Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
Хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, МУБИС-ийн Түүх, нийгмийн багшийн ангийг төгссөн цэл залуухан багш бүсгүй таеквондогийн спортод эргэлт буцалтгүй дурлаж, олон улсын таеквондогийн тамирчин болсон учир “Завхан аймагтаа энэ спортыг хөгжүүлнэ” хэмээн нутаг луугаа зорьсноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. Түүний таеквондогийн “А” үсэг заасан шавь нараас олимп, дэлхийн аваргууд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн юм. Тэр бол Паралимпын аварга, таеквондоч У.Сүрэнжавын анхны багш нь. Таеквондогийн тамирчин, багш дасгалжуулагчийн ажилд 20 гаруй жилийг зориулж, мянга мянган хүүхэд, залууст спортын сайн сайхныг мэдрүүлж, амжилт ялалт, амьдралд тэмцлийн хат суулгаж яваа тэрбээр саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Түүнийг Завхан аймгийн Цагдаагийн газрын баг тамирчдаа авч Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд ирээд байх үед нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Танд баяр хүргэе. Гавьяат дасгалжуулагч шагнал хүртсэний дараах сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцвал?
-Баярлалаа. Та гавьяат дасгалжуулагч болсон, маргааш гардуулна гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүн залгаад хэлдэг юм билээ. Үнэн үү гэж нэг эргэлзсэнээ ингэж ярьсан юм чинь үнэн юм байна гээд итгэсэн дээ. Тэгээд л цагдаагийн хүн чинь хувцас хунараа янзлахаас л ажил эхэлсэн. Шугам, харандаа бариад Хэв журмын даргынхаа өрөөнд хэд орж гарсны эцэст миллиметр, сантиметрийн зөрүүгүй болгож цэгцэлж бэлтгэсэн. Шагнал авах мэдрэмж бол төсөөлж байснаас илүү ачаалалтай байсан. Одоо ингээд бодоход энэ бол маш том хариуцлага, маш том үүрэг, маш том итгэл. Аливаа зүйлийн итгэлийг олоод авсан цагаас үүнийгээ дааж явах гэдэг их чухал юм ирдэг шүү дээ. Тэгэхээр надад зөндөө хариуцлага ирсэн гэсэн үг. Өнгөрсөн олон жилийн хугацаанд миний шавь болсон хүмүүсийнхээ өмнө, ирэх он жилүүдэд Будхүү гэдэг хүнээс таеквондо сурахаар ирэх хүүхдүүдийн өмнө хүлээх маш том хариуцлага. Өмнө нь хүмүүс Завхан аймагт таеквондог хөгжүүлэх гээд явж байгаа нэг жижигхэн эмэгтэйд шавь болж ирж байсан шүү дээ. Гэтэл одоо зарим хүн гавьяат дасгалжуулагч хүний шавь болохоор ирж байж болно. Магадгүй, цол шагналын тухай мэдэхгүй хүмүүс ч ирнэ. Гэхдээ би мэдэж байгаа шүү дээ, энэ хүн надад итгээд ирж байна гэдгийг нь. Тэгэхээр би илүү их хичээх хэрэгтэй, илүү мэдлэгтэй байх ёстой. 20 гаруй жил энэ спортоор хичээллэчихсэн, Завхандаа таеквондог хөгжүүлнэ гээд 17 жил гүйчихсэн. Магадгүй энэ шагнал байгаагүй бол жаахан амгалан амьдрах ч юм уу гэж бодож байгаа шүү. Монгол хүмүүс хүүхэд байх цагаасаа эрүүл чийрэг байх учиртай, буруу зүйлээс хол байж, оюуны соён гэгээрэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд яах ёстой, юу хийх учиртай юм бэ гэдэг юмыг бодож, өөрийнхөө хийдэг, чаддаг хэмжээний юмандаа илүү цаг зарцуулж, хувь нэмэр оруулах нь зүйтэй л гэж бодож байна даа.
Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
-Ерөнхийлөгч шагнал өгч байхдаа танд хандаж үг хэлж байсан. Юу гэж хэлсэн бэ?
-Шагнал авах болсноо тодорхой мэдээд хамгийн эхэнд У.Сүрэнжав руугаа ярьсан. Шавь маань Туркт тэмцээнтэй явж байсан болохоор сэтгэлийг нь хөдөлгөж, сэтгэл зүйд нь нөлөөлчхөж магадгүй гээд Багшийнх нь хоолойн өнгө хэвийн байна уу? гэж асууж байгаад л ярьсан даа. Заа багш нь гавьяат болж байгаа юм байна шүү. Баярлалаа гээд. Тэгээд түүнийг маань олимпын дэвжээнд авч гарсан багшийнх нь дугаарыг аваад бас ярьсан. Завханы Будхүү байна аа. Би ингээд гавьяат болж байгаа юм байна. Та бүхэндээ баярлалаа гээд. Наранчимэгийн Эрдэнэбаатар гэдэг багш шүү дээ. Мөн гавьяат дасгалжуулагч хүн. Ингээд л дараа нь таеквондогийн холбооныхондоо дуулгасан. Гэнэтийн үйл явдал байсан. Энэ үйл явдал бол яах аргагүй таеквондогийн спорт, олимпын аварга, Хөдөлмөрийн баатартай салшгүй холбоотой. Тийм болохоор ямар ч байсан эхний талархлуудыг тэгж илэрхийлсэн. Ерөнхийлөгч юу гэж хэлсэн бэ гэж олон хүн асууж байна шүү. Хөдөлмөрийн баатрын багш хичээгээрэй гэж хэлсэн. Насаа бодож үзвэл энэ цолыг авахад харьцангуй залуу байгаа байх. Маш том хариуцлага, урам гэж ойлгож байгаа. Бас Завханаас спортын төрлүүдээс олимпын аваргууд төрж энэ урам, хариуцлага хэн нэгэнд очоосой гэж хүсэж байна. Бүх спортыг ижил тэгш үздэг байгаасай билээ.
