З.Алунгуа: Зөвхөн томьёо заах бус сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг багш болно
З.Алунгуа: Зөвхөн томьёо заах бус сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг багш болно

З.Алунгуа: Зөвхөн томьёо заах бус сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг багш болно

Оюутан болж нийслэлд ирээд их хотын болон оюутны амьдралд дасан зохицож, сайн багш болохоор хичээгүйлэн суралцаж буй МУБИС-ийн Математикийн багшийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан З.Алунгуатай ярилцлаа.  

-Сайн байна уу. Өөрийгөө товчхон танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Зоригтбаатарын Алунгуа гэдэг. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Математикийн багшийн ангийн нэгдүгээр курст суралцаж байна. Хэнтий аймгийн  Хан Хэнтий ЕБС-ийг төгссөн. Математикийн багш болох мөрөөдлөө биелүүлж байна.

-Анх оюутан болсон сэтгэгдлээ хуваалцана уу. Хүссэн мэргэжлээрээ суралцах мэдрэмж ямар байна вэ?

-Эхэндээ сонин байсан. Гэхдээ хүссэн сургуульдаа орж чадсан учраас урам зоригтоай байгаа. Өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч байгаа учраас үнэхээр сэтгэл өндөр байдаг.

-Математикийн багшийн мэргэжлийг яагаад сонгов. Шинэ найз нөхөдтэйгөө хэрхэн харилцаж байна вэ?

-Нэгдүгээр ангиасаа эхлээд л математикийн төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор дунд сургуулиа төгссөн. Ээж маань бага боловсролын суурийг маш сайн тавьж өгсөн гэж боддог. Математикт сонирхолтой болход н.Мөнхгэрэл, н.Мөнхнаран, н.Лхагвадорж, н.Болортуяа багш нарын минь нөлөө их бий. Ихэнх цагийг тоо бодож өнгөрүүлдэг, үнэхээр дуртай болохоор математикийн багш мэргэжлийг сонгосон. Анх таарсан оюутан, найз нөхөд, ах эгч нар өөр өөрийн онцлог зан ааштай байсан. Эелдэг, ширүүн гээд л. Ер нь аль болох л бүгдтэй нь эвтэй, найрсаг харилцаа, хандлагатай байхыг хичээж байгаа.

-Суралцаж буй мэргэжлээ хэрхэн харж, дүгнэж байгаа вэ. Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Багш бол нийгэмд маш чухал хүн. Миний бодлоор, мэдлэг түгээгч, шавь нарынхаа гүүр, хөгжлийн түлхүүр, төлөвшүүлэгч гэх мэт маш чухал байр суурийг эзэлдэг. Ирээдүйд би өөрийгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлтэй, зөвхөн томьёо заах бус сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож өгдөг, зөв харилцаа, хандлага, хүмүүжил төлөвшилд сургадаг багш болно гэж боддог. Үүний тулд багш нарынхаа итгэл найдварыг алдахгүйн төлөө бас зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр хичээн суралцаж байгаа.

-Сурагч байхдаа математикийн бодлого бодохоос өөр зүйлд цаг гаргадаг байсан уу?  

-Жил бүр зохион байгуулагддаг төрөлжсөн олимпиадад оролцож өөрийгөө сорьдог байсан. Аймаг, улсын чанартай гар зургийн уралдаануудад амжилттай оролцдог байлаа. Дунд сургуулийнхаа н.Ариунцэцэг багшийн удирдлага дор бийрэн бичлэгийн тиг сурч “Бичиг үсгийн баяр”-т хоёр жил дараалан гуравдугаар байр эзэлж, улсын уралдаанд оролцсон. Мөн “Мөнх тэнгэрийн бичиг” улсын уралдаанд бүтээл илгээж идэвхтэй оролцож ирсэн. Энэ бүхэн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйд чиглүүлсэн гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Д.Жавзансүрэн