Ш.Отгонхүү: “Эрдэнэ” политехник коллеж 15 хөтөлбөрөөр чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байна
Ш.Отгонхүү: “Эрдэнэ” политехник коллеж 15 хөтөлбөрөөр чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байна

Төв аймгийн “Эрдэнэ” политехник коллежийн захирал Ш.Отгонхүү

Амгалан дэлхий ТББ-ын санаачилсан мэргэжлийн болон техникийн боловсролыг дэмжих “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн “Эрдэнэ” политехник коллежийн захирал Ш.Отгонхүүтэй ярилцлаа.

“Ар Хустайн сургууль-комбинат” нэрээрээ алдаршсан Боловсролын яамны харьяа, магадлан итгэмжлэгдсэн, Алтан гадас одонт Төв аймгийн Эрдэнэ политехник коллеж нь 1955 онд байгуулагдсан, 71 жилийн түүхтэй Монголын хөдөө аж ахуйн ууган сургуулиудын нэг билээ. Тус сургууль энэ хугацаанд 35 мянга гаруй чадварлаг мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан байна. Төгсөгчдийн дундаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар 20, гавьяат 15, улс, аймгийн аварга 300 гаруй хүн төрөн гарсан нь тус сургуулийн бахархалт амжилт юм. Мөн эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан олон шилдэг тамирчин, салбар салбарын манлайлагчид энэхүү сургуулиас төрөн гарч, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

-Та коллежийнхоо алсын хараа, эрхэм зорилгын талаар танилцуулна уу?

-Манай коллеж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх алсын хараатайгаар “Зөв төлөвшилтэй, өндөр чадамжтай” Монгол иргэнийг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд нийт 540 гаруй оюутан, 60 багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр техникийн болон мэргэжлийн боловсролын 15 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэн ажиллаж байна.

mergejiltei_mongol3  “Эрдэнэ” политехник коллеж 15 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

-2026–2027 оны хичээлийн жилд ямар мэргэжлээр элсэлт авч байна вэ?

-Манай коллеж техникийн болон мэргэжлийн боловсрол олгох нийт 15 сургалтын хөтөлбөрөөр элсэлт авч байна. Үүнд

1. Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын хөтөлбөр,

2. Техникийн боловсрол олгох 1.5 жилийн сургалтын хөтөлбөр,

3. Мэргэжлийн үнэмлэх болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшүүлэх гурван жилийн сургалтын хөтөлбөрүүд багтаж байна.

Техникийн боловсрол олгох 1.5 жилийн сургалтын хөтөлбөр нь дипломын боловсрол олгодог бөгөөд суралцагч богино хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмших боломжтой. Энэ чиглэлээр мал, амьтны эмнэл зүй /малын бага эмч/, мал зүйч /зоо техникч/ мэргэжлүүдээр элсэлт авч байна. Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн үнэмлэх олгодог бөгөөд богино хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, практик ур чадвартай ажилтан бэлтгэдгээрээ онцлогтой. Үүнд: Мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн ашиглалт, гагнуур, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоолны үйлчилгээ ойн аж ахуй, механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ хөтөлбөр багтдаг. 

Мэргэжлийн боловсрол олгох гурван жилийн сургалтын хөтөлбөр нь суралцагчдад мэргэжлийн үнэмлэх болон бүрэн дунд боловсролыг зэрэг эзэмших боломжийг олгодог. Ингэснээр төгсөгчид цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах эсвэл хөдөлмөрийн зах зээлд шууд ажиллах боломжтой. Энэ хөтөлбөрөөр уул уурхай, машин механизмын угсралт, засвар үйлчилгээ, механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, гагнуур, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоолны үйлчилгээ, хэрэглээний программ, мал, амьтны эмнэл зүй, уул уурхайн ашиглалт зэрэг мэргэжлээр элсэлт авч байна.

mergejiltei_mobgol4  “Эрдэнэ” политехник коллеж 15 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

-Танай коллежийг сонгон суралцах гэж буй хүүхэд, залууст хандаж сургуулийнхаа давуу тал болон бусад сургуулиас ялгарах онцлогийг танилцуулна уу?

-Манай коллеж нь Улаанбаатар хотоос 70 орчим километрийн зайд, цэвэр агаартай, кампус хэлбэрийн тав тухтай орчинд сургалтын үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Суралцагч бүрд сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг олгодог бөгөөд энэ нь тэдний суралцах идэвхийг нэмэгдүүлэхээс гадна  цаашлаад гарааны бизнесээ эхлүүлэхэд бодит дэмжлэг болдог. Мөн сургалтын төлбөр, дотуур байр, хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцдаг тул суралцагчид санхүүгийн дарамтгүйгээр суралцах боломж бүрддэг. Манай коллеж нь зөвхөн мэргэжил эзэмшүүлэхээс гадна боловсролоо шат дараатай ахиулах боломжийг суралцагчдадаа олгодог. Төгсөгчид дотоод, гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахын зэрэгцээ Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн тооцуулж, 2–3 дугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцах боломжтой. Ийнхүү манай коллеж нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.

