“Мэргэжилтэй монгол” хөтөлбөр хэрэгжиж байна
“Амгалан дэлхий” ТББ-ын санаачилсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих зорилготой “Мэргэжилтэй монгол” хөтөлбөрийг Bpress.mn мэдээллийн сайт дэмжин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь тавдугаар сараас хэрэгжиж байгаа юм.
Манай улсад мэргэжлийн болон техникийн боловсрол олгогч сургуулиуд олон талаар шинэчлэгдэн хөгжиж байна. Хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан сургалтын хөтөлбөртэй, орчин цагийн үйлдвэрлэлд нийцсэн техник бааз суурьтай, үйлдвэрлэл дээр дадлагаа хийдэг, ажил олгогчтойгоо хамтарч, харилцан уялдаатай ажилладаг, зах зээлд өрсөлдөх, технологид дасан зохицох ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юм.
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 70 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид 41500 гаруй оюутан залуус мэргэжил ур чадвар эзэмшин суралцаж байгаа мэдээ байна.
“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам
“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам “Коллежууд нь их дээд сургуульд суралцан төгсөхөөс хоёр дахин бага хугацаанд мэргэжил, ур чадвар эзэмшүүлдэг, сургалтын төлбөрийг чөлөөлсөн, суралцагчид сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авдаг гээд давуу тал, боломжууд олон. Гэвч албан мэдээгээр Есдүгээр анги төгсөгчдийн 20 хүрэхгүй хувь нь, 12 дугаар анги төгсөгчийн дөнгөж найм орчим хувь нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд дэвшин суралцдаг аж. Энэ бол мэргэжлийн боловсрол олгогч коллежуудын талаарх мэдээлэл бага, хэрэглэгчдэдээ хүрдэггүйтэй холбоотой гэж талууд үзэж байгаа юм. Тиймээс бид мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг дэмжин, сургалтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, бүрэн, бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн мэргэжил, ур чадвар эзэмших сонголтод нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сурталчилгаа мэдээллийн хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийг цаашид хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Энэ онд “Мэргэжилтэй монгол” хөтөлбөр нь мэдээлэл сурталчилгаа дээр зөвлөн туслах, контент бүтээгдэхүүнийг 2-3 дахин хямд үнээр гүйцэтгэх зэргээр дэмжиж байна. Хөтөлбөрт Монгол-Солонгосын политехник коллеж, Төв аймгийн Эрдэнэ, Заамар политехник коллеж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа политехник коллеж хамрагдаад байна.
“Мэргэжилтэй монгол” хөтөлбөр хэрэгжиж байна.
Дашрамд дурдахад, “Амгалан дэлхий” ТББ нь тогтвортой хөгжлийн үзэл санаа, боловсролыг түгээн дэлгэрүүлж Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий нийгэмд үйлчлэх зорилготой. 2021 онд байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой хөгжлийн боловсрол онцолбол байгаль орчин, боловсрол, хүний эрх, жендерийн чиглэлээр нөлөөлөл, сургалт, сурталчилгааны ажлыг санаачлах, хамтрах зэргээр гүйцэтгэж ирлээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.
Эх сурвалж: Амгалан дэлхий ТББ, бэлтгэсэн сэтгүүлч Г.Нараа