-Шавь нь олимпод оролцож, аваргын төлөө тулалдаж байхыг харж байхад танд юу бодогдож байв?
-Паралимпын тоглолтыг тасралтгүй хоёр өдөр, хоёр шөнө үзсэн. Ажил дээрээ ажлынхаа хажуугаар утсаараа, гэртээ хариад зурагтаараа үзээд л. Хүүе хаая яах нь вэ, ийх нь вэ гээд л. Ямар азаар таеквондогийн Чимэд-Отгон багштайгаа уулзаж, энэ спортоор хичээллэж эхлэв дээ, ямар азаар багшийнхаа чадна гэсэн үгэнд итгэж Завхандаа ирэв дээ гэж бодоод л. Би чинь хүсэж мөрөөдсөөр МУБИС-д орж суралцан түүх, нийгмийн ухааны багш болсон хүн шүү дээ. Гэтэл түүнээ орхиод таеквондогийн тамирчны замыг сонгож бүр цагдаа болоод энэ хүрчихсэн. Багш мэргэжлийг эзэмшсэний нэг давуу тал одоо гарч байгаа гэж боддог. Сайн багш нараасаа ч суралцсан. 2011 оноос хойш багтаж явсан олон улсын Таеквондогийн шигшээ багийнхнаасаа суралцсаар байдаг. Ер нь энэ хүн надад юу заах юм бэ гэх бус би түүнээс юу сурч чадах вэ гээд өөрөө эрэлхийлэхээс сурах үйл эхэлдэг гэж боддог. Надад одоо олон зүйл сурах шаардлага үүсэж байна.
ЭНЭ БҮХНИЙ ЭХЛЭЛИЙГ БИЙ БОЛГОСОН ХҮМҮҮС ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАН МААНЬ
Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
-Та тамирчин, дасгалжуулагчаас гадна цагдаагийн алба хаагч. Завханы цагдаагийн газартаа ажиллаад хэдэн жил болчхов оо. Энэ хоёр ачаалалтай алба, ажлыг хэрхэн зохицуулсаар өдийг хүрэв?
-Завхан аймгийн Цагдаагийн газартаа ажиллаад 14 жил болж байна. Одоо цагдаагийн газрынхаа төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Цагдаагийн ахмад цолтой. Анх 2011 онд таеквондогийн спортыг хөгжүүлнэ гээд нутагтаа оччихсон байлаа. Тэгээд Цагаанхайрханаас аавынхаа мотоциклийг унаад эсвэл замын унаанд дайгдаж аймгийн төв рүү ирээд бэлтгэлээ ордог байсан. Замын унаанд дайгдаад ирчихсэн бол буцах унаа байхгүй бас аймаг дээр хонох газаргүй хүн шүү дээ. Тийм зоригтой, хүсэл зорилгодоо тийм дуртай байж.
Энэ үед цагдаагийн газрын хамт олон маань манай бялдаржуулах зааланд бэлтгэлээ орооч, алба хаагчдын хүүхдүүд хамрагдана гэсэн. Ингэж элсэгчидтэй, заалтай болчихсон. Манай газрын дарга н.Даваасүрэн хурандаа, дэд дарга нь н.Ганболд гуай байсан. н.Ганболд дарга маань бүр хоёр хүүхдээ явуулдаг. Охин нь бараг ирдэггүй ч хоёр хүүхдийн төлбөр төлж дэмждэг байсан. Завханд таеквондогийн спортыг хөгжүүлэхэд хамгийн дуртай байсан нь би. Гэхдээ олон хүн дэмжсэний ачаар энэ хүрсэн.
Тухайн үеийн, ер нь үе үеийн цагдаагийн газрын удирдлагууд намайг ийнхүү дэмжиж байсан. Одоо Завхан аймаг олимпын аваргатай, Хөдөлмөрийн баатартай, гавьяат дасгалжуулагчтай боллоо. Тэгэхээр тэртээ 2010, 2011 онд энэ бүхний эхлэлийг бий болгосон хүмүүс цагдаагийн газрынхан маань байх нь ээ. Хамт олондоо, цагдаагийн газрынхаа үе үеийн алба хаагч нарт баярлалаа. Дашрамд хэлэхэд, та нарт маань ч гэсэн энэ спортоор хичээллэх эрүүл мэнддээ анхаарах, амжилт гаргах зөндөө боломж байгаа шүү. Алба хаагчдад хамгийн ойр хэрэгцээтэй спорт.
Манай цагдаа чинь бас л хүнд хүчир ажил шүү дээ. Энэ ажлын хажуугаар олон жил бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийж, шавь нараа бэлтгэж ирсэн. Ер нь клуб ажиллуулж, спортоор хичээллэх нь битгий хэл дангаар нь хийгээд явахад бас л ачаалалтай ажил шүү дээ. Гэхдээ хувь хүн хэрхэн хүлээж авахаас л шалтгаална. Ажил болгон өөрийн асуудалтай. Цагдаагийн ажил маань хэцүү ч гэсэн яах аргагүй сайхан алба байхгүй юу. Би 14 жил цагдаагийн байгууллагад ажиллахдаа баяр наадмаар гэрийнхэнтэйгээ баярласан жил байхгүй. Бүх л цагдаагийн алба хаагч ийм байж үзсэн, байдаг. Тэглээ гээд харамсдаггүй. Энэ жил анх удаа Цагаан сараар гэртээ байж үзлээ. Битүүнээс эхлээд шинийн гурван хүртэл гэртээ байсан. Харин ч баяр ёслолыг далимдуулаад нийгэмд үүсдэг муу зүйлээс сэргийлж, баяраа тэмдэглэж буй иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ ухамсартайгаар биелүүлж буйдаа талархалтай ханддаг.
Ер нь ийм ажлын хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг чинь хүний сонголтын л асуудал. Би ачаалал ихтэй, ажилтай, амжихгүй гэдэг хоногийн 24 цаг хүрэлцэхгүй. Харин тэдэн цагт нь ажлаа, бэлтгэлээ, амралтаа гээд төлөвлөж чадвал надад бэлтгэл хийх 4-6 цаг олдож л таараа. Орон нутагт ямар ч түгжрэл байхгүй. Би жижүүрт хоноогүй л бол өглөөний 06:00-08:00 цагт намайг дуудах магадлал тун бага шүү дээ. Хүүхдүүд маань ч хэрэв өглөө эрт босож чадах юм бол бэлтгэл хийх цаг боломж байдгийг ойлгоосой гэж боддог доо.
-“Цэцэн шонхор” клуб хэрхэн өргөжиж байна вэ. Клубээ яагаад ингэж нэрлэсэн юм бэ?
-Цэцэн шонхор клубээ 2010 онд байгуулж байлаа. Анх “Цэцэн” гэдэг нэртэй байсан. Цэцэн, мэргэн гэсэн утгаар, нөгөө талаар санскрит хэлний Буд гэдэг үгийг монгол руу хөрвүүлэхэд цэцэн гэсэн утгыг илтгэдгийг бодож ийнхүү нэрлэж байсан юм. Ингээд цагдаагийн газрын дэргэдэх клуб болж монголын цагдаагийн бэлгэдэл шонхор шувууныхаа нэрийг залган клубээ нэрлэсэн. Шонхор шувуу бол монголчуудын шүтээн. Бас хуурай газар дээр амьдарч байгаа хамгийн хурдан шувуу шүү дээ. Их сайхан бэлгэдэлтэй нэр гэж боддог. Дөнгөж 20 хэдхэн настайгаасаа эхлээд л клубээ байгуулаад “таеквондо, таеквондо” гээд гүйсэн. Хувь заяагаар надад дандаа сайн хүүхдүүд, сайн шавь нар таардаг. Мэдээж, би ганцаараа бол энэ спортыг хөгжүүлж чадахгүй. Байгууллага хамт олон, орон нутгийн удирдлага, бодлогын түвшний дэмжлэг нөлөөлж байдаг. Заримдаа дэмжих, дэмжихгүй хүнтэй таарна. Харин сүүлийн жилүүдэд бол үнэхээр сайн дэмждэг удирдлага таарсан. Шавь нар маань ч багшийгаа залгаж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Бямбаагийн Отгонцэцэг гээд дэлхийн аварга шавь маань клубтээ ажиллаж байна.
Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай Бямбасүрэнгийн Нэргүй гэдэг шавь маань Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллангаа клубээ байгуулчихсан явж байна. Хамтдаа энэ спортыг хөгжүүлж байгаа шавь нартаа хайртай. Гуч гаруй жилийн өмнө таеквондогийн спортыг Монголд хөгжүүлж байсан анхдагчид, ахмад үе, тамирчид, идэвх зүтгэл гаргасан хүмүүс, тэр шинэ спортоор хичээллэхийг хүссэн хүүхдүүдээ дэмжсэн ээж аавуудад хүртэл баярлах сэтгэл төрж байгаа байхгүй юу. Тэр цагт таеквондо гээд давхиад байгаа хүүхдээ хичээлээ хий гэж загнаад явуулахгүй байсан бол нөгөө спорт маань энд хүртэл хөгжөө ч үү, үгүй ч үү. Би энэ спортод дурлаж Завхандаа таеквондог хөгжүүлнэ гэдэг зорилго өвөрлөөд нутаг руугаа яваа ч уу, үгүй ч үү. Тэгэхээр их л олон хүнд баярлалаа гэж хэлмээр байдаг. Тэмцээн дээр надад ялагдаж урам өгсөн тэр тамирчнаас эхлээд дэвжээ дээр намайг зодсон хүнд хүртэл баярлалаа гэж хэлмээр байдаг юм.
