Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогттой өнөөдөр /2026.05.11/ уулзжээ. Уулзалтаар хүний эрхийн хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах, биелэлтэд хяналт тавих шаардлагатай байгаа талаар санал солилцсон байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр 2022–2025 онд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 54 зөвлөмжийг УИХ-д хүргүүлжээ. Үүнээс 37 зөвлөмж нь УИХ-ын 2022 оны 49, 2023 оны 35, 2024 оны 37, 2025 оны 77 дугаар тогтоолд тусгагдсан байна. Засгийн газарт уг тогтоолуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Ахмад настны тухай, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай Хүүхэд хамгааллын тухай хуулиудад Комиссоос өгсөн есөн зөвлөмж тусгагдсан байна. Гэсэн хэдий ч Комиссоос дээрх онуудад хүргүүлсэн нийт 54 зөвлөмжийн 17 орчим хувь нь хууль тогтоомжид тусгагдсан нь хангалтгүй үзүүлэлт юм.
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, гишүүд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогттой өнөөдөр /2026.05.11/ уулзжээ.
Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирол нөхөн төлүүлэхэд чиглэсэн хууль, Кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахад чиглэсэн хууль, иргэдийн эдийн засгийн баталгааг бүрдүүлэх зэрэг гол гол хуулиудыг нэн тэргүүнд батлуулах шаардлага байгаа талаар дурдлаа.
Хүний эрхийг хангах хүрээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай. Төрийн байгууллага, албан тушаалтнууд хүний эрхийг хангах, хамгаалах талаар тогтмол ярьдаг боловч бодит ажил, бодит үр дүн хангалтгүй, байгууллага, институт хоорондын уялдаа холбоо сул, төсөв, санхүүгийн болон бусад шалтгааны улмаас хууль тогтоомжийн хэрэгжилт дутмаг, аргацаасан шинжтэй байгааг залруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.