Маргааш ажил хаях гэж буй эрчим хүчний салбарынханд анхаарахыг Ерөнхий сайдаас хүслээ
Маргааш ажил хаях гэж буй эрчим хүчний салбарынханд анхаарахыг Ерөнхий сайдаас хүслээ

Эрчим хүчний салбарынхан маргааш өглөө /2026.06.30/-ний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаялт зарлахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Эрчим хүчний салбарынхан маргааш өглөө /2026.06.30/-ний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаялт зарлахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялтыг зохион байгуулах түр хорооноос мэдээлэл хийхдээ энэхүү ажил хаялт нь зөвхөн цалин хөлсний тухай асуудал биш бөгөөд үүнээс гадна зарчмын зөрүүтэй 12 санал байгааг хэлсэн. Тухайлбал, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин хөлсний итгэлцүүр, орон нутгийн нэмэгдэл зэрэг олон асуудлыг харилцан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гараг буюу зургаадугаар сарын 22-нд ажил хаялт зохион байгуулах тухай мэдэгдсэний дараа 24-ний өдөр Эрчим хүчний яамнаас Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялтыг зохион байгуулах түр хороонд албан бичиг ирүүлсэн боловч цалин хөлсийг хэрхэн нэмэх, хэдэн хувиар нэмж, асуудлуудыг шийдвэрлэх боломжтой эсэхийг дурдаагүй тодорхойгүй санал ирүүлсэн. Мөн түр хорооны гишүүдтэй зургаадугаар сарын 26-нд салбарын сайд Б.Найдалаа уулзахдаа “Салбарын хэмжээнд цалин хөлсийг 10 хувиар нэмэх боломж байна. Гэхдээ захиргаа, удирдлагын ажилтны цалинг нэмэхгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин эрчим хүчний салбарын ажилтнуудын зүгээс цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, ингэхдээ тодорхой хувилбаруудыг санал болгохыг хүлээж байсан ажээ.

Ийнхүү хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүйн улмаас эрчим хүчний салбарын ажилтнууд орон даяар ажил хаялт зарлахаар шийдсэн байна. Ингэхдээ зөвхөн шуурхай ажиллагааны ажилтнууд буюу зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаас бусад ажлын байранд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид ажил хаяж эхэлнэ. Улмаар Засгийн газар, Эрчим хүчний яамнаас тодорхой хэлцэл хийхгүй бол шуурхай ажиллагааны ажилтнууд ч мөн долоодугаар сарын 1-ий өдрөөс ажил хаялтад нэгдэнэ гэдгийг МЭХГУУ-н Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж хэлсэн.  

erchim_huch_ajil_hayalt1 Эрчим хүчний салбарынхан маргааш өглөө /2026.06.30/-ний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаялт зарлахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Ажил хаялтад нэгдэж буй Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга н.Энхсаран “Манай нийт ажлын байрны 870 гаруй нь хөдөлмөрийн хэвийн бус халуун нөхцөлд хамаардаг. Гэтэл бидний цалин энэ орчин нөхцөлд таарахуйц хэмжээний биш байдаг. Өнөөдөр бид ирэх өвлийн ачааллыг амжилттай давахын тулд өдөр шөнөгүй, амралтын өдрүүдэд хүртэл ажиллаж байна. Бид яагаад энэ хугацаанд ажил хаяж байгаа вэ гэвэл ард түмнийхээ өмнө хүлээсэн эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах эрх, үүргээ ухамсарладаг учраас өвлийн цагаар өндөр ачаалалтай үед энэ тухай ярилцаагүй, ажил хаяагүй юм. Ажиллаж буй орчин нөхцөлдөө таарсан цалин мөнгө шаардаж байгаа учраас ажил хаялтад оролцоно” гэж ярилаа.

Мөн УБЦТС ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга н.Балжинням “Өнөөдрийг хүртэл арай ч ажил хаялтад хүргэнэ гэж бодоогүй. Манай байгууллагын 1900 ажилтнаас 1461 буюу 76,89 хувь нь ажил хаялтыг дэмжсэн санал өгсөн. Салбарын сайдаасаа хүсэх хүсэлт бол өнөөдөр ч гэсэн бидэнд хариу өгөх боломж байна шүү гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан дахин давтан хэлье” гэв.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Манай шийдвэр гаргагчид эрчим хүчний салбарын ажилтнуудын ямар хүнд хортой нөхцөлд, эрүүл мэнд амь насаа дэнчин тавьж үндэсний аюулгүй байдлыг хангаж явдгийг мэдэх хэрэгтэй. Шийдвэр гаргах түвшний шийдэмгий бус байдлаас болж олон жилийн турш эрчим хүчний салбар орхигдсоор ирсний үр дагавар одоо гарч байна. Энэ салбарыг хүн л авч явж байна. Тиймээс салбараа өөд нь татъя, реформ хийе гэсэн бодлого чиглэлээ хүнээсээ л эхлэх ёстой. Хүний аюулгүй орчинд ажиллах эрхийг хангахгүйгээр, хүний хөдөлмөрийг үнэлэхгүйгээр энэ салбар оршин тогтнох үндэсгүй болж байна. Тэвчээр тасрах гээд байна гэдгийг жил шахуу ярьж байна. Төр засгийн зүгээс шийдвэр гаргачих болов уу гэж ярьсаар, шаардсаар жагсаал цуглаан хийж болох бүгдийг хийсэн. Эцсийн арга нь ажил хаях болж байна. Аль ч салбарын эцсийн зорилго бол ажил хаялт байдаггүй. Ажил хаялтын улмаас эерэг болон сөрөг үр дагавар үүсдэг. Үүнээс үүдсэн сөрөг үр дагаврыг хууль тогтоомжийн хүрээнд төр хариуцдаг. Сөрөг үр дагавар өргөн цар хүрээтэй. Тиймээс энэ нөхцөл байдал руу битгий аваачаач ээ, Засгийн газраас, Эрчим хүчний яамнаас бодитой саналуудыг дэвшүүлж, тодорхой хувилбар дэвшүүлэн саналаа ирүүлээч ээ. Эрчим хүчний яамнаас дэвшүүлж буй 10 хувь гэдэг санал бол төгрөгийн ханш унаж инфляц өссөн энэ цагт цалин хөлсний бодит нэмэгдэл байж чадахгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдалд Засгийн газраас дүн шинжилгээ хийгээд шуурхай арга хэмжээ авахгүй бол үндэсний аюултай нөхцөл байдал үүсэхээр байна. Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс санал дэвшүүлээд шийдэл болж чадахгүй байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд онцгой анхаарал хандуулахгүй бол нийтээрээ хүнд нөхцөл байдалд орох нь байна” гэдгийг онцлон хэлсэн юм.