“Никкэй” форумд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг танилцуулжээ
Ази тивийн хөгжлийн стратегийн асуудлыг хэлэлцдэг томоохон уулзалт “Никкэй” форум өнөөдөр /2026.06.10/ эхэлсэн. Япон улсын Токио хотноо хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, нэр хүндтэй эдийн засагчид, академик хүрээний төлөөлөл оролцож байна. Азийн ирээдүйн талаар улс төр, эдийн засаг, академийн манлайлагчид чөлөөтэй санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, геополитик, цахим хөгжил, тогтвортой хөгжлийн тухай хэлэлцэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уригдан, үндсэн илтгэгчээр оролцож буй. Тэрбээр илтгэлдээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, тэргүүлэх зорилт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулжээ. Мөн “Никкэй” сонинд ярилцлага өгсөн байна.
“Никкэй” форумд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг танилцуулжээ.
“Илүү тэсвэртэй, хөгжил дэвшилтэт Азийг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд болж буй 31 удаагийн “Никкэй” форумд оролцогчид олон улсын нөхцөл байдал хувьсамтгай, сорилт бэрхшээлээр дүүрэн байгаа өнөө үед Азийн орнууд хамтын ажиллагаагаа хэрхэн бэхжүүлж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг хангах талаар санал, санаачилга солилцож байгаа юм.
Форумд Зүүн Тимор Улсын Ерөнхийлөгч Хосе Рамос-Хорта, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонексай Сифандоне, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Тайландын Хаант Улсын Шадар сайд Сихасак Пуанкеткеов, Камбожийн Хаант Улсын Шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн сайд бөгөөд Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зохицуулах сайд Он Е Күн, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Мариа Тереза Лазаро зэрэг төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
“Никкэй” форумд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг танилцуулжээ.
“Никкэй” олон улсын форум бол Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, бодлого боловсруулагчид, бизнесийн төлөөллийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй үйл ажиллагаа. 1995 оноос хойш “Никкэй” сонины газраас жил бүр зохион байгуулж ирсэн түүхтэй. Монгол Улсаас 2017 онд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, 2023 онд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байв.