“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын 12 дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын 12 дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

Монгол орны унаган амьтдын нэг хулан түүхэн тархац нутагтаа шилжин нутагшиж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн байгууламжууд болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн бэлчээр, усны нөөцийн хомсдол зэрэг нь нүүдэлчин хулангийн оршин тогтнолд сорилт болсоор байна. Иймээс өргөн уудам нутагт чөлөөтэй нүүдэллэн амьдрах боломжийг хадгалсан бэлчээр нутгийг урт хугацаанд хамгаалах, сэргээх бодлого, үйл ажиллагааг Засгийн газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгээр хийж гүйцэтгэжээ. Үүний дүнд Транс-Монголын төмөр замын зүүн талд буюу түүхэн тархац нутагтаа хулангийн сүрэг нутагшиж эхэлсэн байна. Энэ нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг хамгаалж, сэргээхэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгсөн амжилттай жишээ хэмээн тодотгожээ.

Дэлхийн хулангийн нийт популяцын 80 гаруй хувь буюу 91 мянга орчим бодгаль Монголын говьд тархан амьдарч байна.

“НОГООН” ӨДӨР

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тавдугаар сарын 9-нд боллоо. Энэ удаа “Шувуу бүр чухал-Таны ажиглалт үнэ цэнтэй” уриа дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Жил бүр энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэж нүүдлийн шувуудын амьдрал, тэдгээрийн нөхцөл байдлын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд таниулах ажил, шувуу ажиглах үйл ажиллагаа зэргээс эхлээд доройтож, цөөрч буй зүйлийн амьдрах орчныг сэргээх, хамгаалах бодлогын хүрээг хүртэл хамардаг. Дэлхийн нүүдлийн шувуудыг хамгаалах нь хамтын хариуцлага гэдгийг онцолж, улс орнууд хамтран ажилласнаар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг уриалдаг.

Энэ онд Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг хоёр удаа тэмдэглэх бөгөөд дараагийнхыг нь ирэх 10 дугаар сарын 10-нд товложээ. Шувуудын нүүдлийн оргил үе таарах тул ийнхүү зохион байгуулж буй ажээ.

“НОГООН” БҮТЭЭЛ

“Томүжин алтернатив” сургуулийн ахлах ангийн дөрвөн сурагчаас бүрдсэн “Flow” баг байгаль орчноо хамгаалах, байгальд хаягдаж буй хог хаягдлыг бууруулах зорилгоор бүтээсэн төхөөрөмжөө өнгөрсөн долоо хоногт танилцууллаа.

Сурагчид голын урсгал даган хөвж буй хатуу хог хаягдал, ялангуяа хуванцар, хөөсөнцөр бохирдлыг автоматаар байнга шүүн цэвэрлэх боломжтой төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү төхөөрөмжөө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-аас энэ сарын 5-ны өдрийн хугацаанд Туул голын Яармагийн шинэ гүүрний доогуур урсаж буй хэсэгт туршилтаар суурилуулж, ажиллах үйл явц, үр дүнг нийтэд харуулсан юм.

“НОГООН” ДЭЛХИЙ

Их Британийн хамгийн том шувуу хамгаалах байгууллага буюу Хатан хааны Шувуу хамгаалах нийгэмлэгийн менежерүүд “Сүүлийн жилүүдэд шувуу ажиглагчдын дунд залуусын тоо мэдэгдэхүйц өссөн. Залуус байгальд гарахын, амьд байгалийг мэдрэхийн ач тусыг илүү ойлгодог болсон” гэжээ. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар Их Британид 16–29 насныхан буюу “Gen Z” хэмээн нэрлэгдэж буй 700 мянга гаруй шувуу ажиглагчтай болжээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад арав дахин өссөн үзүүлэлт ажээ. 28 настай шувуу ажиглагч Эмили Аскью “Манай үеийнхэн гадаад ертөнцтэй, байгальтайгаа дахин холбоо тогтоохыг хүсэж байгаа байх. Ер нь “Gen Z” үеийнхэн байгаль орчинд их санаа тавьдаг хүмүүс” хэмээн ярьжээ. Тэрбээр Instagram хаягтаа 20 мянга гаруй дагагчтай бөгөөд шувуудын зураг, бичлэгээ сошиал орчинд тогтмол хуваалцдаг бөгөөд сүүлийн үед өөртэй нь ижил насны хүмүүс байгаль сонирхох нь илт нэмэгдсэнийг анзаарсан байна.

