Монцемент хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад БНСУ-ын компанитай хамтран ажиллана
Монцемент хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад БНСУ-ын компанитай хамтран ажиллана

Монцемент Билдинг Материалс ХХК Бүгд найрамдах Солонгос улсын Карбон стар ХХК /Carbon Star Co.,Ltd/-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монцемент Билдинг Материалс ХХК өнөөдөр /2026.04.03/ Бүгд найрамдах Солонгос улсын Карбон стар ХХК /Carbon Star Co.,Ltd/-тай стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Компаниуд Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурж буй юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжил болон ногоон шилжилтийг эрчимжүүлэх чухал алхам болж байна гэдгийг талууд онцолж байна. Тэд дэвшилтэт, байгальд ээлтэй технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийн үр ашиг болон экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд хэрэгжих арга хэмжээнүүдийн үр дүнд жил бүр 100 мянган тонн болон түүнээс дээш хэмжээний нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон бодит дэмжлэг үзүүлэх юм байна. 

Мөн энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монцемент Билдинг Материалс ХХК олон улсын стандартад нийцсэн ногоон үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг шинэ түвшинд гаргаж, салбартаа инновац, тогтвортой хөгжлийн жишиг тогтоохыг зорьж буй ажээ.