Бодьхүү: Хийж буй уран бүтээлдээ ээжийгээ хайрлаж байгаа мэт чин сэтгэлээр хандах хэрэгтэй
Бодьхүү: Хийж буй уран бүтээлдээ ээжийгээ хайрлаж байгаа мэт чин сэтгэлээр хандах хэрэгтэй

Гэрэл зургийг уран бүтээлчийн хувийн архиваас ашиглав.

“Eda’s булан”-гийн ээлжит дугаараар бид хип хоп продюсер Бодьхүү буюу С.Мөнхбаатарыг онцолж байна. Түүний уран бүтээлүүд чөлөөт сэтгэлгээ, дотоод ертөнцийн бодит тусгал болж, сонсогчдын зүрх сэтгэлийн гүнд цуурайтаж чаддаг билээ. Өөрийн зам мөрийг бүтээж, тууштай хөдөлмөрлөж яваа түүний хөгжмийн философи, хувь хүний үзэл бодлыг уншигчдадаа хүргэхийг зорив.

-Та сайн байна уу? Ярилцлагын эхэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Эцэг эхээс надад өгсөн нэр бол С.Мөнхбаатар. Уран бүтээлийн Бодьхүү нэрээр маань хүмүүс илүү сайн мэднэ. Увс аймагт төрж өссөн. Оюутан болоод Улаанбаатар хотод ирсэн. ХААИС-д ландшафтын архитектурын чиглэлээр суралцаж төгссөн. Гэсэн ч мэргэжлээрээ ажиллаагүй, сонирхол ч байгаагүй. Шууд хөгжим, уран бүтээл хийхээр зорьсон. Их сургуульд сурч байх хугацаандаа бага багаар хөгжим хийж, “edit” хийдэг байсан. Төгсөөд “Дунд гол”-ын Дилоб гэдэг хүнтэй танилцаж, өмнө нь хийж байсан хөгжмүүдийнхээ “demo”-г сонсгосон. Тэр үеэс эхлээд хөгжим, уран бүтээлийн зам руу илүү орж, продюсерын карьераа эхлүүлж, “Дунд гол” нэрийн дор DJ хийж эхэлсэн.

-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа дуугүй төрлийн хүүхэд байсан. Сургуульд ороогүй жаахан байхад манай үеэл Улаанбаатараас Камертон хамтлагийн “18 нас” кассетыг явуулж байсан. Тэрийг сонсоод хөгжим маш их таалагдаж, хөгжимд дурласан гэж хэлж болно. Бүр унтахдаа том кассет тоглуулагчтай хөгжмөө тэврээд сонсож унтдаг байсан. Бага ангидаа кассет тоглуулагчтай болоод тухайн үед алдартай байсан монгол хип хоп хамтлагуудын кассетыг авч сонсдог болсон. Амралтаараа суманд байдаг өвөө, эмээдээ очдог, малд явахдаа хүртэл хөгжим сонсоод явдаг байсан.

-Өссөн орчин, соёл таны уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Нэгдүгээрт, багаасаа хөдөө, байгальд ойр өссөн болохоор амгалан тайван, уртын дуу шиг мэдрэмж, уур амьсгал надад суусан. Миний уран бүтээлийн чиглэл уянгын “instrumental hip hop” байдаг бөгөөд “бийт” /beat/-үүдэд ч тэр тайван, гүн мэдрэмж нөлөөлсөн гэж боддог. Хоёрдугаарт, хомсдол. Бага байхад дуу хөгжмийн олдоц ховор байсан. Ахлах ангидаа бол хотод ямар дуу хит болж байгааг л сонсдог байлаа. Гадаад хип хоп бараг сонсож байгаагүй. Ахлах ангид байхдаа реп хийх гэж оролдож, үеийнхэндээ зориулж тоглолт хийдэг байсан. Тухайн үед хотод хит болж байсан дуунуудыг дуулдаг байсан ч “instrumental” олдохгүй. Тиймээс дууны хоосон хэсгүүдийг тастаж авч, “loop” хийгээд яг “instrumental” шиг болгоод ашигладаг байлаа. Бичлэг хийхэд ч хүндрэлтэй. CD бичдэг төхөөрөмжтэй паб, бааруудыг гуйж 30 минутын эрх аваад, хамтлагаараа тойрч зогсоод нэг дор бичдэг байсан.

-Яагаад хип хоп урлагт татагдсан юм бэ?

