С.Сувдаа: Манай суралцагчид ажлын байранд шууд ажиллахад бэлэн, мэргэжлийн ур чадвартай болж төгсдөг
С.Сувдаа: Манай суралцагчид ажлын байранд шууд ажиллахад бэлэн, мэргэжлийн ур чадвартай болж төгсдөг

Зүүнхараа Политехник коллежийн захирал С.Сувдаа

“Амгалан дэлхий” ТББ-ын санаачилсан мэргэжлийн болон техникийн боловсролыг дэмжих “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөрт хамрагдаж буй Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Зүүнхараа Политехник коллежийн захирал С.Сувдаатай ярилцлаа.

- Танай сургууль дэвшилтэт технологид суурилсан сургалт, судалгааны жишиг сургууль болно гэж алсын хараагаа тодорхойлжээ. Эндээс яриагаа эхэлье.

- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зүүнхараа Политехник коллеж нь хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Хөдөө аж ахуйн мэргэжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж буй залуу боловсон хүчинтэй коллеж юм. Манай салбар маш их судалгаа шаарддаг тул багш нараа чадавхжуулах, судалгаанд суурилсан сургалт, судалгаа хийх, судлаач багш нарынхаа тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Үүнд үндэслэн салбартаа түүчээлэх мэргэжилтэн бэлтгэдэг.

c1354t01   

- 2026–2027 оны хичээлийн жилд нийт хэдэн мэргэжлээр элсэлт авч байна вэ?

- Ирэх хичээлийн жилд нийт 270 суралцагч элсүүлэхээр төлөвлөж байна.

  • Мэргэжлийн боловсрол олгох 3 жилийн хөтөлбөрт ойжуулагч, гагнуурчин, автомашины засварчин, мужаан, барилгын засал чимэглэл, галт тэрэгний засварчин, фермерийн аж ахуй эрхлэлт (газар тариалан, мал аж ахуй), оёдолчин
  • Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн хөтөлбөрт ойжуулагч, галт тэрэгний засварчин, фермерийн аж ахуй эрхлэлт (газар тариалан, мал аж ахуй)
  • Техникийн боловсрол олгох 1.5 жилийн хөтөлбөрт мал зүйн техникч, ойжуулагч, тракторын засварчин мэргэжлээр элсэлт авч байна.

- Фермерийн аж ахуй эрхлэлт (газар тариалан, мал аж ахуй) хосолсон мэргэжлийн онцлог, давуу талыг танилцуулна уу?

- Фермерийн аж ахуй эрхлэлт (газар тариалан-мал аж ахуй) мэргэжлийн 3 жилийн сургалтын хөтөлбөрийн онцлог нь суралцагчид эхний хоёр жилдээ коллеждоо онол, практикийн сургалтад хамрагдаж, гурав дахь жилээсээ Холбооны Бүгд Найрамдах Герман улсад дадлагажигч ажилтнаар ажиллах гэрээний үндсэн дээр үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой юм. Энэхүү “2+1” хөтөлбөр 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжиж эхэлнэ.

c1392t01 

- Мал зүйн техникч мэргэжлээр энэ хичээлийн жилээс элсэлт авч эхэлсэн байна. Энэ мэргэжлийг тодруулбал?  

- Монгол Улсын хэмжээнд мал зүйн техникчийн мэргэжил хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгааг харуулсан судалгааны үр дүнд үндэслэн Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн дэмжлэгтэйгээр ажил олгогчдын шаардлагад нийцсэн Мал зүйн техникчийн шинэ сургалтын хөтөлбөрийг 2025–2026 оны хичээлийн жилд нээсэн.

c1456t01 

Мал зүйн техникч мэргэжлийн онцлог нь малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, мал амьтны тэжээлийн тохируулга зэргийг хийдэг чухал мэргэжил юм.

Монгол Улсын Засгийн газраас төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс” болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд манай Зүүнхараа политехник коллежид Мал зүйн техникчийн мэргэжлийн анги нээгдсэн. Бид Мал зүйн техникчийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсний дараа Мал зүйн техникч мэргэжлийн чадамжийн төвийг бий болгохоор зорьж байна.

