2 Цагийн өмнө.
Монгол Улс дахь иргэний болон улс төрийн эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцжээ
Монгол Улс дахь иргэний болон улс төрийн эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцжээ

Иргэний нийгмийн орон зайг хамгаалах нь: Монгол Улс дахь иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлууд дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр.

Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран Иргэний нийгмийн орон зайг хамгаалах нь: Монгол Улс дахь иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлууд дугуй ширээний хэлэлцүүлгийг даваа гараг /2026.07.27/-т зохион байгуулжээ.

Нээлттэй нийгэм сангуудын ерөнхийлөгч Бинайфер Новрожи Монгол Улсад ажиллаж буйг тохиолдуулан явуулж буй тус хэлэлцүүлгээр иргэний суурь эрхүүдийг хангах, хамгаалахтай холбоотой Монгол Улсад тулгамдаж буй асуудлын талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаачидтай санал солилцсон байна. ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа “Үндсэн хуулиар баталгаажсан иргэний суурь эрхүүдийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ”, Хүний эрх, хөгжил төв ТББ-ын тэргүүн, доктор Г.Уранцоож “Иргэний нийгмийн орон зайг хамгаалахад хүний эрхийн олон улсын UPR механизмыг ашиглах туршлага”, Нээлттэй нийгэм сангуудын ерөнхийлөгч, доктор Бинайфер Новрожи “Иргэний эрх, эрх чөлөөг ханган хамгаалахад тулгарч буй дэлхий нийтийн сорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.

ХЭҮК-ын гишүүн, доктор Г.Нарантуяа “Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний баталгаа нь Монгол Улсын иргэнийг төрийн үр өгөөжийг хүртдэг идэвхгүй нэгэн бус. Харин өмчлөгч, хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгч, мэдээллийг эрэлхийлэгч, нийгмийн харилцаанд оролцогч, төрд шаардлага тавигч, эрх зүйн субъект гэсэн үзэл баримтлалыг агуулсан, либерал Үндсэн хуулиудын уламжлал, олон улсын эрх зүйд суурилсан боловч Монгол Улсын түүхэн туршлага, шилжилтийн онцлогийг харгалзсан мөн чанартай болохыг тэмдэглэв.

forum1 Иргэний нийгмийн орон зайг хамгаалах нь: Монгол Улс дахь иргэний болон улс төрийн эрхийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлууд дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр.

Үндсэн илтгэлүүдийн дараа иргэний нийгмийн байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөл, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагын хараат бус байдлыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хамгаалах шаардлагатайг онцолсон байна. Мөн UPR-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, ТББ-уудыг тогтвортой санхүүжүүлэх, бэлгийн цөөнхийг эрхийн хэрэгжилтэд анхаарах, хүний эрхийг хамгаалах механизмын үр нөлөөг дээшлүүлэх тухайд санал бодлоо илэрхийлжээ.

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид, Нээлттэй нийгэм сангуудын ерөнхийлөгч, доктор Бинайфер Новрожи, ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал болон бусад ТББ-ын төлөөлөгч оролцсон байна.