-Хип хоп бол залуу хүний энергийг хөдөлгөдөг, маш шинэлэг, чөлөөтэй урлаг. Ямар ч хайрцагт баригдахгүй, үг хэллэг нь хүртэл миний өмнө сонсож байгаагүй шинэ мэдрэмж өгч байсан.

-Ийм учраас хип хоп урлагт үнэнч явдаг гэсэн үг үү?

-Багаас л хип хопын суурь суусан байсан. Харин оюутан байх үедээ “commercial” хип хопоос цааш гарч илүү хөгжимлөг, чанартай бүтээлүүдийг сонсож эхэлсэн. Тэр үед хип хоп гэдэг нь заавал “гангста” хэв маяг биш харин хүний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой, маш амьд урлаг юм байна гэдгийг ойлгосон. Жазз, соул, фанк, бүр рок хүртэл хип хопын нэг хэсэг болж чаддаг гэдгийг мэдэрсэн. Ингэснээр хип хопын зөвхөн өнгөн тал, “label”-н дүр төрх биш харин түүний гүн утга, хөгжмийн суурь, баялаг ертөнцийг нь олж харсан. Хип хопын цаад хөгжим өөрөө маш баялаг. Сонсоод байхад агаар, ус, хоол шиг зайлшгүй хэрэгцээ болчихдог. Тэгээд би яг тэр хөгжмөөр “хооллож” эхэлсэн.

-Хип хопын гүн гэдэг тодорхойлолт их хэлж байна. Өөрийнхөөрөө тайлбарлавал?

-Хоолоор зүйрлэвэл, “commercial” хөгжим нь түргэн хоол шиг хурдан, түргэн, амархан, урт хугацаанд өгөөж багатай. Харин энгийн хүнсний ногоо аваад гэртээ өөрөө хоол хийх нь илүү чанартай, амин дэмтэй байдагтай адил. “Underground” хөгжмийг хүмүүс “зэвүүн” гэж хүлээж авдаг. Гэхдээ тэр бол өөрийн хүрээлэлтэй. Жишээ нь, цагаан хоолыг хүн бүр иддэггүйтэй адил ойлгодог, сонирхдог хүмүүс нь л үнэлдэг гэсэн үг юм. Ялангуяа жазз, хип хоп гэх мэт чиглэлд амьд хөгжмийн мэдрэмжийг “sample” хийж, нарийн хийцтэй хөгжим бүтээдэг. Тийм бүтээлийг ойлгож, мэдэрч сонсох хүмүүс цөөхөн. Тэр утгаараа ийм хөгжим нь “underground” ангилалд ордог.

БИ БҮТЭЭЖ ҮЛДЭЭХ ТАЛ РУУ ИЛҮҮ ТАТАГДДАГ

bodikhuu_4 Гэрэл зургийг уран бүтээлчийн хувийн архиваас ашиглав. 

-Олон төрлийн хөгжим дундаас “энэ л минийх” гэдгийг хэрхэн таньж, ойлгосон бэ?

-Би барууны хөгжмөөс тодорхой хэмжээнд үлгэр авдаг. Гэхдээ миний хөгжмийг анхааралтай сонсвол бүх зүйл дээр өөрийн өнгө орсон байдаг. Бөмбөр зохиохдоо хүртэл дуугаралт, давхар эффектүүд, жижиг деталь бүр дээр миний өөрийн “groove” шингэсэн байдаг. Илүү нарийн сонсвол тухайн дууны цаана хэнийхтэй ч ижил биш зөвхөн минийх гэж хэлж болох дуугаралт гарч ирдэг. Үүн дээр миний сонгодог “sample”-ууд тэдгээрийг хэрхэн эвлүүлж, ямар уур амьсгал бүрдүүлдэг гээд бүгд нийлэн миний уран бүтээлийг бий болгодог. Хүн хөгжим хийж байгаа үед мэдээж бусдын уран бүтээлээс урам зориг авна. Гэхдээ төвлөрч, чин сэтгэлээсээ хийвэл хэзээ ч хэн нэгнийхтэй яг адилхан болдоггүй. Харин өөрийн гэсэн өвөрмөц дуугаралт аяндаа бүрэлддэг.

-Тэгвэл та өөрийн бүтээдэг дуугаралт, мэдрэмжийг тайлбарлаж болох уу?

