1 Цагийн өмнө.
Монголын агуу зохиолч Д.Нацагдоржийн дурсгалд зориулан медаль гаргав
Монголын агуу зохиолч Д.Нацагдоржийн дурсгалд зориулан медаль гаргав

Түүхэн ойг тохиолдуулан Дэлхийн зохиолчдын байгууллага (World Organisation of Writers)-аас дурсгалын медаль гаргасан байна.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй билээ. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Дэлхийн зохиолчдын байгууллага (World Organisation of Writers)-аас дурсгалын медаль гаргасан байна.

Дэлхийн ард түмний ассамблейн дэмжлэгээр эл медалийг хийсэн. Дурсгалын медалийг үндэстэн хоорондын утга зохиолын харилцааг хөхиүлэн дэмжих, сонгодог зохиолчдын уран бүтээлийн өвийг олон улсын түвшинд сурталчлан түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч, судлаач, нийгмийн зүтгэлтнүүдэд гардуулна гэж Дэлхийн зохиолчдын байгууллагын вэб сайтад мэдээлсэн байна.

Мөн тус байгууллагын ерөнхийлөгч Маргарита Аль “Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээлийн өв, үзэл санаанд тулгуурлан Дэлхийн зохиолчдын байгууллага (WOW) болон орчин үеийн зохиолч, уран бүтээлчдийн хамтын нийгэмлэг нь яруу найргийн үг хэлний хувирган өөрчлөх хүчийг хадгалж, улс төр, газарзүйн аливаа хил хязгаарыг даван туулах тогтвортой хүмүүнлэгийн үнэт зүйлсийн тогтолцоог бүрдүүлж байна. Дэлхийн монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос Монгол Улсад зохион байгуулах “Эх нутаг” олон улсын арга хэмжээ нь Д.Нацагдоржийн уран бүтээлийн өвийг дэлхийн тавцанд сурталчлан таниулахын зэрэгцээ монголын арвин баялаг утга зохиолыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болох юм” хэмээн ярьжээ.

dn_medali 

Дэлхийн монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос Монгол Улсад “Эх нутаг” олон улсын арга хэмжээ зохион байгуулна. 

Түүнчлэн Дэлхийн монгол туургатныг эх нутаг, утга зохиолын үнэт зүйлээр нь холбон нэгтгэж буй тус форумд хамтран ажиллаж түншээр оролцохыг, нэгдэж, оролцохыг урьсан байна. Мэдээллийг +976 9587-5597 утсаар болон Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбоо фэйсбүүк хуудсаар авах боломжтой ажээ.

Эх сурвалж: wow-lifft.com