Мөн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төсөл хэрэгжиж дуусах үед манай коллеж нь улсын хэмжээнд Мал зүйн техникч бэлтгэдэг коллежуудын багш нарыг чадавхжуулах, тухайн мэргэжлийн жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн коллеж болох зорилт тавин ажиллаж байна.

- Танай коллежийн суралцагчид гадаадын их, дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөр, туршлага судлах сургалтад хэр хамрагддаг вэ?

- Өнгөрсөн хичээлийн жилд гурван мэргэжлийн 17 суралцагч багш нартайгаа хамт БНХАУ-д богино хугацааны сургалтад хамрагдсан. Мөн Буриад улсын Хөдөө аж ахуйн их сургуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хоёр суралцагч хамрагдан хоёр дахь жилдээ суралцаж байна.

DSC03974 

Цаашид “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд мал зүйн техникч, ойжуулагч мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутнууд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад дадлагажих боломж бүрдсэн.

- Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажилладаг вэ?

Орон нутгийн хэмжээнд Бороо гоулд ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн Макс Агро, Майнд Теч, УБТЗ-ын вагон засварын депо гэх мэтчилэн томоохон аж ахуйн нэгжүүдтэй урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа.

 c1305t01 

- Орон нутгийн мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын байгууллагын давуу тал юу вэ?

- Ер нь орон нутгийн сургуулийн давуу тал нь орчин нөхцөл сайтай, даац хэтрээгүй учраас багш нар суралцагч бүртээ тулж ажиллах боломжтой байдаг. Үүнээс гадна хүүхдүүд илүү дотно найз нөхөд болох, бие биеэ сайн мэддэг, дулаан уур амьсгалтай. Манай багш нар чадварлаг, би баг хамт олноороо маш их бахархдаг.

- Сайн боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлөх хэрэгтэй, төлсөн хэрээрээ сайн боловсрол эзэмшинэ гэж ярьдаг. Гэтэл коллежид төлбөргүй суралцаад, бүр тэтгэлэг аваад төгсөж байна. Боловсролын чанарын ялгаа гарах уу?

- Манай салбарт чадамжид суурилсан сургалт хэрэгжээд 20 гаруй жил болж байна.  Сургалтын арга барилаар бид ажлын байранд шаардлагатай ур чадварыг олгох чиглэлээр их, дээд сургуулиудаас түрүүлж хөгжсөн салбар гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд энэ тогтолцоо их, дээд сургуулиудад нэвтэрч байгаа, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт аль хэдийн нутагшсан.

c1288t01 

Ажлын байранд ямар ур чадвар шаардлагатай вэ, ажил олгогчид ямар ажилтан хүсэж байна вэ гэдгийг бид эртнээс тодорхойлж, сургалтын хөтөлбөртөө тусган хөгжүүлж ирсэн нь манай салбарын томоохон давуу тал юм.

- Есдүгээр ангиа төгсөөд коллежийг сонгон суралцах гэж сурагчдад хандан коллежид суралцаж, мэргэжил эзэмшихийн давуу талыг хэлж өгнө үү.

- Коллежийн давуу тал бол төгсөөд ажлын байранд хурдан гарах боломжтой байдаг. Эрэлттэй мэргэжлүүд олон бий. Коллеж төгсөгчид практик сургалтад түлхүү хамрагддаг учраас ажлын байранд шууд ажиллахад бэлэн боловсон хүчин болж бэлтгэгддэг. Энэ нь мэргэжлийн боловсролын хамгийн том давуу тал гэж боддог. Хичээлийн 60-70 хувь нь дадлага байдаг тул суралцагчид сайн дадлагажиж, ажил олгогчдын шаардлагад нийцсэн боловсон хүчин болж төгсдөг.

DJI_20260527180701_0189_D 

Манай коллежийн хувьд сургалтын орчин сайн, олон төслийг тогтвортой, амжилттай хэрэгжүүлсэн байгууллага. Тиймээс сургалтын орчноо маш сайн бүрдүүлж чадсан, багш нарын хувьд чадварлаг, мэргэжлийн өндөр зэрэгтэй багш нар та бүхэнд хичээл заах болно. Та бүхнийг манай коллежийг сонгон суралцахыг урьж байна.