Тэр хүн шиг хүн байжээ
Тэр хүн шиг хүн байжээ

"Үлдэх Зориг" баримтат киноны нээлт 2026.04.20-нд боллоо.

Улаанбаатарт +6 хэмийн дулаантай, зэврүүн биш боловч үс гэзэг хийсгэсэн сэвэлзүүр салхитай хаврын нэгэн саарал өдөр шувтрах тийшээ хандаж байна. “Үлдэх зориг” баримтат киног үзэхээр С.Зоригийн гудамжаар алхаж явна. Сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг санаачлан “Үлдэх Зориг” баримтат киног бүтээж өргөн дэлгэцээр ганцхан удаа толилуулна гэсэн билээ.

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 20. Жаран дөрвөн жилийн өмнөх энэ өдөр тэр төрж, 28 жилийн өмнө тэр буцжээ. Ертөнцийн амьдралд ердөө 36-хан хаврыг үзээд намар нь одсон С.Зориг гэдэг хүний монголчууд, тэр дундаа залуучууд юу мэдэх вэ? Өөрөөрөө жишин бодъё. Монгол оронд ардчилсан хувьсгал гэгчийг эхлүүлж, өрнүүлж, С.Зориг гэдэг хүн оройлж, удирдаж явах үед ор сураггүй байжээ. Харин хорин хэдэн настай, “иж планета-3” унасан цэл залуухан аав минь үеийн залуустайгаа нийлээд хөдөөгийн сумандаа “ардчилал, ардчилал” хэмээн давхиж явсан гэдэг. С.Зориг гэдэг хүн бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдөж улс орон даяар уй гашуу, эмгэнэл харуусалд автаж байх үед сургуулийн босго ч алхаагүй, учир мэдэхгүй балчир амьтан явжээ. Над шиг ийм үеийнхэн буюу Монголын ардчилсан хувьсгалаас хойш төрсөн хүмүүс өнөөдөр Монгол Улсын хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг гэнэ.

Бид С.Зориг гэдэг хүний тухай үнэн бас худлыг зөвхөн хэвлэлийн хуудаснаас уншиж, зурагтын дэлгэцээс харж ирсэн. Бидний хувьд тэр бол түүх юм. Бодит үнэнээр нь мэдэхийг хүсдэг түүх. Тиймээс монгол залуу хүний, сэтгүүлчийн үнэнийг хайх, мэдэх, үлдэж хоцрохгүй байх хүсэлдээ хөтлөгдөн “Үлдэх Зориг”-т ирэв.

Кино эхлэхээс өмнө Пинк Флойдын “Хана” /The Wall/ цомгоос “Another Brick in the wall – Part 2” дууг сонсгож байлаа. Энэ хамтлагийг С.Зориг шүтдэг байжээ гэж хэвлэлийн хуудаснаас уншиж байсан. Харин тэднийг сонсдог, “Хана”-ыг сонсдог гэж өөрөө ярьсныг нь баримтат киноноос харлаа. Тэртээ 1979 онд бүтээгдсэн энэ дуу одоо ч утга, агуулгаа алдаагүй мэт, цаг үеэсээ түрүүлж амьдарсан мэт санагдана. Яг л С.Зориг шиг.

uldeh_zorig_1 "Үлдэх Зориг" баримтат киноны нээлт 2026.04.20-нд боллоо.

Үзэгчид уван, цуван ирсээр Корпорейт конвейшн центрийн үзвэрийн танхим дүүрч, товлосон цагаас 58 минутын дараа “Үлдэх Зориг” баримтат кино эхэллээ. “Гүн харанхуй ноёлох үед л бид оддын гэрлийг олж хардаг” гэх Ральф Уолдо Эмерсоны алдарт эшлэлээр эхэлж, яруу найрагч Б.Батзаяагийн “Надаас нэг ах хүнд” шүлгээр баримтат киног зохиомжилжээ.

Тэр монгол хүний саруул ухаанд итгэдэг байжээ

Тэр хүний саруул ухаанд итгэдэг байжээ.

Тэр саруул ухаанд итгэдэг байжээ.

Тэр ухаанд итгэдэг байжээ.

Тэр итгэдэг байжээ.

Тэр байжээ.

Байжээ. /Яруу найрагч Б.Батзаяа, “Надаас нэг ах хүнд” шүлэг/

“Үлдэх Зориг” баримтат киноны долоон бүлгийг энэхүү шүлгийн төгсгөлийн шадаас эхлэлийн мөр хүртэл нэрлэсэн байв. Түүний тухай ах, дүү, найзууд, хамтран зүтгэгчид, удирдлагад нь ажиллаж байсан шавь-дүү нар, сэтгүүлчид, Монголын Ардчилсан хувьсгалыг сурвалжилж С.Зоригийн дотнын найз нөхөр болж явсан финдланд, япон, филиппин сэтгүүлч, гэрэл зурагчид, улс төрчид ярьжээ.

С.Зориг сайн, сайхан найз, өөрчлөлтөд тэмүүлэгч, дотоод эрх чөлөөг олж өөрийнхөөрөө амьдрах эрхийг хүсэгч, их уншигч, их сургуулийн багш, цэргийн алба хаасан эр хүн байжээ. 

Тэр монголын Ардчилсан хувьсгалыг үндэслэгч, Монголын ардчилсан холбооны анхны ерөнхий зохицуулагч, Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн байжээ.

С.Зориг нийгмийн захиалгаар гарч ирсэн удирдагч, үерийн ус шиг хуйларсан давалгаанд ардчиллын тугийг барьж явсан залагч, эв нэгдлийг хангагч, хэлэлцэн зөвлөлдөгч, ардчилсан Үндсэн хуулийн ажилд тэргүүн үүрэг гүйцэтгэгч, эх орныхоо оршихуйн тусгаар тогтнолд үнэн зүрхнээс санаа тавигч байжээ.  

