“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын ес дэх дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын ес дэх дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо гэж мягмар гараг /2026.04.07/-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн. Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг авч буй гэж салбарын сайд Ц.Сандаг-Очир мэдэгджээ.

Тодруулбал, тухайн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Мөн төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгосон байна.

Дээрх шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзах үеэрээ танилцуулсан юм.

“НОГООН” ҮЙЛ ЯВДАЛ

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 15 дугаар бага хурал (CMS COP15) Бразил Улсын Кампо Гранде хотод өнгөрсөн гуравдугаар сарын 23–29-ний өдрүүдэд болжээ. Энэ удаагийн хурлын онцлох үр дүнгийн нэг нь Монгол Улсаас нэр дэвшсэн судлаачид конвенцын шинжлэх ухааны бүтэц дэх чухал албан тушаалд сонгогдсон явдал байлаа.

Монгол Улсын судлаачид “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц”-ын Шинжлэх ухааны зөвлөлийн хуралдааны хорооны Азийн бүсийн төлөөллөөр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар, Хуурай газрын хөхтөн амьтны асуудал хариуцсан зөвлөхөөр ХБНГУ-ын Сенкенбергийн байгалийн нөөцийн нийгэмлэгийн судлаач, доктор Д.Нандинцэцэг сонгогджээ.

Энэхүү бага хуралд дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон байна. Хурлаар нүүдлийн амьтдын хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийт нүүдлийн зүйлүүдийн 49 хувь нь буурч, 24 хувь нь устах аюулд орсныг онцлон тэмдэглэжээ. Харин олон улсын хамтын ажиллагааны үр дүнд зарим зүйл, тухайлбал бөхөнгийн хамгааллын байдал сайжирсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан байна.

Бага хурлын төлөөлөгчид 50 гаруй шийдвэр баталж, 40 гаруй зүйл, дэд зүйл, популяцийг конвенцын хавсралтад шинээр бүртгэж, нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх “Нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх санаачилга”-ыг эхлүүлсэн байна.

“НОГООН” БҮТЭЭЛ

“Сумын түвшинд хог хаягдлаа зохицуулах зохистой тогтолцоог хэрхэн бий болгох вэ? буюу сумын хог хаягдлын менежментийг сайжруулах жишиг гарын авлагыг онцолж байна. Энэхүү гарын авлагыг “Эко сум” ТББ-аас орон нутагт хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бодит загвар, шийдэл, зөвлөмж, байгаль орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд туслах зорилгоор боловсруулжээ.

Сумын хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх аргачлал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй тусгасан байна. Мөн орон нутгийн удирдлага, холбогдох байгууллага, иргэдийн оролцоог хангах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн практик зөвлөмжүүдийг нийтэлжээ. 

Экосум ТББ нь 2018 оноос Азийн сангийн анхны болоод шинэчилсэн дэмжлэгтэйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хог хаягдал зохицуулах зохистой тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү гарын авлагыг өөрийн байгууллагын ажил, туршлагад үндэслэн бичсэн сумынхаа хог хаягдал зохицуулалтыг сайжруулах хүсэлтэй бүх оролцогчдод зориулан гаргасан ажээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim9_2 “Өвлийн Хэрлэн”  

Хэнтийн нуруунаас эх авч Дорнод Монголын уудам талаар 1000 км гаруй урссаар хил давж Хөлөн нуурт цутгадаг Хэрлэн голын өвөл цагийн төрх энэхүү зурагт харагдаж байна. Голын цаана бүдэгхэн үзэгдэж буй байгууламж бол Хэрлэний застав юм.

Ийнхүү Далай нуурт хүрсэн Хэрлэн гол Амар мөрний нэгэн эх болж ОХУ, БНХАУ-ын нутгаар дамжин Агнуурын тэнгисээр Японы арлуудын хойд хэсэгт Номхон далайд цутгадаг.  Харин Хэрлэн голд том, жижиг 37 гол, горхи цутгадаг бөгөөд голын усны тэжээлийн 58-64 хувь нь хур борооны ус, 28-34 хувь нь ул хөрсний ус, 8-11 хувийг хайлсан цасны ус эзэлдэг байна.

Хэрлэн гол дагуу ус, цаг уурын харуулууд байрлаж ажиглалт, хэмжилтийг тогтмол хийж ирсэн. Харуулуудын мэдээлэлд тулгуурлан олон жилийн дундаж урсцыг тодорхойлоход Багануур дүүрэг орчимд хамгийн их буюу 23.5 м3/секунд, Чингис хот орчимд 21.4 м3/секунд, Чойбалсан хот орчимд 19.4 м3/секунд, БНХАУ-ын Алтан-Эмээл хот орчимд 14.2 м3/секунд гэсэн тооцоо гаргасан байдаг ажээ.

Ус бол амьтай бүхнийг тэтгэгч амьдралын эх юм.  

“НОГООН” ДЭЛХИЙ

Английн Бедфордшир мужид 400 жилийн дараа нэгэн минжний гэр бүлийг амжилттай нутагшуулжээ. Тэдний бүл эр, эм хос болон хоёр бяцхан дүдрээс бүрдэж байгаа аж. Евроазийн минжнүүдийг “экосистемийн инженер” хэмээн тодорхойлдог бөгөөд усны далан барих чадвараараа байгаль орчныг сэргээж, ган гачгийн эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж байгаль хамгааллын “Restore” байгууллага мэдэгджээ.

Хоёр жилийн турш нягт нямбай бэлтгэл хийж, тусгайлан байгуулсан хамгаалалттай бүсэд тэдний амьдрах орчныг бүрдүүлсэн байна. Талбайг тохижуулахдаа  хашаатай бүс байгуулж, цөөрөм үүсгэн, бургас тарьж, усны урсгалыг байгалийн хэв шинжид ойртуулахын тулд шуудууг дахин сэргээжээ. Төслийг “Natural England” компани “Beaver Trust”-тэй байгууллагатай хамтран авч хэрэгжүүлсэн аж.

Бигглсвэйд хотын ойролцоох Саутхилл эдлэн гарын эзэн Чарльз Вайтбрэд минж нутагшуулах ажлыг “Урт бөгөөд төвөгтэй аялал” хэмээн тодорхойлоод, шинэ нутагтаа ирээд сэлж буй минжнүүдийг харах нь үнэхээр гайхамшигтай байсан. Энэ хугацаанд бидэнд даван туулж чадах эсэхдээ эргэлзсэн мөчүүд ч байсан. Гэвч өнөөдөр тэднийг байгальд суллаж, чөлөөтэй сэлж буйг харах үнэхээр мартагдашгүй агшин байлаа” гэж ярьсан байна.

Минжнүүдийн барьсан далан нь усны урсгалыг сааруулж, усыг тогтоон барихад тусалдаг учраас үерийн эрсдэлийг байгалийн аргаар сааруулахад хувь нэмрээ оруулах бөгөөд  Английн хамгийн хуурай бүсүүдийн нэг Бедфордширт онцгой ач холбогдолтой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Минжний бүлийг цаашид зөвшөөрөгдсөн нөхцөлийн дагуу байнга ажиглан хянах юм гэж BBC мэдээлжээ.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.04.10-04.20/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.  

 Анхааруулга: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна.

Хур тунадас: 10-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15,16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 хэм, өдөртөө +1...+6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 хэм, өдөртөө +19...+24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 хэм, өдөртөө +13...+18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +7...+12 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 11-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -1...-6 хэм, өдөртөө +7...+12 хэм дулаан байна.