Ази тивийн ирээдүйн хөгжлийг хэлэлцдэг “Никкэй”-д Монгол Улс оролцож байна
Ази тивийн ирээдүйн хөгжлийг хэлэлцдэг “Никкэй”-д Монгол Улс оролцож байна

Ази тивийн ирээдүйн хөгжлийг хэлэлцдэг “Никкэй”-д Монгол Улс оролцож байна

Ази тивийн хөгжлийн стратегийн асуудлыг хэлэлцдэг томоохон уулзалт “Никкэй” форум өнөөдөр /2026.06.10/ Япон улсын Токио хотноо эхэлж байна. Энэхүү форумд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, нэр хүндтэй эдийн засагчид, академик хүрээний төлөөлөл оролцож бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, геополитик, цахим хөгжил, тогтвортой хөгжлийн тухай хэлэлцдэг. Харин санаачлагч, зохион байгуулагчид нь энэ форум бол Азийн ирээдүйн талаар улс төр, эдийн засаг, академийн манлайлагчид чөлөөтэй санал солилцдог платформ гэж тодорхойлдог.

Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн албан ёсоор уригдан оролцож байгаа юм. “Азийн Давос” хэмээн нэрлэгддэг форумд Монгол Улс оролцсоноор Япон болон бусад оронтой хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа нэмэгдэх, Азийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцоогоо өсгөх боломжийг нээж байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн боломжууд болон төслүүдээ сурталчлахын сацуу ардчилал, чөлөөт зах зээл, бүс нутгийн тогтвортой байдлын талаарх Азийн яриа хэлэлцээнд хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Бидэнд эдийн засгийн түвшинд ийм боломжууд харагдаж байна.

Эдийн засаг, олон улсын харилцааны ач холбогдол ихтэй, нөлөө бүхий уулзалтад оролцож байгаа нь гадаад харилцаанд ч эерэг талуудыг дагуулна. Нэн тэргүүнд Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээнд идэвхтэй оролцогч гэдгээ харуулж байна. Улмаар Монгол-Японы “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэхэд дэмжлэг болж, “ASEAN” болон бүс нутгийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн “Гуравдагч хөрш”-ийн идэвхтэй бодлогоо хэрэгжүүлэх, бүс нутгийн геополитикийн асуудлаар улсынхаа байр суурийг танилцуулах нөхцөл бүрдэх юм.

“Никкэй” форумын оролцогчид Ази-Номхон далайн бүс нутагт тулгарч буй асуудлууд, дэлхийн тавцанд гүйцэтгэх Азийн үүрэг оролцооны талаар удирдагчид чөлөөтэй санал бодлоо солилцож, гарц шийдэл эрэлхийлдэг. Манай улсын Гадаад харилцааны сайд бүс нутгийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын гадаад бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчныг сурталчлах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлаар байр сууриа хүргэж байна.

nikkei_asia1  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгитэй албан уулзалт хийжээ.

Өчигдөр /2026.06.09/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгитэй албан уулзалт хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон.

Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй”, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрч буйг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолжээ. Эдгээр зорилгын хүрээнд бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.  

Мөн сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болж буйд талархал илэрхийлжээ. Мөн Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр ярилцсан байна.