Ц.Баатарцогт: Чадварлаг мэргэжилтэн болж чадвал амжилтын хаалга нээгдэнэ
Ц.Баатарцогт: Чадварлаг мэргэжилтэн болж чадвал амжилтын хаалга нээгдэнэ

“Заамар политехник” коллежийн захирал Ц.Баатарцогт

Амгалан дэлхий ТББ-ын санаачилсан мэргэжлийн болон техникийн боловсролыг дэмжих “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөрт хамрагдсан Төв аймгийн Заамар суман дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа, магадлан итгэмжлэгдсэн “Заамар политехник” коллежийн захирал Ц.Баатарцогттой ярилцлаа.

- Төв аймаг дахь Заамар политехник коллежийн сургалтын хөтөлбөрийн гол онцлог юу вэ?

- Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа, магадлан итгэмжлэгдсэн Төв аймаг дахь Заамар политехник коллеж 57 дахь жилдээ элсэлтээ авч байна. Манай коллеж 1–3 жилийн хугацаатай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг 18 мэргэжлээр явуулдаг. Суралцагчид мэргэжил эзэмшихийн зэрэгцээ цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.

Жишээлбэл, Мал, амьтны эмнэлзүй мэргэжлээр гурван жил суралцаж төгссөн төгсөгч хэрэв өөрөө хүсвэл Хөдөө аж ахуйн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, малын их эмч болох боломжтой. Манай коллежийг автомашины засварчин, тогооч, мал, амьтны эмнэлзүй зэрэг мэргэжлээр төгссөн залуус Хөдөө аж ахуйн их сургуульд амжилттай суралцаж байна.

Мөн гагнуурчин мэргэжлийн сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнийг дуулгахад таатай байна.Төгсөгчдөө ажлын байраар 100 хувь хангах зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

- Жилд хэдэн хүүхэд элсүүлдэг вэ?

- 2026-2027 оны хичээлийн жилд 250 суралцагч элсүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Манай коллежид суралцсанаар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) сургуулиудад суралцах боломжтой болно. Мөн ОХУ, БНСУ-ын сургуулиудтай хамтран 2+2 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Заамар коллежийн 3 жил, 1.5 жил болон 1 жилийн хөтөлбөрт суралцсан оюутнууд төгсөхдөө 2–6 сая төгрөгийн тэтгэлэг авдаг.

26 

- Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын хөтөлбөртөө нийт хичнээн мэргэжлээр элсэлт авч байна вэ?

- Манай коллеж мэргэжлийн болон техникийн боловсрол олгох хөтөлбөртөө нийт 16 мэргэжлээр  элсэлт авдаг. Техникийн боловсрол олгох 1.5 жилийн сургалтын хөтөлбөртөө автомашины механикч, хоол үйлчилгээний техник технологич, малын бага эмч мэргэжлээр элсэлт авч байна. Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын хөтөлбөртөө нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, уул уурхайн нөхөн сэргээгч, хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт, засварчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, хүнд машин механизмын оператор, малын эмнэлзүй, үсчин зэрэг ангид элсэлт авч байна.

22 

Мэргэжийн боловсрол олгох гурван жилийн сургалтын хөтөлбөр нь суралцагчдад мэргэжлийн үнэмлэх болон бүрэн дунд боловсролыг зэрэг эзэмших боломжийг олгодог. Ингэснээр төгсөгчид цаашид их, дээд сургуульд дэвшин суралцах эсвэл хөдөлмөрийн зах зээлд шууд ажиллах боломжтой. Энэ хөтөлбөрөөр нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, фермерийн аж ахуй эрхлэлт (газар тариалан-мал аж ахуй), гагнуурчин, автомашины засварчин, тогооч, барилгын засал чимэглэлчин, малын асаргаа (малын бага эмч), арьс, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл  мэргэжлээр элсэлт авч байна.

42 

Танай коллежийг сонгон суралцагчид ихэвчлэн хаанаас ирж суралцдаг вэ?

Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн сурагчид манай сургуулийг сонгон суралцаж байна. Манай Заамар сум мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн бүс нутаг. Сумын төвд ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургууль, Хайлааст багт ерөнхий боловсролын 9 жилийн сургалттай сургууль үйл ажиллагаа явуулдаг. Манай сургуульд сумын төвд амьдардаг хүүхэд залуусаас гадна Хайлааст баг,  аймгийн Цээл, Угтаал, Баянхангай, Лүн сумаас гадна, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Бүрэг, мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас хүүхдүүд ирж суралцаж байна.