-Танайд бяцхан таеквондочид хэр олон байна вэ?
-Ер нь зургаагаас дээш насны хүүхэд авбал тун зүгээр байдаг л даа. Гэхдээ манайд таван настнууд бий. Саяхан шагнал авах үеэр болсон нэг хөгжилтэй явдал ярья. Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа үйл явдал айхтар нарийн ёс журмын дагуу болж байгаа байхгүй юу. Ёслолын дүрэм, журам танилцуулаад, энд зөвхөн ЕТГ-ын зурагчин байна, шагнал гардуулсны дараа ингэнэ, тэгнэ гээд л. Тэгээд таеквондогийн хувцсаа өмсчихсөн шавь нар руугаа хартал нэг таван наст маань наашаа гүйх гээд байгаа нь мэдрэгдээд байлаа. Гэтэл нөгөөх маань яг л гүйчихсэн дээ. Ерөнхийлөгчийн урдуур гүйж ирээд миний өвөр дээр сууж байгаад л ёслолын ажиллагааг өндөрлүүлсэн. Ийм л хөөрхөн хүмүүст таеквондо заадаг даа. Таеквондо зааж эхэлсэн цагаас тоолбол 10-аад мянган хүүхэд, залууст энэ спортын тухай ойлголтыг өгчээ. Манай Завхан аймаг 24 сумтай, сум бүрдээ багштай болохыг хүсэж зорьж байна. Одоогоор Алдархаан, Цагаанхайрхан, Отгон, Тосонцэнгэл суманд таеквондогийн спорт багштай, тогтмол үйл ажиллагаатайгаар хөгжиж байна. Тосонцэнгэл сумын багш нь мөн манай цагдаагийн алба хаагч байдаг.
НАДААС ИЛҮҮ АМЖИЛТАД ХҮРЭХ ШАВЬ НАР БИЙ. ТЭДЭНДЭЭ ИТГЭЖ ЯВДАГ
Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
-Тантай 10 жилийн өмнө ярилцаж байхад хийх зүйл, зорьсон юм их байна. Шантарч болохгүй гэж хэлж байсан. Одоо харахад ямар байна вэ. Тэр үед санаж зорьж явсандаа хүрсэн байна уу?
-Тийм, тийм. 2015 онд гэдэг чинь анх удаа шавиа дагуулаад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байсан он жилүүд болж таарч байна. Анх удаа дэлхийн аварга шавьтай болж байсан үе. Тэрнээс өмнө бол ганцаараа л зүтгэдэг байж. Арван жилийн дараа 2025 оны ДАШТ-д Завхан аймгаас тавуулаа явсан. Ганцаар явж байсан бол таван хүн явдаг болжээ. Бас хөөрхөн. Ажил юм хойно алдана, ононо. Зөв байна, буруу байна. Аль зөв, сайн үр дүн дагуулна гэснээ л хийгээд явж байна даа. Насанд хүрсэн шавь нар маань өөрсдийн арга барил, сургалтын тактикаа баримтлаад байгаа газартаа энэ спортоо хөгжүүлээд, түгээгээд явж байгаасай гэж боддог. Энэ маань ч хэрэгжээд явж байна. Надаас илүү амжилтад хүрэх шавь нар бий. Тэдэндээ итгэж явдаг. Завхан аймагт таеквондог хөгжүүлэх миний хүсэл зорилго үргэлж хэвээр. Хэрэв хөгжлийн дээд цэгт хүрэх бол хоёр, гурав дахь үеийн шавь нар хийх байх. 2010, 2011 онд хичээллэх эхэлсэн хүүхдүүд бол миний анхны шавь нар. Одоо ээжүүд болоод эхэлсэн. Хүүхдүүд нь намайг эмээ гэж дуудаж байна шүү дээ, бараг. /инээв.сур/ Багшийн тухай хэлэхэд, зааж чадахгүй багш гэж байна уу гэхээс сурч чадахгүй хүүхэд гэж байдаггүй болов уу гэж боддог.
-Шавь нар нь багшилж байгааг, цагдаа болсныг хараад энийг л нэг хэлээд өгчих юм сан, ингээсэй, үүнийг тэгж хийгээсэй гэдэг бодол байдаг л байх даа.
-Байлгүй яах вэ. Байнга хажууд нь байж хэлж зөвлөж чадахгүй байгаа шүү дээ. Багш дасгалжуулагч хүнд чинь сэтгэл зүйчийн мэдлэг заавал ч үгүй хэрэг болдог. Тиймээс тэр тал дээр битгий алдаасай эсвэл ямар нэгэн шийдвэр гаргахдаа асуугаад зөвлөдөг байгаасай гэж боддог. Мэдээж, би алдаж, онож л байсан байж таарна шүү дээ. Тэгэхээр миний гаргасан алдааг битгий давтаасай гэж бодож явдаг юм. Бусдаар бол манай шавь нар өөр өөрийнхөө замаар бэлтгэл сургуулилтаа хийгээд, түмэнд хэрэгтэй ажил хийгээд явж байвал тун сайн.