Тэрээр Монгол Улсын хөгжлийн түлхүүр бол өндөр мэдлэгтэй хүмүүс гэж томьёолж байжээ. Эрх мэдэл, их хөрөнгийн бөхийж, зулгуйддаггүй жинхэнэ монгол төрийн хар хүн, ёс суртахуунтай улс төрч байжээ. Япон сэтгүүлч С.Зоригийн тухай дурсахыг сонсохдоо өнөө цагийн монголын улс төрчид, эрх мэдэлтнүүдийн шившигт үйлдлүүдийг санаж, түүний хүсэж тэмүүлэн, хүрэхийг мөрөөдөж явсан замаас яг эсрэг зүгт нь явсныг мэдрэх асар гунигтай байлаа.

С.Зоригоос гаднын улс төрч үлгэр дуурайлал авч, түүн шиг лидер болохыг хүсдэг байжээ. Түүний зориг, ухаан, эрдэм боловсрол, үзэл санаа, эелдэг араншин, энгийн төрх гаднын сэтгүүлчид, зурагчдын анхаарлыг татаж сэтгүүлийн нийтлэл, телевизийн сурвалжилгаас хальж ном болон гарчээ. Тэр консерватив үзэл баримтлалтай байжээ.

Тайван замаар эрх чөлөөт нийгмийг авчирч, яаралгүй, тууштай, ухаалаг хөдөлж хүлээн зөвшөөрөгдсөн түүний хүндэлдэг улс төрч нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх байжээ.

С.Зориг ээжтэйгээ, ахтайгаа, дүүтэйгээ элэг бүтэн амьдардаг байжээ. Халуун дулаан уур амьсгалтай тэднийхээр найз нөхөд нь зочилж, ээжийнх нь хошин яриаг сонсох дуртай байжээ. Тэр ардын дуу, уртын дуугаа сонсдог байжээ. Бас монголын шатрын хөгжилд том хувь нэмэр оруулж, анхны их мастертай болоход чухал үүрэг гүйцэтгэж байжээ.  

Эгэл даруу, эдийн шуналгүй амьдарсан түүнийг нас нөгчихөд хэдэн хослол, зангиа л үлдсэн, дурсаж явахын тулд нэг зангиа авч үлдсэн гэж найз нь ярив. Дүүгээс минь үзэл санаа нь үлдэж дээ. Үзэл санаа гэдэг үүрд байдаг юм байна хэмээн ах нь хэллээ. Тэр дүүдээ эрдэмд шамдахыг л захижээ. Дүүдээ бичсэн захидалдаа “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн бичсэнийг сэтгүүлч Бүдрагчаагийн Оюунчимэг олж нээн энэ цагт өртөөлжээ. 

uldeh_zorig_3 "Үлдэх Зориг" баримтат киноны нээлт 2026.04.20-нд боллоо.

Тийм ээ, үзэл санаа үүрд үлддэгийг өгүүлж, нотолсон “Үлдэх Зориг”-ийг үзүүлэв, үзэв. С.Зориг гэхээр “хэрэг” гэдэг үг санаанд буудаг, ардчилсан хувьсгалын удирдагч гэж тодорхойлогддог. Магадгүй зарим залууст үлгэр домог мэт сонсогддог. Харин тэр бол саруул ухаантай монгол хүн, Монгол Улс, монголчууддаа хайртай хүн, ахархан хугацаанд асар их сайн зүйлийг амжуулсан ухаалаг, бүтээлч хүн, эрдэмтэн, судлаач шавь нар бэлтгэсэн багш хүн, сэхээтэн гэр бүлээс төрсөн ёс суртахуунт, эрдэмт хүн, нөхөрлөл, хүн чанарыг эрхэмлэгч хүн, бусдыг итгэлийг ологч бусдад итгэл, урам зориг түгээгч хүн, том нүдний шилээ зүүж, тамхи татангаа яриад суудаг нүдэнд дулаахан хүн байжээ. Тэр хүн шиг хүн байжээ.

С.Зоригийн тухай хүмүүс ингэж ярьсан. Түүх гэж боддог, түүхийг мэдэхийг хүсдэг бидний үеийнхэнд бол ховор, сонин, содон хүмүүс түүний талаар ярив. Тэр өөрөө үзэл санаа, үйл хэргийнхээ тухай хэрхэн ярьж байсныг бодитоор харав.

С.Зоригийн ээж хүүг нь монгол хүн бүрэлгээгүй гэдэгт итгэдэг, магадгүй итгэхийг хүсдэггүй байж. “Алаад байхдаа яах вэ дээ” гэдэг ахынх нь үг, нулимс, дүүгийнх нь “Энэ үнэн мөнийг тогтоож чадахгүй байгаад уучлаарай” гэх өгүүлбэр С.Зоригт хайртай хүн бүрийн цөхрөл, шимшрэл, сэтгэлдээ тээж явдаг шаналлыг илэрхийлэх шиг.

Үзвэрийн төгсгөлд сэтгүүлч Б.Оюунчимэг “Бодол биелэл болох хүртэл их урт хугацаа байдаг юм байна. Бидний энэ амьдралын дурсамж бол монголын түүх юм” гэж хэлсэн. С.Зориг богинохон амьдралаараа монголын нэгэн цагийн түүхийг бичиж, бидэнд эрх чөлөө, өөрийнхөөрөө орших сэтгэлгээ, зориг, итгэл, гэгээг үлдээжээ.