-Дуугаралт, мэдрэмжийг үгчлэн тайлбарлахад үнэндээ хэцүү. Гэхдээ оролдъё. Жишээ нь,  “Akai MPC” гэж байдаг. Хип хоп продюсеруудын “төгөлдөр хуур” шиг гэж хэлж болох “sampler” л даа. Үүн дээр бөмбөр хийхэд компьютер дээр хулганаар дарахаас өөр, илүү амьд мэдрэмж төрдөг. Үүнийг ашигладаг олон продюсер бий. Жишээлбэл, “kick” гэхэд амьд хөгжмийн бөмбөрийн дуугаралтыг тасдаж авч ашигладаг. Тэр бүх дуу чимээний ард тухайн уран бүтээлчийн мэдрэмж, сүнс нь шингэж байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, олон уран бүтээлч нэг ижил “sample” ашигласан ч түүнийг хэрхэн сонгож, яаж эвлүүлж, ямар мэдрэмжээр гаргаж байгаагаас шалтгаалаад огт өөр бүтээл болдог. Дуугаралт гэдэг бол хязгааргүй ойлголт. Нэг дуу чимээ сонгохын тулд хэдэн мянган “sample” сонсож, туршиж байж энэ л зөв юм байна гэж шийддэг. Гэхдээ тэр гоё мэдрэмжийг яг үгээр бүрэн илэрхийлэхэд хэцүү юм байна.

-Өөрийн хэв маяг, уран бүтээлчийн онцлогийг бий болгох хүртэл явсан замынхаа тухай ярьж өгөөч.  

-Анх “beat”-г үржүүлж, тухайн дууг яг анхдагч “instrumental” шиг дуурайлгаж хийхээс эхэлсэн. Оюутан байхдаа компьютер худалдан авч хөгжмийн программ ашиглан өдөр, шөнөгүй туршиж “edit” хийдэг байсан нь миний суурь болсон. Тухайн үед нэг найзаасаа “FruityLoops”-н “demo” хувилбарыг авч анхны хөгжмүүдээ хийж эхэлсэн. Хадгалах боломжгүй байсан ч зогсолтгүй оролдсоор байсан. Тэр үед “sample хийх” гэдгийг мэддэггүй байлаа. Нэг өдөр “Gang Starr”-н DJ Premier-н бүтээлийг сонсоод жазз, амьд хөгжмийг хип хоп болгон хувиргаж болдгийг анх ойлгосон. Үүнээс хойш хип хоп үндсэндээ “sample” дээр суурилдаг гэдгийг нээж мэдсэн. Интернэт, уран бүтээлч орчин байхгүй тул бүх зүйлийг өөрөө бодож, боловсруулж сурсан. Дараа нь “FruityLoops” дээр жазз хэсгүүдийг ашиглаж эхэлсэн. Улмаар монгол дууг яагаад “sample” хийж болохгүй гэж бодоод “Хөдөө гаръя” (Соёл-Эрдэнэ)-г анх хийсэн. Үүний дараа “Akai MPC”-г юүтүбээс хараад шууд татагдсан. Тэр төхөөрөмжийг ямар гайхалтай зүйл вэ гэж бодоод анхны “MPC”-ээ авахад маш их баярлаж, бүр өвөртөлж унтдаг байсан. Тэр төхөөрөмжөө олон жил ашигласан. Одоо ч гэсэн өөр өөр “MPC”-үүд ашиглан уран бүтээлээ хийсээр байгаа.

-Таны уран бүтээлийн карьерт хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл юу вэ?

-“Дунд гол”-ын Дилоб. Хэрэв би тэр хүнтэй учраагүй байсан бол хөгжмөө хийсээр л явах байсан байх. Гэхдээ монголын хип хопын хүрээнд, ердийн түвшинд л үлдэх байсан болов уу. Түүнтэй уулзсанаар би “next level sample” гэдгийг ойлгосон. Ингэснээр “sample” дээр суурилсан “instrumental” хип хоп цомог хийдэг дэлхийн алдартай уран бүтээлчдийг таньж, судалж эхэлсэн. “Instrumental” хөгжим байсан ч хүмүүсийг огт уйдаахгүй харин ч сонирхлыг нь барьж чаддагийг ойлгоход яг л толгой дотор “тэсрэлт” болох шиг мэдрэмж төрсөн.

-Хип хоп урлагт та багаасаа үнэнчээр дурлаж, сонсож ирсэн байна. Гэхдээ олон хүн цаг хугацааны явцад багын хүсэл мөрөөдлөөсөө хөндийрч, өөр зам сонгодог. Өнөөг хүртэл тууштай үлдэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

-Анхнаасаа л би хөдөө өссөн хүн. Хотын хүүхдүүд шиг олон зүйлд сатаарч, анхаарал сарних орчинд байгаагүй. Тиймээс нэг зүйлдээ төвлөрч, тууштай байх мэдрэмж багаас суусан байх гэж боддог. Энэ зан чанар л намайг дурласан зүйлдээ үнэнч байхад хамгийн их нөлөөлсөн болов уу.

bodikhuu_3 Гэрэл зургийг уран бүтээлчийн хувийн архиваас ашиглав. 

-Саяхан нийтэд хүргэсэн шинэ цомгийнхоо тухай яривал?

-Би ер нь жилдээ хоёр, гурван цомог гаргадаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жилд жаахан гацчихсан. Нэг цомгоо эхлүүлээд орхих, дахин үргэлжлүүлэх байдлаар явсаар байгаад саяхан л “Mumbai” цомгоо цацлаа. Өмнө нь хэд хэдэн хотын нэрээр нэрлэсэн цомог хийж байсан. Жишээ нь, Улаанбаатар, Москва, Токио, Рио гэх мэт өөр өөр соёл, уур амьсгалтай хот. Санаа нь тухайн хот бүрийн онцлог хөгжим, соёл дээр тулгуурладаг. Ялангуяа 1970, 1980, 1990-ээд оны үеийн хөгжим, кино, бичлэг, зураг зэргийг нь үзэж судалж байгаад тэр үеийн “vintage” уур амьсгалыг төсөөлж, хөгжимдөө шингээхийг оролддог. Ингэснээр тухайн хотыг зүгээр нэг нэрээр нь биш, мэдрэмжээр нь илэрхийлэхийг зорьдог. Мэдээж нэлээн цаг, судалгаа шаарддаг үйл ажиллагаа л даа.

-Зөвхөн хөгжим биш тухайн газар нутгийн соёл, уур амьсгалыг нь давхар судалж шингээхийг зорьдог гэж ойлголоо.

-Тийм. Энэ үйл явц надад маш сонирхолтой байдаг. Зарим хүн намайг тухайн үед, тэр газарт амьдарч байсан юм шиг ойлгох нь ч бий. Жишээ нь, Бразилын сонсогчид “Rio” цомогт их дуртай байдаг. Тэр талаараа надад хүртэл бичиж, сэтгэгдлээ хуваалцдаг.

-Одоо шинэ цомгийн дараагийн төлөвлөгөө болон 2026 оны зорилго юу байна вэ?

-Магадгүй одоогийн бага зэрэг саатал энэ цомогтой холбоотой байж болох юм. Тэр цомогт жаахан “баригдчихсан” мэдрэмж байна. Нэг ажил дуусахгүй байгаа ч юм шиг. Тиймээс дараагийн зүйлээ тодорхой бодож чадахгүй байгаа тал бий. Гэхдээ цомгоо бүрэн гаргаад, нэг мөчлөгөө хаачихвал өөрөө чөлөөлөгдөж, шинэ энерги, шинэ мэдрэмжтэйгээр дараагийн аялалдаа орох байх гэж бодож байна. Энэ ондоо бол дуу хийж, уран бүтээл дээрээ илүү төвлөрөх бодолтой. DJ хийх үед тухайн шөнө, тэр мөчдөө л бүх зүйл өрнөөд дуусчихдаг. Хүмүүсийн сэтгэл хөдлөл өндөр байдаг ч дараа нь тэр мэдрэмж амархан мартагддаг. 

Өмнө нь олон жил DJ хийхдээ үйл ажиллагаа бүр дээр тэр мөчийг бүтээхийн төлөө төвлөрч, “тулгадаг” байсан. Сүүлийн үед аль болох илүү бүтээлч, үлдэх зүйл хийхийг хүсэж байна. Зүгээр нэг тухайн мөчийг өнгөрөөхөөс илүү урт хугацаанд орших, сонсогдсоор байх бүтээл хийх нь чухал санагдаж байгаа. Энэ бол зөвхөн миний л хүсэл эрмэлзэл.

Зарим хүн тухайн мөчийн энергид илүү ач холбогдол өгдөг байх. Харин миний хувьд эсрэгээрээ буюу би бүтээж үлдээх тал руу илүү татагддаг. Олон жилийн дараа би байхгүй байлаа гэхэд миний бүтээлийг олж сонсоод ямар нэг зүйл мэдрэх ганцхан хүн байсан ч сайхан. Тэр л миний зорилгын нэг хэсэг гэж хэлж болно.