Шавь нар цагдаа болно гэхээр нь хүнд ажил шүү гээд дургүй байдаг ч цагдаа болчихсон хүрээд ирэхэд нь үнэхээр их баярладаг. Хөөрхөн сонсогч болчихсон дадлага хийгээд л дадлагынхаа хуудаст гарын үсэг зуруулах гэж ирэхийг нь харах бүр хоолой зангирмаар шүү. Олон шавь минь цагдаагийн алба хаагч болчихжээ.
-Ганцаарчилсан төрлийн тамирчдын тухай уншиж эсвэл ярилцаж байхад өөртэйгөө ажиллаж, дотроо бодож бясалгасаар байгаад ганцаардаж сурсан мэт санагддаг. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Нэг ийм үг байдаг шүү дээ. Ганцаардаад сурчих юм бол амар гэсэн утгатай. Гунигтай, хатуу ч юм шиг. Ер нь ч тэгээд энийг би л хийнэ шүү дээ, миний л ачаа, миний сонголт гэдгээ ойлгоод, түүнийгээ даван туулаад түүгээрээ ханиа хийгээд явчихвал илүү амар байдаг юм. Гэхдээ хүүхэд болгон, хүн бүр ингэхэд амар биш л дээ. Ялангуяа эмэгтэй хүн. Зарим нь нөгөө шаналал, бухимдлаа найзууддаа яриад инээгээд, уйлаад тайлчихдаг байх.
Харин хоёр ажил зэрэг хийж байгаа хүнд чинь “эмороод” явж байх зав цаг байхгүй шүү дээ. Урдах ажлаа хийх хэрэгтэй. Би шантарчих юм бол ажил, нөгөө таеквондогийн спортыг хөгжүүлэх зорилгыг чинь хэн хийж, хэн биелүүлэх билээ дээ. Багш шигээ багш болно гээд бодож байгаа хүүхдүүдэд яаж харагдаж, яаж нөлөөлөх билээ. Тэгэхээр яагаад ч шантарч болохгүй, больж болохгүй гэж боддог.
Хүн л юм чинь бас алдсан зүйл бий. Ганцаараа шийдвэр гаргахаар чинь тэгнэ шүү дээ. Одоо гэхдээ алдах нь гайгүй байх аа. Шавь нар маань том болсон учир хэлэлцэнэ, ярилцана, ажлын төлөө заримдаа муудалцана, бөөн юм болно шүү дээ. Энэ тал дээр нээлттэй ярилцаад, хүүхдүүдтэйгээ хэлэлцээд шийдвэрүүд гаргадаг болчихвол илүү сайн үр дүн гарна. Ер нь хүн амьдралд бууж өгөх боломж угаас байхгүй. Амьдрал хөөрхөн цэцэрлэг биш шүү дээ. Хүмүүс зөндөө л шантардаг, больдог, шалтгаан тоочдог. Гэхдээ хэн ч, юунд ч битгий шантраасай.
ЯМАР Ч СПОРТООР ХИЧЭЭЛЛЭСЭН САХИЛГА БАТЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ БАЙЖ Л АМЖИЛТАД ХҮРДЭГ
Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
-Таеквондогийн спортыг хүлээж авах нийтийн хандлага, үнэлэмж өөрчлөгдөж байна уу?
-Таеквондо бол тулааны урлагийн хамгийн сайхан, гоё, гоо зүйтэй спорт. Монгол Улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа нь ч гэсэн нэг нөлөөлөл гэж бодож байгаа. Хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн. Ер нь таеквондо гэдэг ялгаагүй спорт юм байна гэдэг ойлголт нэгэнт тогтсон. Бас хүний эрхийг тэгш хангадаг сайхан спорт. Тиймдээ ч бид Паралимпын аваргатай, мөнгөн медальтантай болсон. Энэ утгаараа нийгэмд өөрчлөлт авч ирсэн. Үүнийгээ орон нутагт илүү сайн мэдрээсэй, хийгээсэй. Нөгөө талаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүний тухайд яривал хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр зөндөө хөтөлбөр төлөвлөгөө байдаг. Түүний биелэлтийг хангахын төлөө ажил, үйл ажиллагаа зохион байгуулаад явдаг. Гэхдээ бид илүү сайн иргэдэд өөрсдөд нь ойлгуулах хэрэгтэй санагддаг, зарим үед. Олипмын төрлөөс медаль авна болно гэдэг бол яахын аргагүй хөгжилд хоёр, гурван алхам нэмж байгаа үйл явдал. Манай паралимпын тамирчид улсдаа төдийгүй дэлхийн түвшинд байгааг харуулсаар байна.
Спорт гэдэг бол зөвхөн олимп биш. Олимпод ордоггүй олон спорт байдаг. Тэрхүү төрлүүд мөн адилхан цаг минуттай, хүч хөдөлмөртэй бас л хүнээс сэтгэл зүйгээс эхлээд тамирчны бүхий л чадварыг шаардаж байдаг юм шүү дээ. Тийм учраас спортыг битгий ялгаасай гэж хүсдэг.
