Солонгос дахь анхны монгол сэтгүүлийн хоёр дахь дугаар гарчээ
Монгол, Солонгос залуус хамтран гаргадаг “Awezome” сэтгүүлийн хоёр дахь дугаар гарчээ. Энэ нь БНСУ-д монгол хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч буй анхны сэтгүүл юм. Сэтгүүлийн редакц тус улсыг зорихоор төлөвлөж буй болон тэнд сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудад хэрэгцээтэй мэдээлэл хүргэхийг зорьдог ажээ.
Сэтгүүлийн хоёр дахь дугаарынхаа агуулгыг уншигчдын хүсэлтээр өргөжүүлэн “Сэтгэл зүйчийн булан” нээж гадаадад амьдарч байгаа иргэдэд тулгардаг сэтгэлзүйн сорилтуудыг хөндөж, зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэхээр болжээ. Мөн ярилцлагын буланд гадаад, дотоодод өөр өөрийн замналыг бүтээсэн хоёр зочны амьдралын бодит, урам зориг өгөх түүхийг дэлгэн хүргэсэн байна. Тодруулбал, Солонгосын томоохон эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж буй Ц.Доржсүрэн болон 13 насандаа солонгост очиж, боловсрол эзэмшин олон жилийн дараа эх орондоо эргэн ирсэн “Нөхрийн хоол” контент бүтээгч Б.Мөнхдэлгэр нарыг урьж ярилцжээ.
Түүнчлэн “Visa”, “Work” буланд хууль бусаар оршин суугчид тусламж авах боломжтой эсэх, цагийн ажил эрхлэгчид ямар нөхцөлд нэмэгдэл цалин авах эрхтэй талаарх чухал зөвлөгөө мэдээллийг багтаажээ. Харин өдөр тутмын амьдралд ойр “Life” болон “Food” буланд Солонгосын хог ялгах соёлын тухай ойлголт, жантай гоймонгийн талаар, мөн “Цусаар бичсэн захидал” хэмээх бодит түүхийг уншигчдад хүргэж байна.
“Awezome” сэтгүүлийг Солонгос улсын Сөүл, Бусан, Илсан, Чонан, Инчеон, Чонжу, Дэжон зэрэг томоохон хотын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад, Монгол Улсад “NewsСafe” болон “Caffe Bene”-ийн үндсэн салбаруудад үнэ төлбөргүй байршуулсан бөгөөд эдгээр салбараас сэтгүүлээ авч унших боломжтой ажээ.