Хатан хааны Шувуу хамгаалах нийгэмлэгээс саяхан 16–24 насныханд өөрийн хамгаалалтын бүсүүдэд үнэ төлбөргүй нэвтрэх шинэ хөтөлбөр зарлажээ. Тус байгууллагаас аналитикийн “Fifty5Blue” компанитай хамтран хийсэн судалгаагаар шувуу ажиглалт “Gen Z” үеийнхний дунд нь үнэт эдлэл урлахын дараах хамгийн хурдтай өсөж буй хобби нь болсон гэжээ. Энэхүү асуулгад 24 мянга гаруй хүн оролцсон бөгөөд 2018–2026 оны хооронд бүх насны хүмүүсийн дунд шувуу ажиглах сонирхол 47 хувиар өссөн дүн гарсан байна. Үүний үр дүнд, Их Британид шувуу ажиглагчдын тоо найман жилийн өмнөх 2.7 саяас өнөөдөр дөрвөн сая гаруйд хүрсэн гэж тооцоолжээ.

Нийгэмлэгийн зөвлөх Молли Браун “Ийм олон залуус шувуу ажиглах сонирхолтой болж байгааг харахад үнэхээр сайхан байна. Энэ судалгаа шувуу ажиглалт бол хуучирсан, цөөн хүний сонирхол биш болж, улам залуу, олон талын сонирхолтой хүмүүсийг татаж байгааг харуулж байна” гэжээ.  Мөн шувуу ажиглахыг хэн ч хийж чадна. Шувууны талаар их эсвэл бага мэдлэгтэй байх нь хамаагүй. Зөвхөн хүмүүсийг гадаа гарч, өөртөө үзэсгэлэнт ногоон орчныг нээж, хөдөлгөөнтэй байж, амьдралын хэмнэлийнхээ хурдыг тохируулж, уужуу амьсгал авахад тусалдаг юм. Үүнээс хүн бүр өөртөө хэрэгтэй зүйлийг хүртэнэ” хэмээн онцолсон байна. Харин эмч Амир Кан “Шувуудын жиргээ, ялангуяа үүрийн гэгээний үеийн хамгийн чанга, хамгийн уянгалаг дуулал нь хүний биед серотонин ялгаруулж, илүү аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг” гэж ярьсныг BBC мэдээлжээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim12_2“МӨНХ НОГООН НАРС”

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон бол Монгол оронд ургадаг таван төрлийн шилмүүст модтой ой моддын үзэсгэлэн гоо, байгалийн өнгө үзэмж цогцолсон газар. Манай оронд ургадаг таван төрлийн шилмүүст модны нэг нь байгаль болон хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой нарс юм. Нарс модыг хүчилтөрөгчийн үйлдвэр хэмээн нэрлэж болно. Нарсан ой нь хүний биеийн дархлааг дэмжих, стресс тайлах, уушгины үйл ажиллагааг дэмжиж амьсгалын замын төрөл бүрийн үрэвслийг намдаах тустай гэж шинжлэх ухаанд нотолсон байдаг. Мөн нарс модны гүн үндэс нь хөрсийг барьж, элэгдэл эвдрэлээс хамгаалдаг. Мөнх ногоон давирхайтай нарс мод 100-500 жил хүртэл насалдаг байна. Сонирхуулахад, 20 настай нэг га нарсан ой өдөрт 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж, 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг гэжээ.

“НОГООН” ЯРИА

Ногоон яриа буландаа манай сайтын “Инженерийн өнцөг” булангийн ярилцлагыг онцолж байна. Манай сэтгүүлчийн ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаярыг урьж Туул гол дээгүүр хурдны зам баривал хүмүүст, байгаль орчинд ямар эрсдэл, сөрөг нөлөө учирч болох тухай дэлгэрэнгүй ярилцсан “Туулын хурдны зам төсөл усгүй, модгүй болох, үер, халиа, түймрийн аюул гээд асар их хохирол дагуулна” ярилцлагыг хүргэж байна. 

Доктор Н.Насанбаяр усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй. Герман улсын Карлсруэгийн технологийн дээд сургуульд судлаачаар ажилласан. “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа (Туул гол-Хужирбулангийн хэсгийн жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Туул голын усны урсцын судалгааг нарийн түвшинд хийсэн, говийг усжуулах “О3 буюу Орхон, Онги, Оюутолгой” төслийн автор эрдэмтэн судлаач юм.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.05.08-05.18/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.  

 Анхааруулга: 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Хур тунадас: 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар,

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

15-нд Увс нуурын хотгороор, 16,17-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 8-нд тал хээрийн нутгаар, 11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +2...-3 хэм хүйтэн, өдөртөө +13...+18 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 хэм дулаан, өдөртөө +17...+22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 хэм, өдөртөө +28...+33 хэм, бусад нутгаар шөнөдөө +4...+9 хэм, өдөртөө +20...+25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 13-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +4...+9 хэм, өдөртөө +20...+25 хэм дулаан байна. 13, 14-нд бага зэрэг сэрүүхэн байна.