-Танай сургууль суралцагчдаа гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамруулдаг вэ?

-2017 оноос “Монгол малчин” төслийн хүрээнд суралцагчдаа ОХУ болон БНХАУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулж эхэлсэн. Үүнээс гадна багш, суралцагчдаа богино хугацааны сургалт болон солилцооны хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагчид ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль, Бугат хотын Хөнгөн үйлдвэрийн их сургууль болон Хөдөө аж ахуйн чиглэлийн их сургуулиудад инженерийн мэргэжлээр суралцаж байна. Одоогийн байдлаар 90 гаруй суралцагч 100 хувийн тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшиж байна. Анхны төгсөгчид эх орондоо ирж, эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. 

Мөн БНСУ-ын гурван их сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид 10 суралцагч Дэгү их сургуульд хэлний бэлтгэлд суралцаж байна. Түүнчлэн Чусон их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ирэх хичээлийн жилээс суралцагчдаа илгээх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Танай сургуулийн төгсөгчид ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцдаг. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгнө үү.

-Тийм ээ. Жил бүр манай коллежийн 15 төгсөгч ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, цахилгааны инженер, уул уурхайн инженер, барилгын инженер, бизнесийн удирдлагын чиглэлээр 5 жилийн хугацаатай суралцдаг.

mergejiltei_mongol1  “Эрдэнэ” политехник коллеж 15 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

-Танай сургуулийн төгсөгчдөөс 20 Монгол Улсын хөдөлмөрийн баатар гарчээ. Аль салбарт түлхүү ажиллаж байна вэ?

-Манай хөдөлмөрийн баатрууд голчлон хөдөө аж ахуй болон тээврийн салбараас төрөн гарсан. Тухайн үед Атрын аян хэрэгжиж байх үед трактор, комбайнч, жолооч зэрэг мэргэжлээр боловсон хүчин түлхүү бэлтгэгдэж байсан бөгөөд төгсөгчид маань шинэ суурин, сангийн аж ахуйг байгуулж, салбарын хөгжлийн үндэс суурийг тавьсан байдаг.

-Танай сургуулийг төгссөн төгсөгчид сургуультайгаа хэрхэн эргэх холбоотой хамтран ажиллаж, төгсөгч болон суралцагчдыг ажлын байраар хангах чиглэлд ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Манай сургуулийн төгсөгчид сургуультайгаа байнгын холбоотой ажиллаж, төгссөн мэргэжлээрээ салбартаа амжилттай хөдөлмөрлөж байна. Төгсөгчид маань жил бүр их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах хоёр суралцагчид сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Мөн өөрсдийн ажиллаж буй байгууллага, компаниудад төгсөгчид болон суралцагчдыг ажилд зуучлах, ажлын байраар хангах чиглэлээр бодитой дэмжлэг үзүүлдэг.

mergejiltei_mongol2  “Эрдэнэ” политехник коллеж 15 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

-Танай сургуулийн сүүний ангийн бүтээгдэхүүн “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд сүү, цагаан идээг тогтмол нийлүүлдэг юм байна. Суралцагчдын дадлага, үйлдвэрлэлтэй хэрхэн уялдуулан хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү.

-2017 онд төслийн баг байгуулан, хамт олныхоо хүсэл мөрөөдөл, санаачилгыг нэгтгэн төсөл хөтөлбөр боловсруулж, хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагуудад хандан хамтран ажиллаж ирсэн. Бидний хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс дурдвал Бүгд Найрамдах Чех Улс болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах сургалтын төв”-ийн төсөл, дотуур байрны “Барилгын дулаалгаар эрчим хүчийг хэмнэх нь” төсөл, мөн ММБҮ-ийн сургалтын төвийн төслүүд өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна.

Мөн “Монгол малчин” хөтөлбөртэй хамтран “Монгол малчин мэргэжлийн боловсрол” төслийн хүрээнд Мал аж ахуйн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бол одоо техникийн боловсролын түвшинд хоёр хөтөлбөр нээн сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Түүнчлэн манай коллежийн Хоолны үйлчилгээ, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн.

Эх сурвалж: Амгалан дэлхий ТББ, бэлтгэсэн сэтгүүлч Г.Нараа