“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын арав дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын арав дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 14-ний мягмар гарагт Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаардаг Баруун Тооройн баянбүрдэд 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, эд болон үсний дээжийг судалгаанд ашиглахаар авсан байна.  

Энэхүү хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран уг ажлыг гүйцэтгэжээ.

“НОГООН” ӨДӨР

Байгаль орчны мэргэжилтнүүдийн өдөр. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэдэг. Эл өдрийг саяхнаас тэмдэглэдэг болж буй бөгөөд 2020 онд Олон улсын нөлөөллийн үнэлгээний холбоо (IAIA) болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн үндэсний холбоо (NAEP) хамтран санаачилж байсан юм. Байгаль орчин, экосистем, нийгэм, олон нийтийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж ихэнхдээ хөшигний цаана ажилладаг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн ажил үүргийг хүмүүст онцлон таниулах, үнэлэх, талархлаа илэрхийлэх зорилгоор энэхүү өдрийг санаачилсан байдаг.

“НОГООН” БҮТЭЭЛ

“Сумын түвшинд хог хаягдлаа зохицуулах зохистой тогтолцоог хэрхэн бий болгох вэ? буюу сумын хог хаягдлын менежментийг сайжруулах жишиг гарын авлагыг онцолж байна. Энэхүү гарын авлагыг “Эко сум” ТББ-аас орон нутагт хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бодит загвар, шийдэл, зөвлөмж, байгаль орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд туслах зорилгоор боловсруулжээ.

Сумын хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх аргачлал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй тусгасан байна. Мөн орон нутгийн удирдлага, холбогдох байгууллага, иргэдийн оролцоог хангах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн практик зөвлөмжүүдийг нийтэлжээ. 

Экосум ТББ нь 2018 оноос Азийн сангийн анхны болоод шинэчилсэн дэмжлэгтэйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хог хаягдал зохицуулах зохистой тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү гарын авлагыг өөрийн байгууллагын ажил, туршлагад үндэслэн бичсэн сумынхаа хог хаягдал зохицуулалтыг сайжруулах хүсэлтэй бүх оролцогчдод зориулан гаргасан ажээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim10_2 “Халх голын шугуй”

Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийн Халх гол сумын нутгаар урсаж буй Халх голын шугуйн өвлийн үзэмж энэхүү зурагт харагдаж байна. Халх гол Монгол орны зүүн хэсэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсгээр урсана. Их хянганы нуруунаас эх авч Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн Дорнод аймгийн Халх гол сумын нутгаар тахиралдан урсаар Буйр нуурт очиж цутгадаг гайхамшигт байгалийн зохилдлогоотой. Голын урт 233 км, усаа цуглуулах талбай нь 17 мянган км.кв гэдэг.

Халх гол бол ус, ой, нуга зохилдсон байгалийн ховор цогц экосистем юм. Бургас, улиас, хус, сөөг зэрэг ургамал голын эргийн чийглэг бүсэд ургаж бургасан шугуйг бүрдүүлдэг. Энэхүү шугуй усны системийг тогтворжуулж, голын эргийг эвдрэлээс хамгаалж, үерийн усны хүчийг сааруулж, газрын доорх усны нөөцийг нэмж, усны чанарыг шүүж усны болон ус дагасан олон амьтад, амьдралыг тэтгэж, хамгаалж байдаг юм.

Ус бол амьтай бүхнийг тэтгэгч амьдралын эх юм.  

“НОГООН” ДЭЛХИЙ

Их Британи улсын эрвээхэйн зүйлийг сүүлийн 50 жилийн хугацаанд судалсан үр дүнг танилцуулсан байна. 1976 оноос хойш нийт 59 зүйлийн эрвээхэйн 33 нь буюу талаас илүү хувь цөөрсөн гэж Их Британийн Эрвээхэйн хяналтын хөтөлбөрөөс мэдээлжээ.

Эл хөтөлбөрийг Уэрхэм хотод төвтэй “Butterfly Conservation” байгууллага болон түүний түншүүд хэрэгжүүлж, тавин жилийн хугацаанд сайн дурынхны оролцоотойгоор 44 сая гаруй бүртгэл цуглуулсан байна. Эрвээхэйн зүйл цөөрсөн шалтгааныг амьдрах орчны доройтол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гэж мэргэжилтнүүд үзжээ. Хөтөлбөрийн хүрээнд сайн дурынхан 7600 гаруй цэгт эрвээхэйг ажиглан бүртгэсэн дэлхийг 40 удаа тойрсонтой дүйхүйц хэмжээний зам туулсан гэж онцолсон байна.

“Butterfly Conservation” байгууллагын профессор Ричард Фокс “Эдгээр тоон үзүүлэлт нь орчин үеийн Их Британийн ландшафтад ямар төрлийн зэрлэг амьтад амьд үлдэх боломжтойг тодорхой харуулж байна. Эрвээхэйн зүйлийн бууралтын эсрэг амьдрах орчныг сэргээх, нэн яаралтай хамгаалах арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна” гэж ярьжээ. Мөн судалгаагаар дасан зохицох чадвар сайтай зарим зүйлийн тоо өссөн ч ой мод, нуга зэргээс шууд хамааралтай зүйлийн эрвээхэйнүүд цөөрч байгааг тогтоосон гэж BBC мэдээлсэн байна.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.04.17-04.26/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.  

 Анхааруулга: 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, өмнөх өдрөөсөө 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгэг хойд хэсгээр, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч, хүчтэй салхи, шороон шуурга, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 10-20 хэмээр эрс хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -16...-21 хэм, өдөртөө -4...-9 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 хэм, өдөртөө -1...-6 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 хэм хүйтэн, өдөртөө +3...+8 хэм, бусад нутгаар шөнөдөө -7...-12 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм дулаан байна.

20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө +1...+6 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 хэм хүйтэн, өдөртөө +13...+18 хэм, бусад нутгаар шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +9...+14 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 17-18-нд шилжих бага зэргийн бороо, 18-ны өдөр хур тунадас, 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, хур тунадас орохын өмнө шороон шуурга шуурна.

Агаарын температур: 18-ны үдээс хойш, 19-ний өдрүүдэд эрс хүйтэрч шөнөдөө -6...-11 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм дулаан байна. 20-ноос дулаарч шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +9...+14 хэм дулаан байна.