4 Цагийн өмнө.
Монгол бичгийн улсын олимпиадад аймаг, дүүргийн аварга 31 багш, 30 сурагч өрсөлдөж байна
Монгол бичгийн улсын олимпиадад аймаг, дүүргийн аварга 31 багш, 30 сурагч өрсөлдөж байна

Монгол бичгийн улсын олимпиадад аймаг, дүүргийн аварга 31 багш, 30 сурагч өрсөлдөж байна

Эх хэлний үнэлэмж доогуур болж буй энэ үед монгол бичгийн олимпиад зохион байгуулна гэдэг хэл, соёлоо дээдлэх үзэлд хүмүүсийг татах чухал үйл явдал

Монгол бичгийн улсын олимпиад МУБИС-ийн төв байранд болж байна. Олимпиад 2004 оноос эхлэлтэй бөгөөд цар тахлын үеэр хоёр жил өнжсөн учир энэ жил 20 дахь удаагаа болж буй ажээ.   

mongol_bicgiin_olimp3 МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Ү.Ариунболд

Монгол бичгийн сургалт, судалгааны “Ертөнц” төвийн үүсгэн байгуулагч, Олимпиад зохион байгуулах хорооны дарга, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Ү.Ариунболд “Монгол Улсад 12 төрлийн олимпиад байдаг. Монгол хэл, бичгийн олимпиад гэж зохион байгуулангаа ийнхүү хувааж явуулдаг. 2024 оноос хойш Боловсролын ерөнхий газрын дэмжлэг, санхүүжилтээр болж байна” гэж онцолсон.

Улсын олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2039 багшаас шалгарч аймаг, дүүргийн аварга болсон 31 мэргэжлийн багш, 12 дугаар ангийн 9288 сурагчаас шалгарсан 30 хүүхэд оролцож байгаа юм.

Баянхонгор аймгийн Номундалай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш С.Хандаамаа “Олимпиадад оролцож уралдахаасаа илүүтэй аймаг, дүүргээ төлөөлөн оролцож байгаа суралцагч, багш нарын бие биеэсээ суралцах, цаашлаад өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг” гэж ярилаа.

mongol_bichgiin_olimp1 Ардын багш Ц.Өнөрбаян

Харин Ардын багш Ц.Өнөрбаян “Өнөөдөр МУБИС-д Монгол бичгийн үндэсний 20 дугаар олимпиад болж байна. Энэ бол монголчуудын оюуны соёлыг тээж яваа маш чухал үйл явдлын нэг л дээ. Хэл гэдэг бол хүн төрөлхтнийг адгуусан амьтнаас ялгадаг хүчирхэг зэвсэг. Гэтэл бичиг үсэг гэдэг бол нэг соёл иргэншлийг нөгөө соёл, иргэншлээс ялгадаг оюуны соёлын гайхамшигт бүтээл шүү дээ. Монголчууд бол өнө эртнээс бичиг, үсгийн маш эртний соёлтой ард түмэн. Олон бичиг, үсэг хэрэглэсэн болов чиг өнөөдөр монголчуудын түүх, хэл, соёлыг тээж яваа хоёр том бичиг байдаг юм. Нэг нь үндэсний бичиг буюу бидний монгол бичиг. Нөгөөх нь бол цөөхөн жил хэрэглэгдсэн ч монголчуудын оюуны соёлын маш их баялаг өв санг тээж яваа кирилл монгол бичиг. Тэгэхээр мянга гаруй жилийн түүхтэй монгол бичгийн олимпиадыг зохион байгуулна гэдэг  эх хэлний үнэлэмж их доогуур болж байгаа энэ үед үүгээр дамжуулж хэл соёлоо дээдлэх үзэлд хүмүүсийг өөд татах чухал үйл явдал л даа. Өнөөдөр бид даяаршлын үед амьдарч байгаа ч гэсэн үндэсний сэтгэлгээ, үндэсний хэл соёлоо өндөрт тавихгүй бол харийн соёлын нөлөөнд орох гэж байгаа үзэгдэл хааяагүй тохиолдож байна. Тийм учраас монгол бичгээ зөвхөн Ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-12 дугаар ангид үзэх төдийгүй үзсэнийгээ хэрэглэдэг хэрэглээний орчныг бий болгож өгөөч ээ гэдэг талаар би их санаа зовж явдаг хүн. Энэ “Ертөнц” төв монгол бичгээ сурталчлах, судлах, багш нарын, нийт боловсролын түвшинд өөд татах талаар хориод жил сэтгэл зүрхээ өгч ажиллаж байгаа. Монгол бичиг бол монголчуудын оюуны соёлын гайхамшигтай бүтээл шүү. Энэ бүтээлийг монгол хүн болгон сурч эзэмшиж бас хэрэглээ болгож байгаасай. Энийг дэмжээд явбал монгол хэлний, монголчуудын үндэсний соёл сэтгэлгээ сэргэнэ шүү” гэж ярилаа.

mongol_bichgiin_olimp2 Монгол бичгийн Улсын олимпиадад оролцогчид, зохион байгуулагчид, шүүгч нар.

Монгол бичгийн улсын олимпиадын анги нийтийн ангиллын найм болон аравдугаар ангийн төрөлд мөн аймаг, дүүргийн суралцагчид өрсөлдөж байгаа аж. Олимпиадын нэгийн даваанд улсын хэмжээнд наймдугаар ангийн 1248 бүлгийн 33576 сурагч өрсөлдсөнөөс 26 бүлгийн 868 суралцагч сүүлийн шатанд өрсөлдөж байна. Харин 12 дугаар ангийн 983 бүлгийн 25613 сурагчаас шалгарсан 26 бүлгийн 732 сурагч сүүлийн шатанд оролцож байгаа гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ.