Сар луу зорьсон анхны эмэгтэй нисэгч Кристина Кохын тухай есөн баримт
Сар луу зорьсон анхны эмэгтэй нисэгч Кристина Кохын тухай есөн баримт

НАСА-н сансрын нисгэгч Кристина Кох Олон улсын сансрын станцын Купола ажиглалтын төвд. Эх сурвалж: НАСА

Хүн төрөлхтний төлөөлөл 54 жилийн дараа дахин сарны зүг зорилоо. Лхагва гарагт Орион сансрын хөлөг, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нисэгчдийн багийг тээвэрлэсэн SLS /Space Launch System/ пуужин Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвөөс хөөрсөн. Харин өнөөдөр өглөө Орион сансрын хөлөг дэлхийн тойрог замаас гарч, сарыг чиглэв.   Харин сарны гадаргуу дээр хүн анх хөл тавьснаас хойш 57 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд техник технологийн хөгжил, дэвшил, ололт амжилтыг бататган, 2028 онд хүн төрөлхтөн дахин саран дээр буух зорилгодоо хүрэх замыг судлахаар ийнхүү эх дэлхийгээсээ алсарсан аялалд гарч буй юм.

Сарыг тойрч 10 хоногийн турш аялаад эх дэлхийдээ бууж ирэх зорилготой түүхэн аяллын багт багтсан эмэгтэй нисэгч Кристина Кохын тухай есөн баримтыг хүргэж байна. Сар луу зорьсон хөлгийн багт эмэгтэй нисэгч багтсан нь хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн чадвар, үүрэг оролцоог тодотгосон үйл явдал болж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. 

  1. “Artemis II mission”-д бэлтгэгдсэн багийн ганц эмэгтэй гишүүн бөгөөд сарыг зорьж буй анхны эмэгтэй нисгэгч Кристина Кох судлаач, инженер мэргэжилтэй.

2. Анх 2001 онд НАСА академийн хөтөлбөрт оролцож инженер болсон. Улмаар 2013 онд НАСА-н 21 дэх сансрын нисэгчийн ангид сонгогдож 2015 онд бэлтгэлээ дуусгаж байжээ.

3. Сансарт 328 хоног тасралтгүй ажиллаж байсан, Жессика Мейр нисэгчийн хамт сансрын станцын гадна ажиллаж эвдэрсэн цахилгаан хянагчийг амжилттай сольсон нь эмэгтэй нисэгчдийн түүхэнд нэгэн шинэ үйл явдал болж байсан юм.

koh1_4 Орион сансрын хөлгийн нисэгчдийн баг

4. Тэрбээр сансрын нисэгч болохоос өмнө сансрын шинжлэх ухааны багаж төхөөрөмжийн хөгжүүлэлт болон Антарктид, Арктикийн алслагдсан бүсэд хийдэг шинжлэх ухааны инженерийн ажлыг гүйцэтгэдэг байсан аж.

5. Түүний төрсөн нутаг АНУ-ын Мичиган мужийн Гранд-Рапидс хот. Харин Хойд Каролина мужийн Жексонвилл хотод өсжээ. Бага насандаа Мичиган дахь гэр бүлийн фермдээ очиж зуны амралтаа өнгөрүүлдэг байсан нь түүнийг тэмцэгч, хөдөлмөрч, сорилт бэрхшээлийг даван туулах чадвар, хүсэл эрмэлзлийг суулгасан хэмээн дүгнэдэг ажээ.

6. Нисэгч Кох ахлах сургуулийн боловсролоо Дурам хотын Хойд Каролина шинжлэх ухаан математикийн сургалттай ахлах сургууль, Жексонвилл хотын “Уайт Оак” ахлах сургуулиас олсон.

koh1_1 НАСА-н 59, 60, 61 дүгээр экспедицийн нислэгийн инженер Кристина Кох сансрын станцын гадна ажиллах сансрын хувцас бэлтгэж буй нь. Эх сурвалж: НАСА

7. Хойд Каролина мужийн Рали хот дахь Хойд Каролина их сургуульд оюутан болсон. Цахилгааны инженер болон физикийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, дараа нь цахилгааны инженерийн магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Ганын их сургуульд суралцаж байж. Хожим нь өөрийн төгссөн Хойд Каролина мужийн Их сургуулийнхаа хүндэт доктор болжээ.

8. 2005 онд НАСА-н бүлгийн амжилтын шагнал, Антарктидад “өвөлжсөн” медаль /Энэ шагналыг АНУ-ын цэргийн албан хаагчид болон энгийн иргэдэд 60 дугаар өмнөд өргөргийн доор өвлийн бүтэн улиралд (3-10 дугаар сар хүртэл) алба хаасан тохиолдолд олгодог/, 2009 онд Оны шилдэг бүтээл, 2012 онд НАСА-н бүлгийн амжилтын шагнал, 2020 онд Дэлхийн ATHENA манлайллын шагнал, Сансрын нисэгчийн инженерийн шагнал болон Нийл Армстронгийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

9. Сансрын нисэгч Кох чөлөөт цагаараа програмчлал хийхээс гадна сайн дурын ажил, серфинг, триатлон, йог, явган аялал, хад болон мөсөн авиралт хийх, модон эдлэл урлах, гэрэл зураг авах, аялал явах зэрэгт дуртай гэнэ.

Эх сурвалж: NASA, AFP, Reuturs