Уран бүтээлч Д.Наранчимэгтэй ярилцлаа.
Санхүү, татварын салбарт ажилладаг ч шүлэг яруу найраг сонирхон уран бүтээл хийж яваа Д.Наранчимэгтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр саяхан “Үүлэн хээ” шүлгийн номоо хэвлүүлжээ.
-Сайн байна уу, Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юү?
-Миний нэр Жавар овогт Дэндэвийн Наранчимэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх. Мэргэжлээрээ олон жил тасралтгүй ажиллаж байна. Арван жилийн сурагч байхад ангийн багш маань нягтлан бодогч мэргэжил гоё, санхүүгийн чиглэлээр сургуульд ороход буруудахгүй гэж зөвлөж байсан юм.
-Хэзээнээс шүлэг, яруу найраг сонирхож бичиж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхдаа л сонирхолтой байсан. Тэр үеийн багш нар хүүхдүүдээ сайн сургаж байсан санагддаг юм. Номын санд карт нээлгэж ном зохиол уншуулна. Оюутан байхдаа хайр сэтгэлийн сэдэвтэй шүлэг, дөрвөн мөртүүд бичдэг байлаа. Бусдаас тас нууна, хэн ч мэдэхгүй. Шүлэг бичих бол миний амьдралын нэг хэсэг. Нягтлан бодогчийн ажил маш завгүй, нэг мэдэхэд л сар, улирал, жилийн тайлан гаргах хугацаа тулчихсан байдаг. Мэдээж ихэнх цагаа үндсэн ажилдаа зарцуулна. Яг шүлэг бичих гэж цаг гаргаж сууна гэж бараг байхгүй дээ. Ажлын завсар хооронд нь гоё гоё мөртүүд орж ирнэ. Түүнийг тэмдэглэж авахгүй бол мартана гэх мэт болно оо. Хүүхэд насны сайхан дурсамжууд, ээж аав, эмээ өвөө, ахан дүүс, төрсөн нутаг усаа санагалзах, сайхан найз нөхөд, хамт олон гээд л амьдралаас л урган гарч буй бүхнээс шүлэг бичих урам зориг авдаг.
-Та “Үүлэн хээ” номынхоо тухай ярьж өгөөч?
-Миний үеэл уран бүтээлч дүү шүлгүүдийг маань сонсоод “гоё шүлэг байна, ном гарга, сайхан дуутай бол гэж зөвлөсөн. Үүнээс өмнө энэ тухай ёстой зүүдлээ ч үгүй явсан. Номдоо эх нутаг, эх орон, ээж аав, элгэн садан, эмээ өвөө, бага нас, балчир үе, найз нөхөд, нандин дурсамжууд гэх мэт ер нь бүх л сэдвийг багтаасан.
-Таны бичсэн “Миний нутаг” шүлэг дуу болсон гэсэн?
-Тийм ээ. Нутгийн хүмүүс нутаг усаа нүдэнд харагдтал сайхан дүрсэлжээ, сайхан бүтээл болжээ гэж урам хайрласан. Гэтэл дуу сонссон Дорноговь, Дорнод, Дундговь, Баянхонгор, Говь Алтай нутгийн хүмүүс баяр хүргэж, яг л манай нутагтай адилхан байна хэмээн хэлж, магтаж, урам өгч байсан. Зарим нь нутгийнхаа зургийг явуулсан. Бүр дуулаад хүртэл илгээсэн байсан, цахимаар.
-Таны шүлэг бичих шалтгаан. Та юу өгүүлэхийг, харуулахыг хүсдэг вэ?
-Байгаль дэлхий тансаг, амьдрал баян, сонин содон гэдгийг, бас үнэнийг харуулахыг хүсдэг. Шүлэг бичихэд бодол тэлнэ, ухаарал хайрлана, сэтгэл уяраана, сэтгэхүй хөгжүүлнэ, бусдыг хүндэтгэх сэтгэл төрдөг дөө.
-Та дахин ном гаргах уу?
-Төлөвлөж байгаа.
Баярлалаа. Амжилт хүсье.
Д.Жавзансүрэн