын хүнд үр дагаврыг бууруулахын тулд санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр үзүүлэх дэмжлэгийг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатайг бид онцолж байна. Баярлалаа.

cop172_saint_kitss_2 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрийн хуралдааны үеэр. 2026.08.17.

Сент-Китс ба Невис улс Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших, жижиг арлын хөгжиж буй улс бөгөөд усны нөөцийн хувьд хэд хэдэн эмзэг хүчин зүйлтэй тулгардаг. Цэвэр усны гол эх үүсвэр нь хур тунадас, булаг шанд болон газрын доорх ус боловч усны нөөц нь хязгаарлагдмал, гадаргын ус жилийн турш тогтвортой, хүртээмжтэй байдаггүй. Ялангуяа ган, хуурайшилтын үед хур тунадас буурч, усны нөөц багасахын зэрэгцээ газрын доорх усны нөөцөд нөлөөлдөг. Улмаар усны хомсдол зөвхөн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээнд бус хур тунадаснаас ихээхэн хамааралтай хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд ч сөрөг үр дагавар авчирч байна. Үүнээс гадна далайн түвшин нэмэгдэх, хүчтэй шуурга, далайн ус цэнгэг усны эх үүсвэрт нэвчих зэрэг нь усны чанар, хүртээмжид эрсдэл учруулдаг ажээ. 

Мөн Карибын тэнгис, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай болон Өмнөд Хятадын тэнгисийн бүсийн жижиг арлын хөгжиж буй орнуудын усны нөхцөл харилцан адилгүй ч цэвэр усны хүртээмжид нийтлэг сорилт тулгарч байна. Гол шалтгаан нь жижиг газар нутаг, цэвэр усны байгалийн нөөц хязгаарлагдмал байдал, хур тунадасны хэлбэлзэл, ган, хуурайшилт зэрэг юм. Тухайлбал, Кирибати, Тувалу, Маршаллын арлууд зэрэг нам дор орших арлын орнуудад далайн түвшин нэмэгдэх, далайн ус газрын доорх цэнгэг усны давхаргад нэвчих нь ундны усны чанар, хүртээмжид шууд эрсдэл учруулж байгааг НҮБ-ын судалгаанд дурджээ.

Харин Карибын зарим оронд ган, хур тунадасны хэлбэлзэл, хүн амын өсөлт, аялал жуулчлалаас үүдэн усны эрэлт нэмэгдэж байгаа ажээ. Мальдив улс газрын доорх цэнгэг усны нөөцөө далайн усны нэвчилтээс хамгаалах, ундны усны хэрэгцээг хангахын тулд далайн усыг давсгүйжүүлэх технологид түшиглэж байна. Тус улс энэхүү “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдолыг даван туулахад Мальдивын эмзэг бүлгийн иргэдийг дэмжих төсөл”-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ногоон уур амьсгалын сантай хамтран амжилттай хэрэгжүүлсэн юм.