Олон улсын Эх дэлхийн өдөр тохиож байна.
Олон улсын Эх дэлхийн өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-нд дэлхийн 190 гаруй орон Эх дэлхийн өдрийг байгаль орчны асуудал, хөгжил, хамгаалалд олон нийтийн анхаарлыг хандуулах, байгальд ээлтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулж нийтийг уриалах, татан оролцуулах зэргээр тэмдэглэдэг.
Харин Монгол Улсын Засгийн газраас Туулын хурдны зам төслийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан нь энэхүү өдөртэй давхцаж байна. Уг төсөл хэрэгжсэн тохиолдолд байгаль орчин, экосистем, нийслэлийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, хор хохирол учруулахын сацуу олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн тогтвортой хөгжил, байгаль хамгааллын чиглэлийн үүрэг амлалтаа зөрчнө гэдгийг эрдэмтэн, судлаачид онцолж байгаа юм.
Эх дэлхийн өдөр үйл ажиллагаа 1970 оноос эхлэлтэй. Жил ирэх тусам өргөжиж, байгаль, цаг уурын хувирал, өөрчлөлтийн эсрэг дасан зохицох, даван туулах гарц шийдэл эрэлхийлэх, хүмүүсийг байгаль хамгаалах, хайрлах зөв дадалд хэвшүүлэхийг эрмэлзсээр иржээ.
Дашрамд сонирхуулахад, 2026 оны Эх дэлхийн өдрийн уриа, бэлгэ тэмдгийг Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг уран бүтээлч, хөгжимчин Винтнер “Earthday.org” байгууллагын захиалгаар бүтээжээ. Уран бүтээлч дэлхий цэцэг мэт дэлгэрч, хүний гарын алган дээр энхрий, зөөлөн оршиж буйгаар бүтээж, “Our Power, Our Planet” (Бидний хүч чадал, Бидний гараг) гэдэг уриа үгийг өгсөн байна. Тэрбээр энэ тухайгаа “Хүн төрөлхтөн ба эх дэлхийн харилцаа хамаарал, эмзэг байдал, хүч чадлыг нэгэн зэрэг илэрхийлэх тод, цул дүрс бүтээхийг зорьсон. Тэгээд дэлхийг хүний гарт энхрийлэгдэж буй цэцэг болгон дүрслэх нь хамгийн оновчтой санагдсан. Өнөөдөр бид дэлхийгээ анхааран хамгаалахаас өөр сонголтгүй болсон. Дэлхий бидний гарт байна” гэж ярьжээ.