Эх сурвалж: НЗДТГ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.04.20/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзсан тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НҮБ-тай цаашид байгаль орчны хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин Суурин зохицуулагч Яап Ван Хиерден Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагаас хэрэгжүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн нийслэлийн Засаг дарга “Сүүлийн жилүүдэд бид НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартад нийцсэн “ЧИП” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-тай хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг хэрэгжүүлж байна” гэж ярьжээ.