Тухайлбал, таеквондогийн спортоос хүн мэндлэх, хүндлэх ёс буюу харилцааны чадварыг олно, тогтмол бэлтгэл эрүүл мэндэд тустай, хамтдаа давтаад байна гэдэг чинь найз нөхөдтэй болно, бие биедээ зааж зөвлөдөг, тусалж дэмждэг болно гэх мэт олон сайн сайхан тал бий. Бүр илүү хичээгээд суралцвал бүсний зэрэг цолоо ахиулаад явна. Сурсан зүйлээ зөвхөн дэвжээ дээр ашиглана. Буруу зүйлд ашиглахгүй гээд тангарагладаг таеквондогийн тангараг гэж бий. Ер нь ямар ч спортыг нийгэмд хүргэж, түгээж л байх юм бол эрүүл мэнд, сахилга батыг бий болгож чадна. Ямар ч спортоор хичээллэсэн сахилга батыг л нэгдүгээрт тавьж байж амжилтад хүрдэг.
-Удахгүй УАШТ болно. Завхан аймгаас хэдэн тамирчин оролцохоор бэлтгэж байгаа вэ. Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Алдархаан, Отгон сумын болон аймгийн төвд хичээллэдэг 81 хүүхэд Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тэдний ард дахиад ч олон хүүхэд байгаа шүү дээ, энэ удаагийн тэмцээнд л ирэхгүй болохоос. Хүнд нэг ямар нэг юмны тэнгэр гэж байдаг бол би шавийн тэнгэртэй гэж боддог. Дандаа сайн хүүхдүүдтэй таардаг. Шавь нартаа баярлаж явдаг. Одоо намайг эзгүйд ч хүүхдүүд маань бэлтгэлээ хийж байгаа. Үнэхээр сайн, хариуцлагатай. Эндээс хараад л одоо ингэ, тэг гээд заавар зөвлөгөөгөө өгөөд явж байна. Надад нэг сул тал бий. Шавь нарыгаа хожигдоход нь хүлээн зөвшөөрч чадахгүй, хожигдуулахгүй байхын төлөө бүх зүйлээ гаргадаг. Ингээд бодоод байхад хүн бас хожигдох эрхтэй ч шиг байгаа юм. Тэмцээнд заавал хожихоосоо илүү оролцох нь бас чухал. Оролцох гэдэг чинь огт оролцохгүй хүний хажууд амжилт шүү дээ.
Ингэж бодсон ч хожигдвол хэцүү л дээ. Үнэхээр яавал хожихыг, яавал илүү сайн байхыг нь би мэдэж байгаа учраас хожигдог, хожигдог гээд дуугүй орхиж чаддаггүй. Ер нь хожигдох эрхтэй. Тулааны урлагийн дэвжээ дээр гарсан хоёр хүний нэг нь л хожно. Гэхдээ хожих боломж үргэлж байдаг. Хожигдох эрх ч байгаа. Гэхдээ жаахан гунигтай.
Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
-Та ямар ч спортоор хичээллэсэн сахилга батыг л нэгдүгээрт тавьж байж амжилтад хүрнэ гэсэн. Тэгэхээр тамирчин болохоор хичээж буй хүмүүст, хүүхдээ бэлтгэж байгаа эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Аливаа спорт цаг хугацаатай. Өөрийн мэддэгээр таеквондо дээрээ тулгуурлаад ярья. Хүүхдүүд бол нэг минут 30 секунд, насанд хүрэгчдэд хоёр минутын хугацаа байна гэдэг цаг хугацааны мэдрэмж маш чухал. Дээрээс нь насны ангиллаараа жингийн ялгаатай. Тэгэхээр зөвхөн таеквондо гэлтгүй ямар ч спортоор хичээллэж байгаа хүүхдийн эцэг эхчүүд цагийн баримжаа, цаг баримтлах гэдэг зүйл сахилга батын хамгийн эхний зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй байдаг. Ялангуяа цаг барих гэдэгт үнэхээр ач холбогдол өгөх хэрэгтэй. Онц чухал, хүндэтгэх шалтгаангүй бол бэлтгэлээс нь чөлөө авахгүй, таслуулахгүй байвал тун сайн. Ер нь нэг хүүхэд бэлтгэлдээ ирээгүйгээс болж тухайн өдрийн бэлтгэлийн төлөвлөгөө тэр чигтээ өөрчлөгддөг байхгүй юу. Суралцагчид хоёр хоёроороо хамтрагч болж дасгал, бэлтгэлээ хийнэ. Гэтэл нэг нь ирэхгүй болохоор яах билээ. Харин хоёр, гурван жил хичээллэчихсэн хүүхэдтэй ээж аавууд бол аль хэдийн сэтгэл зүйч, хоол зүйч болчихсон байдаг юм.