ЯМАР НЭГ УРЛАГИЙГ СОНГОСОН БОЛ ГАДНА ТАЛААС БИШ ГҮН РҮҮ НЬ ОРЖ, ҮНДЭС СУУРИЙГ ОЙЛГООСОЙ

bodikhuu_2 Гэрэл зургийг уран бүтээлчийн хувийн архиваас ашиглав. 

-Тэгвэл танаас ингэж асуумаар санагдлаа. Таны хүсэл мөрөөдөл юу вэ. Бусдад хэрхэн дурсагдахыг хүсдэг вэ?

-Надад “мөрөөдөл” гэхээс илүү зорилго бий. Өмнөх шигээ дахин өдөр, шөнөгүй хөгжим дээрээ төвлөрч, гүн орж ажилламаар байна. Гэхдээ нас явах тусам хүн жаахан хайнга болох, заримдаа залхуурах үе байдаг юм байна. Ер нь эрч хүч жаахан суларсан юм шиг. Өмнө нь бол бараг утсаа ч харахгүй, өдөрт 18 цагийг нь хөгжим дээр сууж өнгөрөөдөг байсан. Босоод жаахан юм идчихээд шууд хөгжмөө хийдэг, өглөө 06:00 цагт унтдаг байсан үе ч бий. Ээж, гэрийнхэн хүртэл наад хөгжмийг чинь шатаачихна шүү гэж хэлдэг байсан. /инээв. сур/. Дурсагдахын хувьд гэвэл яах вэ, тийм ч олон хүнд дурсагдахыг хүсдэггүй. 

Гэхдээ миний хөгжмийг сонсдог хүмүүсийн дунд эх орон, ээж аав, гэр орноосоо хол гадаад улсад ганцаараа сурч байгаа оюутнууд байдаг. Ер нь ганцаардсан хүмүүс байдаг, миний сонсогчид. Миний хөгжим тэдэнд нэг төрлийн хань шиг байгаасай гэж хүсдэг.

Яг хажууд нь байгаа найз шиг, дулаан мэдрэмж өгдөг зүйл. Хөгжмөөрөө дамжуулан ганцаардсан хүний дэргэд байгаа мэт мэдрэмжийг өгч чаддаг байвал тэр нь надад хангалттай.

-Хөгжимтэй танилцаж, уран бүтээл хийж эхэлснээс хойш тохиолдсон сайхан зүйлсээсээ хуваалцаж болох болов уу?

-Нэгдүгээрт, найзын хүрээлэл маань маш гоё болсон. Хөгжмөөр дамжуулж хотын хамгийн сонирхолтой, бүтээлч залуучуудтай танилцаж байгаа. Тэднээсээ урам зориг авдаг. Жишээ нь, “Ноно” гэж кофе хийдэг найз минь байсан юм. Тэр хүн кофе хийхдээ яг урлаг шиг ханддаг, маш тууштай, няцашгүй зангаараа надад их үлгэрлэдэг байлаа. Найз минь бурхан болсон ч түүний мөнгөтэй, мөнгөгүй ямар ч нөхцөлд өөрийн дуртай зүйлдээ үнэнч зан, маш том мөрөөдөл нь надад олон сайхан дурсамж, урам зориг үлдээсэн. Хоёрдугаарт, пянз гаргасан мөч надад үнэхээр онцгой байсан. Монголын хип хопын түүхэнд анхны пянзнуудын нэг гэж хэлж болох байх. Үнэхээр том дурсамж бас бахархал болсон үе юм даа.

-Манай өнөөгийн уран бүтээлч, уран бүтээлийг хэрхэн хардаг вэ?

-Одоогийн байдлаар хөгжим хийж байгаа залуусын олонх нь жаахан хөөсөрсөн, өнгөн талаас хэтэрхий үлгэр дуурайлал авдаг юм шиг санагддаг. Хүн бүр өөр өөрөөр хийх нь ойлгомжтой л доо. Гэхдээ би “underground” чиглэлд илүү сонирхолтой. Ер нь ямар нэг урлагийг сонгосон бол зүгээр гадна талаас биш гүн рүү нь орж, үндэс суурийг ойлгоосой гэж боддог. Хамгийн энгийнээр нь хоолтой зүйрлэе. Сошиал медиагаар зөвхөн түргэн хоол л сурталчлаад хүмүүс зөвхөн үүнийг нь идээд байвал харамсалтай шүү дээ. Илүү ухамсартай байж, хийж байгаа зүйлдээ яг ээжийгээ хайрлаж байгаа шиг чин сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэгж чадвал олон сонирхолтой, чанартай уран бүтээл гарч ирэх боломжтой. Харин зөвхөн нэг чиглэлийг дагаад, алдартай хүмүүсийг дуурайгаад яваад байвал өөрөө ч мэдэлгүй нэг хайрцагт орчихдог. Би ч анх “commercial” хип хопоос эхэлж сонсдог байсан. Харин цаашлаад соул, фанк, жазз зэрэг дэлхийн олон төрлийн хөгжмийг судалж, сонсдог болсон.

