Тархи судлалаас багшийн чадамж хүртэл
Тархи судлалаас багшийн чадамж хүртэл

Тархи бол хамгийн гайхалтай эрхтэн. Хүний тархины үйл ажиллагааг бүрэн дүүрэн ойлгох нь орчин үеийн хиймэл оюуны ухааны хөгжлийн нэг том сорилт болж байна. Хиймэл оюуныг анх хүний тархинаас санаа авч бие даан хөгжүүлсэн технологи. Хүний тархи болон мэдрэлийн тогтолцооны үндсэн эсийг “нейрон” гэж нэрлэдэг. Нейроны тусламжтайгаар бид мэдээлэл хүлээн авч, боловсруулж, дамжуулдаг. Ийм 86 орчим тэрбум нейроны тусламжтайгаар хүн маш хүчирхэг “сүлжээ” бүхий төгс ой ухаан, бодол мэдрэмжтэй болж, харж, сонсож, санаж, хөдөлж, суралцаж, хөгжиж чаддаг.

Харин өнөөдөр хүний тархинаас санаа авч бүтээсэн хиймэл оюуны тусламжтайгаар бид үр хүүхдүүдээ сургаж, ирээдүйн дэлхийн иргэдийг хэрхэн бэлтгэх вэ гэдэг сорилтын өмнө тулж ирээд байна. Сорилт тулсан гэх нь ч өрөөсгөл. Ер нь хиймэл оюун аль хэдийн боловсролын салбарт нэвтэрч, өмнө нь өөрчлөх гэж хэдэн арван жил зарцуулдаг байсан ажлуудыг маш хурдан хугацаанд үр дүнтэй хийх шинэ боломжуудыг нээж байна.

 ЮНЕСКО-гийн тайланд дурдсанаар АI нь суралцагчийн идэвх оролцоог 47 хувиар нэмэгдүүлж, сурлагын амжилтыг 23 хувиар дээшлүүлсэн. Мөн багш нарын ажлын ачааллын 20-40 хувийг орчин үеийн технологийн тусламжтай хөнгөвчилж, уламжлалт аргуудтай харьцуулахад дүн гаргах, үнэлгээ хийх боломжит хугацааг 50 хувиар багасгажээ. Цаашид сургалтын менежментийн тогтолцооны 50 орчим хувь нь AI суурьтай болно гэдгийг онцолжээ.

Монгол Улс энэ эерэг үр дүнг гаргах боломжтой. Иймээс сургалтын хөтөлбөрөө шат дараатай шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоо багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор багшийн чадамжийн хүрээг тодорхойлохоор чадамжийн хүрээний эхний төслийг боловсруулан, сайжруулахаар шат дараатай  хэлэлцүүлгүүдийг хийж байна. Саяхан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран багшийн чадамжийн хүрээний эхний хувилбарын хэлэлцүүлгийг 6 бүсийн 11 аймагт болон Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Багшийн чадамж гэдгийг зөвхөн мэдлэг, ур чадвар, заах аргаар хэмжих нь хоцрогджээ. Багш хүн тухайн мэргэжлийн суурь чадамжтай байхаас гадна заавал эх хэл, бичиг үсэг, үндэсний өв соёл, нийгэм, сэтгэл хөдлөл, технологи хэрэглэх, харилцах, хамтран ажиллах ур чадваруудыг эзэмших ёстой гэсэн шалгуур тавьж байна. Учир нь 10 нас хүртлээ эх хэлээрээ уншиж ойлгох чадварыг хангалттай эзэмшээгүй сурагчдын дараагийн шатны сурлагын амжилт 50 хувиар буурдаг.  Мөн бусад байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хичээлийн амжилтад шууд нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Мөн хиймэл оюуны эрин үе нэгэнт эхэлсэн тул багш нар технологи хэрэглэх ур чадвараа сайжруулж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь тодорхой. Гэвч хиймэл оюун ухаан мэдээллийг хурдан боловсруулж чадах ч хүнлэг чанарыг орлож чадахгүй гэдгийг багш, судлаачид онцолж байна. Орчин үед багш хүн сурагчийнхаа сэтгэл зүйг ойлгож, түүнд тохирсон харилцааны ур чадварыг эзэмших шаардлагатай.

Энэ чадамж нь эргээд бичвэрийн эхэнд дурдсан тархи судлалтай шууд холбогдоно. “Хүн яаж хамгийн үр дүнтэй суралцдаг вэ?” гэдгийг тархи судлалд тулгуурлан тодорхойлох боломжтой. Тухайлбал, анхаарал төвлөрөх хугацаанд тохируулж хичээллэх, тодорхой давтамжтай суралцах, стресс багатай орчин бүрдүүлж, өөрийгөө шалгах зэрэг нь үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Энэ нь тухайн хүүхдийн нас насанд нь өөр байх жишээтэй. Ингэснээр тархи судлалын шинжлэх ухаан нь сургалтын арга барилыг илүү шинжлэх ухаанч болгож байна. Тархи судлал нь сурах арга барилыг сайжруулахын зэрэгцээ багш тухайн хүүхдийн сэтгэл зүйг ойлгож, нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан харилцахад маш чухал мэдээлэл өгдөг. Иймээс орчин үеийн багш нараас хүүхэд аливаад хэрхэн суралцдаг, хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлог, стресс, сэтгэлзүйн төлөв байдал, анги, танхимын орчин нөхцөл хүүхдийн суралцахуйд хэрхэн нөлөөлдөг зэргийг сайн мэддэг  байх чадамжийг шаардаж байна. Багш энэ чадамжийг эзэмшсэнээр эерэг зөв хүмүүжил, төлөвшилтэй “хүнлэг” хүн бэлтгэх боломж бүрдэх юм.

2030 он гэхэд хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байх чадварууд дотор хиймэл оюун ба их өгөгдөл ашиглах чадвар, технологийн хэрэглээний чадвар зэргээс гадна бэрхшээл сорилтыг даван туулах, өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан байх, тасралтгүй суралцах, манлайлах ба нийгэмд нөлөө үзүүлэх, бусдыг энэрэх зэрэг чадварууд орсон нь санаандгүй хэрэг биш. Технологи хөгжихийн хэрээр бэрхшээл сорилтод бүдэрдэггүй, уян хатан, бусдыг энэрч хайрладаг зөв хүн бэлтгэх нь чухал болж байна.

Энэ зорилгоор ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн багшийн чадамжийн хүрээг тодорхойлжээ.