Тамирчин дэвжээ дээр өөрийнхөө зөвхөн өөрийн нэрээр гардаггүй шүү дээ. С.Будхүү тэмцээнд ороод хожигдоод гарлаа гэхэд Завханы Будхүү хожигдлоо л гэнэ, монголдоо бол. Олон улсад бол Монгол Улс хожигдлоо л гэж ойлгоно. Сайн, муу аль ч нэрийг тамирчин ганц өөрөө үүрэхгүй.
Аливаа хүн одоо байгаа түвшнийг дээшлүүлэх л гэж хөдөлмөрлөж, амьдарч байгаа шүү дээ. Спортоор хичээллэж буй тамирчин ч мөн адил. Ялагдах эрхтэй гэж хожигдоод, өглөө босмооргүй санагдвал бэлтгэлээ таслаад байж болохгүй. Эцэст нь өөрийгөө ялах л гэж спортоор хичээллэж байгаа шүү дээ. Би ч намайг зориод ирсэн хүүхдийг, хүүхдээ надад шавь болгосон эцэг эхчүүдийн зорилгыг бодож шавь нараа спортын од болон гялалзаасай л гэж хүсэж, хичээж байгаа.
Багш хүн шавь нарыгаа сайн нь байгаасай гээд байнга мөрөөдөж тэрний төлөө хичээнэ, хичээллэнэ. Ганцхан шавь нараа ч бус спортын бүхий л төрөлд яваа монголын тамирчдыг сайн, шилдэг нь байгаасай гэж боддог. Үнэхээр хичээх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Жишээлбэл, хаа байсан Завханд бид нар болж бүтээд байна шүү дээ. Тэгэхээр монголчууд бусад төрлийн спортод ч гэсэн сүрхий. Тэгэхээр тэдгээртээ анхаарлаа хандуулаад хэн хэн нь тууштай байх хэрэгтэй болов уу. Магадгүй, бидний эхэлж байсан 20, 30 жилийн өмнөхтэй харьцуулахад үр дүн, амжилт, боломж байдаг гэдэг нь харагдаж байна шүү дээ.
СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД ЗОЛИОС ГАРГАХ УУ, БАЙХ УУ ГЭЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА ХҮН БАЙВАЛ ТЭГ ЭЭ, ЗОЛИОСОЛ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА
Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.
-Та шавь нарыгаа бэлдэхийн хажуугаар өөрөө бэлтгэлээ хангаад тэмцээнд оролцсоор иржээ. Энэ жил өөрөө дэвжээнд гарах төлөвлөгөө байгаа юу? Мөн өнгөрсөн хугацаанд үзүүлсэн амжилтынхаа тухай яривал?
-Энэ жил хоёр тэмцээнд орно гэж төлөвлөж байна. Хамгийн сайн техниктэй шавь нартайгаа бэлтгэлээ хийдэг. Одоо хамгийн сайн техниктэй шавь нар гэхээр 11-13 насны хүүхдүүд болж таарч байна шүү дээ. Үнэхээр мэдрэмжтэй шүү, манай шавь нар. Гэхдээ намайг хэзээ ч чанга цохидоггүй хүрээд, мэдрээд, ийшээ тийшээ гээд л тулалдаж байгаа юм. Би ч өрсөлдөгчөө өөрийнхөө жингээр өшиглөхгүй байх вий гэж бас санаа зовно оо. Үүнд нь ч анхаарна. Хотод ирээд долоо хоночихлоо. Шавь нараа санаж байна шүү. Өдөр бүр уулзаад, хамтдаа бэлтгэлээ хийгээд нэгэн гэр бүл болчхож байгаа юм. Бие биеийгээ хол явахаар санана бас чухал өдрүүдээ тэмдэглэнэ. Их хөөрхөн шүү.
Олимпын аваргатай болсон өдрөө талбай дээрээ гарч олон нийтэд зориулсан үйл ажиллагаа хийнэ. Гуравдугаар сарын 8, 18-нд охид, хөвгүүдээ баярлуулна. Монголын нууц товчоогоор АХА тэмцээн хийнэ гээд л олон үйл ажиллагаатай. Дотогш, гадагшаа тэмцээнд явдаг учир бид түүхээ мэддэг байх учиртай учраас үүнийг хийдэг. Аль болох хүүхэд, залууст зөв үлгэр дуурайлал, эерэг нөлөө үзүүлэх зүйл хийхийг хичээдэг.