- Та багш нарынхаа боловсролын түвшин болон ажлын туршлагын талаар танилцуулна уу?

- 2025–2026 оны хичээлийн жилд манай байгууллага 22 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэргүүлэх болон Зөвлөх мэргэжлийн зэрэгтэй туршлагатай багш нар ажиллахаас гадна их, дээд сургууль шинээр төгссөн залуу багш нар ажилладаг. Багш, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор богино болон дунд хугацааны сургалтад тогтмол хамруулдаг. Мөн багш нарын боловсролын түвшинг ахиулах чиглэлээр Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран магистр, докторын хөтөлбөрт суралцуулж байна.

41  

- Сурагчид практик дээр дадлага хийх боломж, техник, технологийн хүртээмж хэр байдаг вэ?

- Орчин үеийн техник, технологийг сургалтдаа ашиглахгүйгээр хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх боломжгүй. Тиймээс бид сургалтын орчин, тоног төхөөрөмжөө жил бүр үе шаттайгаар шинэчилж байна.

13

Тухайлбал, өнгөрсөн онд гагнуурчин, автомашины засварчин мэргэжлийн ангиудын сургалтын тоног төхөөрөмжийн нэр төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Мөн хүнд машин механизмын операторын ангид сумын хөрөнгө оруулалтаар 135 сая төгрөгийн өртөг бүхий экскаватор, ковшийн симулятор төхөөрөмжүүдийг худалдан авч, сургалтад ашиглаж эхэлсэн. Ийнхүү техник, технологийн шинэчлэлийг тогтмол хийснээр суралцагчид орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлагажих боломж бүрдэж байна.

1

- Танай коллежийн дотуур байр нийт хичнээн суралцагч хүлээн авах хүчин чадалтай вэ?

- Манай коллежийн дотуур байр 240 суралцагч хүлээн авах хүчин чадалтай. Суралцагчдыг тав тухтай амьдрах, суралцах нөхцөлөөр хангах зорилгоор улсын хэмжээнд “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, шаардлагатай засвар үйлчилгээг тогтмол хийж байна. Гэрээсээ хол суралцаж буй хүүхдүүдийг ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчлэхэд онцгойлон анхаарч ажилладаг.

Дотуур байранд тогооч, үйлчлэгч, багш зэрэг нийт 11 ажилтан ажиллаж, суралцагчдын өдөр тутмын амьдрал, хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлж байна. Хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор дотуур байрыг бүрэн камержуулсан. Түүнчлэн суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадна талбайдаа сагсан бөмбөг, волейболын талбайг тохижуулсан.

- Есдүгээр ангиа төгсөөд танай коллежийг сонгон суралцах гэж сурагчдад хандан коллежийн давуу тал, ач холбогдлыг товч хэлвэл та юуг илүү онцлох вэ?

- Манай коллежийн мэргэжлийн боловсрол олгох гурван жилийн хөтөлбөрт элсэн суралцсанаар суралцагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Би коллежийнхоо суралцагчдаар үргэлж бахархдаг. Тухайлбал, гагнуурчин мэргэжлээр төгссөн суралцагч бүр онол, практикийн мэдлэг, ур чадвар эзэмшиж, ажлын байранд шууд ажиллахуйц түвшинд хүрч төгсөж байна. Мөн төгсөгчдөд ажлын байраар хангагдах боломж нээлттэй байдаг.

DSC03695

Монгол Улсын Засгийн газар болон Боловсролын яамнаас мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бодлогоор тууштай дэмжиж, суралцагчдад суралцах, хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс хүүхэд, залуус та бүхэн өөрийн сонирхол, хүсэл тэмүүллээрээ сонгосон мэргэжлээрээ хичээн суралцвал ирээдүйд тогтвортой ажил эрхэлж, орлого олох бүрэн боломжтой. Суралцах чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл гарган мэдлэг, ур чадвараа хөгжүүлж чадвал амжилтын үүд хаалга нээлттэй байх болно. Та бүхнийг мэргэжлийн боловсролыг сонгон, коллежид суралцаж, ирээдүйн мэргэжилтэн болохыг урьж байна.

DSC03666

  “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөр сэтгүүлч Г.Нараа