НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэлж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 өнөөдөр /2026.08.17/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхэлж байна.
Бага хуралд НҮБ-ын 197 Тал, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, бизнесийн салбар, эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, газрын нөхөн сэргээлт болон ганг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж, хэрэгжүүлэх арга замуудыг ярилцаж шийдэлд хүрэх зорилготой.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал СОР17 бага хурлыг нээж үг хэлэхдээ “COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм” хэмээн онцлов. Мөн тэрбээр Монгол Улс СОР17 бага хурлаас хүлээж буй ахиц дэвшил, үр дүнг дараах байдлаар тоймлон танилцуулсан.
Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.
Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.
Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.
Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.
Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.
Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе.
Харин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Энэхүү бага хурал бол зөвхөн газар нутгаа хамгаалахын тухай биш улс төрийн өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөх ёстой талбар. Тиймээс газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, бэлчээрээ хамгаалах зэргээр газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхийн тулд тал бүрээс хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй. Энд бид ирээдүй хойч үеийнхээ амьдралын тухай ярих гэж цугларсан байна. Хөрөнгө оруулалт, санхүүжилт, эдийн засгийн бүхий л нөөц бололцоог өнөөдөр хэлэлцэж буй асуудал дээрээ бид авчирч төвлөрүүлэх нь чухал” гэж ярилаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.