Аав ээжийн хариуцлагаас шалтгаалж хүүхдийн төлөвшил гарч ирж байгаа юм л даа. Зөв хандлага, хүмүүжилтэй, буруу төлөвшиж байгаа хүүхдүүд аль аль нь нийгэмд байна. Тэднийг салгаж ойлгох боломжгүй нэг нийгэмд хамт амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр сайн зүйлийг яаж илүү тод болгож, нөлөөлөгч байлгах вэ гэдэгт анхаарахыг хүсдэг. Миний амжилт гэвэл, 2015 онд дэлхийн аварга болж байж. Өнгөрсөн 2025 онд бас дэлхийн аварга болсон. ДАШТ-ээс нэлээн хэдэн мөнгө, ганц хоёр хүрэл медальтай. Хүрэл эсвэл мөнгөн медаль авах бүрдээ л Төрийн далбаагаа голд нь мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж чадсангүй дээ гэсэн бодол буцалж байдаг. Тэгээд дараа нь шавь нар маань л тэнд хүрээсэй гэж хүсдэг. Таеквондогийн спорт бас хамт олны минь буян. Хүн чинь хамт олон сайтай байхаар гоё эрчим хүч аваад аз жаргалтай яваад байдаг шүү дээ. Манай таеквондогийн хамт олон их сайхан том гэр бүл байдаг юм. Өнгөрсөн жил тавдугаар сарын 1-3-ны хооронд УАШТ болоод тэр үеэр нь миний төрсөн өдөр болоод заалаар нэг тэмдэглэсэн. Энэ жил бас тэгж таарах нь. Төрсөн өдрөө хүлээгээд байна уу, тэмцээнээ юү гэж хөгжилдөөд л байна.
-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Хувийн амьдрал уу, таеквондо юу?
-Аль аль нь?
-Би их тайван амьдралтай хүн. Энэ чигээрээ тайван л байна байх. Ер нь тайван байх дуртай. Спортын тухайд гэвэл мэдээж энэ ажлаа хийсээр л байна. Илүү сайн хийнэ гэж бодож байгаа. Найзууд маань намайг ямар завгүй байдгийг сая ойлгосон байх. Би арван жилийнхэнтэйгээ бараг уулздаггүй байлаа. Их зантайдаа биш ерөөсөө завгүй л байгаад байсан. Тэгээд саяхан найз нь ингээд завгүй байсан шүү гэсэн чинь харин тийм байна. Одоо ойлголоо. Чи нээрээ завгүй байсан юм байна гэсэн. Ажил, ажил тэгээд бэлтгэл. Ингээд гэртээ ирэхэд тун бага цаг үлдсэн байна. Дандаа гэртээ ирж хоолоо иддэг юм. Манай аймаг усан бассейнтай. Бассейнд яваад бараг сэлж сурч байна. Илүү сайжирна байх аа. Тэгээд жаахан зав гарах юм бол ном уншина. Шинэ сонирхол гэж хэлж болно.
-Завханаасаа шилжье, өөр газарт ажиллаж амьдаръя гэж боддог уу?
-2020, 2021 онд ковидын үеэр орон нутгийн хэсгийн байцаагч нарыг хотод авчирч орон тоо хомс байгаа газруудад ажиллуулж байсан юм. Тэгэхэд энд зургаан сар ажиллаж үзсэн. Хүнд хэцүү байгаагүй. Хот газар ажиллах амьдрах гоё байсан. Адаглаад л шинэ киноны нээлтийг шуудхан очоод үзчихнэ шүү дээ. Орон нутагт ажиллахад асуудалтай зүйл бий. Цахилгаан тасарна. Жаахан цаг гараад нэг аяга кофе ууя гээд гудамжаар өгсөнө. Нээх, нээхгүй нь ч байна гэх мэтээс эхлээд янз бүрийн юм байдаг л даа. Гэхдээ би чинь Завханд таеквондог хөгжүүлнэ гээд оччихсон хүн. Нэгдүгээрт, энэ зорилго байна. Хоёрдугаарт, би байхгүй бол шавь нарыг минь хэн бэлтгэх вэ. Би чинь шавь нартаа их хайртай. Олон хүүхэдтэй ээж шиг л байдаг юм.
-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?
-Шавь нартаа баярлалаа. Шавь болоод ирж байсан хүн бүрд, хүүхэд болгонд, тэдний ээж аавуудад баярлалаа. Мэдээж би бэлтгэл дээр дандаа сайхан ааштай, бурхан шиг байна гэж байхгүй шүү дээ. Бухимдана, хоцорч ирсэн бол загнана. Гэхдээ эдгээрийн цаад санаа нь түүний амжилтын төлөө л байсан гэсэн үг. Бэлтгэлдээ хоцроогүй бол, бүхэлд нь таслаагүй бол чамд ирээдүй харагдаад байсан учраас л багш нь бухимдсан юм шүү гэж хэлмээр санагдаж байна. Мөн Таеквондо гэдэг ойлголт нэг их байхгүй байхад намайг ойлгож дэмжиж, хүлээн зөвшөөрсөн аав ээждээ их баярладаг. Олон ч чухал тохиолдолд таеквондогоо сонгосон. Гэр бүлийнхэн маань хүлээн зөвшөөрч, аав ээж минь үргэлж дэмжиж байсан учраас харамсдаггүй. Ээж минь тэг ээ, миний хүү гээд хүлээн зөвшөөрдөг.
Гавьяат дасгалжуулагч болсны дараа ээж бид хоёр жаахан уйлсан. Их цаг зарцууллаа шүү гээд. Гэхдээ 20 гаруй жил зарим тохиолдолд бага ч байж болох юм даа. Шавь нартайгаа таарсан хувь тавиландаа маш их баярлаж байна. Ямар нэгэн спортоор хичээллээд ямар нэгэн золиос гаргах уу, байх уу гээд эргэлзэж байгаа хүн байвал тэг ээ, золиосол гэж хэлмээр байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.