-Уран бүтээлч байхад тууштай, тэвчээртэй байх ёстой юм шиг ээ?

-Амжилтыг эхнээс нь бодоод эхэлбэл тэвчээр амархан алдагддаг. Тиймээс эхлээд амжилт гэхээс илүү өөрийн дотоод мэдрэмжээ дагах нь чухал. Надад л гоё байна, хүмүүс зогссон ч би зогсохгүй гэдэг хандлага хэрэгтэй. Надад ч бас тийм “эго” байдаг. Олон гоё хамтлаг, уран бүтээлч гарч ирээд хэсэг хугацааны дараа алга болдог. Харин би өөрийгөө 50–60 жил энэ чиглэлээр явна гэж төсөөлдөг. Олонд танигдах, мөнгө олохыг эхний зорилгоо болгож байгаагүй. Тийм бодол орж ирвэл зүрх сэтгэл булингартчих юм шиг санагддаг. Урт хугацаанд тууштай хийх нь миний зорилго. Угтаа чиний хамгийн том дайсан бол чи өөрөө шүү дээ. Тиймээс сатаарахгүй, тууштай байх гэдэг нь өөртэйгөө хийж байгаа тэмцэл. Зарим хүн яаж олонд танигдах вэ, яаж дэлхийд гарах вэ гэж асуудаг. Анхаарал нь өөр зүйл дээр байна гэсэн үг юм даа. Тэгэхээр тэр хүн уран бүтээлч болохоосоо илүү сайн амьдрахыг хүсэж байгаа хүн байх нь. Тиймээс хамгийн чухал зүйл бол чин сэтгэлээсээ хийх.

-Тэгвэл 60 настай Бодьхүүг хэрхэн төсөөлдөг вэ?

-Чих жаахан дүлийрчихсэн явж байж магадгүй дээ. /инээв.сур/

-Тэгвэл 10 жилийн дараах өөрийгөө яаж харж байна вэ?

-Тодорхой төлөвлөсөн, харсан зүйл алга. Өнөөдөртөө төвлөрч байх нь өөрөө хамгийн чухал юм шиг санагддаг даа.

bodikhuu_1 Гэрэл зургийг уран бүтээлчийн хувийн архиваас ашиглав. 

-Бидний ярилцлага үүгээр өндөрлөх гэж байна. Уран бүтээл болохоор хүсэж мөрөөдөж, хичээж зүтгэж буй хүмүүст хандаж юу гэж хэлэх бол?

-Залуучууд уран бүтээл хийж эхлэх үед гэр бүл, ойр дотнын хүмүүс нь ихэвчлэн эсэргүүцдэг. Одоо боль, мөнгө олохгүй байна, үүгээр яаж амьдрах вэ гэх мэтээр хэлж шантраах тохиолдол ч байдаг. Надад ч тийм үе олон тохиолдож байсан. Хамгийн дуртай зүйлээ олчихсон байлаа ч түүнийгээ больчихдог олон хүн байдаг. Тэдэнд хэн нэгэн боль гэсэн үед нь шууд зогсож болохгүй. Өнөө, маргаашдаа мөнгөгүй, хэцүү байсан ч дуртай зүйлээ хамгийн сайн түвшинд хүртэл нь хийж хөгжүүлэх хэрэгтэй. Хүн хөгжөөд ирэхээр дуртай зүйл нь заавал үр дүнгээ өгдөг. Тэр болтол нь тууштай хийх л чухал, мөнгөтэй ч бай, үгүй ч бай.

-Зарим хүн амьдралын үүрэг, хариуцлагаасаа болоод орхих тохиолдол байдаг.  

-Тэр нь нэг талаараа хувь тавилан байх. Зарим нь больдог. Харин больсон ч хүсэл нь үлдээд үргэлжлүүлмээр санагдсаар байдаг зарим хэсэг ч бий. Хэрэв тийм үеийг туулж, тохиолдож байгаа бол хүслээ дагаад тууштай хийсээр байсан нь дээр гэж боддог. Олон хүн яг амжилтад хүрэх шатандаа шантраад орхидог.

 Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.